Сар шинийн өдрүүдэд хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх, хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар НЭМҮТ, Хоол судлалын алба, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул зөвлөж байна.
-Сар шинийн баярын өдрүүдэд иргэдэд хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ?
Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж буюу ДЭМБ-ийн гаргасан аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд: Нэгдүгээрт цэвэр байлгах. Гарын болон хувийн ариун цэвэр сахих. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэргийг сайтар цэвэрлэх. Бохир гарт 200 сая орчим нян агуулагдаж байдаг. Хоол бэлтгэх болон хийхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдох тохиолдол бүрт гарыг сайтар савандаж угаах ёстой. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ, буузны жигнүүр зэргийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт болгосон болон түүхий хүнсийг тусад нь байлгах. Хүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий хүнс болон тэдгээрийн шүүс болсон буюу шууд хэрэглэх хүнсэнд хүрэхээс хамгаалан тусад нь хадгалах хэрэгтэй. Мөн түүхий мах, ногооны ганбанз модон дээр болсон хүнс хэрчиж бэлтгэхгүй байх. Түүхий бүтээгдэхүүн ганбанз модыг хэрэглэсний дараа халуун усаар, угаагч бодисоор сайтар угаах. Гуравдугаарт хоол хүнсийг гүйцэд чанаж болгох. Мах, махан бүтээгдэхүүн, буузыг тохиромжтой хэмд гүйцэд болгох хэрэгтэй. Тухайлбал буузыг 20-25 минут жигнэж болгох шаардлагатай. Хоол хүнсийг гүйцэд болгосноор бүх аюултай бичил биетнүүд устдаг. Дөрөвдүгээрт хүнс хоолыг зохих хэмд хадгалах. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонезээр амталсан бүтээгдэхүүн зэргийг хөргөгч, хөлдөөгчид хадгалах хэрэгтэй. Зочид, гийчидгүй үед салат зууш зэрийг хөргөгчинд хадгалах. Ууц, өвчүүг аль болох хүйтэн газарт байлгах. Хүйтэн орчинд ихэнх төрлийн өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог. Цагаан сарын өдрүүдээр хоол, зуушийг бага багаар бэлтгэж, удаан хадгалахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тавдугаарт аюулгүй хүнс сонгож хэрэглэх. Хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс худалдаж авах хэрэгтэй. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй нөхцөлд хадгалж байнуу үгүй юу, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг авахгүй байх, мэдрэхүйн үзүүлэлт хэвийн эсэх, бяцарсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэрэгт анхаарах хэрэгтэй.
-Хоолны хордлого ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Хордлого авсан тохиолдолд гүйлгэнэ, суулгана, бөөлжинө, халуурна, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Хордлого авсан тохиолдолд хаана хандах вэ? Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
-Хордлого авсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана. Мөн шингэн сэлбэх уусмал буюу хоросол бэлтгэж өгөх хэрэгтэй. Үүнээс гаднахордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэгт хандаж анхны түргэн тусламж авна.
-Хамгийн их хордлогонд оруулдаг хүнсний бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгнө үү?
-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалж хэрэглэх, дутуу боловсруулах үед хордлого үүсдэг. Үүндсүү цагаан идээ, жимс, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез гэх мэт хүнс ордог. Эдгээр хүнсийг хөргөгчинд 40С-с бага хэмд хадгалах ёстой. Түргэн муудах хүнс ялангуяа өндөг, майонез их орсон хоол, салат, зуушийг тасалгааны хэмд удаан байлгаж хэрэглэснээс хоолны хордлого гардаг. Ер нь болсон хоол хүнсийг тасалгааны хэмд 2-оос илүү цаг хадгалсан бол хэрэглэхгүй байхыг зөвлөе. Мөн нэг дор хэт их идэхгүй байх, хурц амттай халуун ногоо, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн их хэрэглэх нь гэдэс ходоодыг цочроох нөлөө үзүүлнэ. Иймээс өөрсдийн бие махбодийн онцлогт тохируулан ходоод гэдсийг цочроох, хямраах хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Хордлогод орохгүйн тулд юуг анхаарах вэ?
-Хувийн болон хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих, гараа аль болох угаах, айлд ороод гараа угаах боломжгүй бол нойтон салфеткаар арчиж байх, эсвэл гар ариутгагч ашиглах байх хэрэгтэй. Мөн хоолоо тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.