8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Янжинсүрэн: Монгол Улс авлигаас ангижрах удаах алхмаа хийлээ

2017-02-24 12:36:00

Стандартчилал хэмжил зүйн газраас өчигдөр /2017.02.23/ Монгол Улсад Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг Үндэсний стандарт болгон боловсруулж батлав. Энэ стандартын талаар Шадар сайдын Стандартчилал хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хариуцсан зөвлөх доктор С.Янжинсүрэнтэй ярилцлаа.

-Авлигын эсрэг менежментийн стандартыг үндэсний стандарт болгон баталлаа. Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-ISO олон улсын стандартын байгууллагад 163 гишүүн орон байдгийн нэг нь манай улс юм. Манайх 1979 оноос хойш энэ байгууллагын гишүүн байгаа. Тус байгууллага 20 000 гаруй олон улсын стандарт баталснаас Монгол Улс 1000 гаруйг нь үндэсний болгож нэвтрүүлсэн бөгөөд энэ тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж байна. Монгол Улсын стандартын үндэсний зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анх удаа хуралдлаа. Энэ хуралдаанаар долоон стандарт баталсаны нэг нь энэ авлигын эсрэг менежментийн олон улсын стандартыг Монгол Улсын Үндэсний стандарт болгож MNS ISO 37001 нэртэйгээр баталлаа.

-Авлигын эсрэг менежмент гэж  яг ямар стандарт юм бэ. Энэ нь үндэснийх болж өөрчлөгдөн батлагдсанаар авлига гэх асуудалд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монгол Улс 2000-аад оноос авлигатай тууштай тэмцэж ирсэн. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, Авлигын эсрэг хуулийг 2006 оноос мөрдсөн, энэ хууль 10 удаа шинэчлэгдсэн, Авлигатай тэмцэх төр захиргааны байгууллагатай.

Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын төвшинд нэр хүндээ өргөх, улмаар ардчилсан эрхзүйт төр, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийн төр, засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг гол зорилготойг бид мэднэ. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан байдаг. 2014 онд “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” онол, практикийн хурлын үр дүнгээс үзвэл хамгийн их авлигад өртсөн институцээр татварын байгууллагууд, шүүх, хууль хяналтын байгууллагууд мөн улс төрийн нам нэрлэгдсэн байна. Мөн Монгол Улс олон улсын авлигын индексээр 2015 онд 72 дугаар байрт орсон тухай судалгаа бий. Ийм үед олон улсын стандартын байгууллагаас Авлигын эсрэг стандартыг өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур баталсан. Энэ стандартыг тухайн байгууллага гишүүн орнуудаасаа санал авч боловсруулж баталсан, нэг үгээр бол улс орнуудын туршлага, практикт нийцүүлж авлигагүй нийгэм, авлигагүй нийгмийн соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор баталжээ. Энэхүү стандартыг авлигаас ангид байхыг хүссэн аль ч байгууллага, компани сайн дураараа авч хэрэглэж болно. Тус стандартын гол зорилго нь хэрэгжүүлэгч байгууллагууддаа авлигын эсрэг удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай бол түүнийг нь багасгах, улмаар авлигыг арилгах зорилготой юм.

-Манай улсад хууль дүрэм батлагдаад тэр бүр хангалттай хэрэгжихгүй байгаа тал ажиглагддаг. Тэгвэл энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллахаар зохицуулж өгсөн бэ?

- Олон Улсын стандартыг үндэсний болгож баталснаас хойш мөрдөж эхлэх хүртлээ 18 сарын хугацаанд бэлтгэлээ базаадаг журамтай. Энэ хугацаанд бид тус стандартаар мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэнэ,  авлигын эсрэг стандартыг нийтэд таниулж соён гэгээрүүлнэ. Өөрөөр хэлбэл стандартыг хэрэгжүүлэх нийгмийн хөрс сууриа бэлдэнэ гэсэн үг. Мөн түүнчлэн авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлэхийг хүссэн байгууллагуудад зохих журмын дагуу сургалтыг ч явуулах ёстой.

-18 сар гэдэг урт хугацаа биш үү? Бид хэдий чинээ энэ стандартыг эрт хэрэгжүүлж эхэлнэ,  төдий чинээ эрт авилгаас ангижрах шат руу  орохгүй гэж үү?

-Бид олон улсын стандартын гишүүн орны хувьд “стандартаа” барих үүрэгтэй. Стандартын байгууллага стандарт баталсан, бид өөрсдөө стандартаа барихгүй бол өөр хэн барих вэ. 18 сарын хугацаанд үүнийг нутагшуулах юм шүү дээ. Тухайлбал, энэ стандартыг өнөөдөр баталсан байлаа гэхэд Үндэсний зөвлөлөөс зарим санал, шүүмж гарсан, үүнийгээ тусгаад эцсийн байдлаар баримт бичиг болгоход л гэхэд албан ёсоор 10 хоног байдаг. Үүний дараа хэрэв манай хууль эрх зүйн орчинтой нийцэхгүй, манай соёлын хөрстэй таарахгүй зүйл заалт практик дээр гарвал нь засаад, тохируулаад л явна.Ер нь бол стандартын мэргэжлийн үйл ажиллагаа явах хугацаа юм. Тэр хооронд бид практик дээр зөв арга зүйгээр Монголын нийгмийн хөрсөнд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг бэлтгэлээ л хангах ёстой.

-Хамгийн их авлига авдаг хүмүүс нь төрийн албан хаагчид гэсэн ойлголт, хардалт олон нийтийн дунд их байдаг. Хэдийгээр энэ стандарт сайн дураар хэрэгжүүлэх ч төрийн байгууллагаас эхлүүлэх боломж бий юу?

- Стандартчилал хэмжилзүйн газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлаг. Энэ утгаараа авлигын эсрэг чиглэсэн энэ стандартыг олон улсын байгууллага баталсан цагаас эхлэн Шадар сайд У.Хүрэлсүх анхаарал тавьж, улмаар үндэсний стандарт болгох үүргийг өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Стандарт хэмжил зүйн газарт өгсөн. Энэ үүргийн дагуу тус агентлаг богино хугацаанд хүч тавьж ажилласан. Ажлын хэсэг байгуулсан, манай стандартынхан товчдоо бол өдөр шөнөгүй суусан. Энэ хугацаанд Төрийн үйлчилгээний техникийн хороо болон Тохирлын үнэлгээний техникийн хороодоор хэлэлцүүлсэн, төрийн болон төрийн бус найман байгууллагаас санал авч тусган боловсруулсан.

Санал авсан байгууллагад МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн хэлний зөвлөл, “Транспанаси интэрнэшнл Монголиа” зэрэг байгууллагууд багтаж байгаа. Шадар сайд энэ стандартыг хэрэгжүүлэх ажлыг бид өөрсдөөсөө эхэлнэ гэж онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын харьяаны агентлагууд, тэдгээрийн удирдлагууд хэрэгжүүлж эхлэхээр уриалга гаргана гэж төлөвлөсөн байгаа. Түүний дараа бусад төрийн байгууллагуудад, улмаар хувийн хэвшилд санал болгоно.

Нэг үгээр хэлбэл шаталсан байдлаар хэрэгжүүлэх бодлого баримтлах юм. Нэг зүйлийг онцлон хэлэхэд хэдийгээр төрийн алба, төрийн байгууллага авлигад өртсөн гэх хандлага, хардлага их байдаг ч тэр дунд авлигаас гадуур үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хуулиа баримталдаг төрийн албан хаагчид олон бий. Энэ хүмүүсийнхээ нэр төрийг хамгаалах тодорхой механизмтай байх ёстой. Энэ механизмыг бүрдүүлэхийн тулд Авлигын эсрэг энэ стандарт чухал ач холбогдолтой. Тухайлбал, аливаа төрийн байгууллага дээр авлигын стандартыг мөрдөж эхлэхээр ёс зүйн дүрэмтэй болох, ёс зүйн дүрэмдээ авлига авахгүй, өгөхгүй байх заалтыг оруулах гэх мэт. Ингэхээр авлигын үйл ажиллагааг хаасан бодлого бүх шатанд нэвтэрнэ гэж төсөөлж байгаа. Авлига авахгүй, өгөхгүй байх дүрэмтэй хүмүүс түүнийгээ зөр­чихгүй байхыг эрмэлзэнэ гэж найдаж байна. Ер нь авлигаас ангид байгаа, шударга, сайн засаглалыг эрхэмлэгч төрийн албан хаагчдын нэр төр энэ стандартыг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээгээр хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ авлигын эсрэг стандартыг бид яаравчлан ажил хэрэг болгосон юм. 

-Энэ стандарт хэрэгжээд эхлэхээр бид хүссэн хүсээгүй авлига авахгүй, өгөхгүй гэсэн ойлголттой болох нь ээ?

-Байгууллагын удирдлагын зүгээс энэ стандартыг 100 хувь хэрэгжүүлнэ гэвэл тухайн байгууллагын бүх албан хаагчид энэ стандартыг мөрдөнө, хэрэгжүүлнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй авлигаас сэргийлэх маш сайн механизм болно гэж бодож байна.

-Дэлхийн бусад оронд авлигын менежментийг хэрэгжүүлж эхлээгүй байна гэсэн. Стандарт мөрдөхөөс гадна бусад улс орнууд авлигатай хэрхэн тэмцдэг юм бэ?

-Авлигатай тэмцэх тухай асуудал ганцхан Монгол Улсын асуудал биш дэлхийн асуудал. Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум болон бусад байгууллагын судалгаагаар 2.6 орчим триллион ам.доллар авлигад зарцуулагдаж байна гэсэн судалгаа байна. Гэхдээ дэлхийн бараг ихэнх улс авлигатай тэмцэх хууль эрх зүйн зохицуулалттай. Манай улс ч авлигын тухай хуультай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэйг би дээр хэлсэн. АТГ-аас  хөтөлбөрийг сайжруулахаар бүх төрийн байгууллагаас санал аваад явж байна. Энэ нь Монголын төр өөрөө авлига гэх хий үзэгдэлтэй хүчтэй тэмцэж байгаагийн илрэл. Тиймээс бид энэ авлигын эсрэг стандарт нь Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтийн чанарыг дээшлүүлэх том ахиц болно гэж үзэж стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм.

-УИХ-ын гишүүн байсан хоёр ч хүн шалгагдаж байна. АТГ ажлаа сайн хийж байна гэж харах хүмүүс байхад нөгөө талаас улстөржилт явж байна гэх хүмүүс байх шиг байна?

-Авлига, хууль бус мөнгөний тухай асуудал хүчтэй байгаа, бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үнэн эсэхийг хуулийн мэргэжлийн байгууллагууд, АТГ л тогтоох байх.

-Авлигын стандартыг хэрэгжүүлэх явцад соён гэгээрүүлэх ажил маш чухал байх?

-Юуны өмнө бид авлига гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой. Авлига гэдэг нь өөрийнхөө хүссэн үр дүнд давуу талаа ашиглаж, хууль бус арга замаар хүрэхийг л хэлээд байна. Тэгэхээр энэ авлига ямар хэлбэрээр илэрч болох вэ, ямар арга замаар явагдаж байна, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, нэгэнт бий болсон бол яаж салах вэ гэдгийг танин мэдэх нь чухал. Санаатай, санаагүй янз бүрийн байдлаар энэ авлигад өртөж байдаг гэдгийг л мэдэх, мэдүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна авлига гэдэг нь буруу юм гэдгийг ойлгох ёстой. Буруу зүйлийг ухамсарлуулахын тулд сургалт хүмүүжлийн, боловсролын байгууллагад тодорхой хэмжээгээр сургалт, хөтөлбөр нэвт­рүү­лэх нь илүү үр дүнтэй. Авлигаас үүсэх үр дагавар нь ядуурал авчирдаг, бүтээгдэхүүний үнийг нэмэг­дүүлдэг, хүнд сурт­лыг бий болгодог, ёс сур­та­хууны доройтол уруу хөтөлдөг, бусдын золиос болдог гэх мэт сөрөг талыг ойлгож чадвал бид түүнээс урьд­­чилан сэргийлж чадна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulzii
Avilgal ugsun khun unen ee barimttaigaar khelbel ugsun mungiig ni 1 nugalch ugnu gevel avilgal alga bolno medeej avsan khun ni tulnu
2017/03/01 202.179.23.197
АВИЛГАЛЫГ ХАРААД ХАРААД ОЙЛГОХГҮЙ ШҮҮ ЯАГААД ГЭВЭЛ МАШ НУУЦ
ТӨРД 4 ЖИЛ АЖЛААД БУУХДАА НУУЦААР АВИЛГАЛ АВХААС ГАДНА ТӨРИЙН ӨМЧИЙГ ЛУЙВАРДАЖ УЛСЫГ ХОХИРООЖ САНГИЙ НЬ ХООСОЛЧИХООД ДАГААГИЙНХАА НАМД ШИЛЖҮҮЛЭХДЭЭ БИД МАШ САЙН АЖИЛЛАСАН ТА НАР САЙН АЖЛААРАЙ ГЭЖ ӨГ
2017/02/24 202.9.41.212
АВИЛГАЛЧИД БУРУУ ЮМ ХИЙСЭН Ч ӨӨРСДИЙГӨӨ НАМААРАА НИЙЛЖ ХАМГААЛДАГ
АВИЛГАЛААР ГАРЧ ИРСЭН УЛС ТӨРЧИД ХЭЗЭЭ Ч ЧИНЬ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАХГҮЙ АРД ТҮМЭНДЭЭ ХУДЛАА ХЭЛЭЭД Ч ХАМААГҮЙ НАМААРАА СОНГУУЛЬД АМЛАСАН ЗҮЙЛЭЭЗӨРЧДӨГ ТЭД ХЭЗЭ Ч БУРУУТАН БИШ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗӨВТГӨНӨ
2017/02/24 202.9.41.212
АВИЛГАЛААР БҮТСЭН УИХ ЯАЖ ТӨРИЙН БОДЛОГОО БАРИХ ВЭ НАМЫН БОДЛОГОО Л 1-РТ ТАВЬДАГ
ЦЭЦ, УИХ, 2 ГЭЖ АВИЛГАЛЧ, ЛУЙВАРЧДЫГ ОРОГНУУЛДАГ ГАЗАР ЗҮЙН ХАМТ ОЛНООСОО ШАЛГАРСАН ХАМГИЙН ТЭРГҮҮНИЙ ЭХ ОРОНЧ ШУДРАГА ХҮМҮҮСИЙГ УИХ-Д ОРУУЛАХ ЁСТОЙ ОДОО БОЛ ШОРОН ГЭМТ ХЭРЭГТЭН АВИЛГАЛЧИД ЦУГЛАРДАГ
2017/02/24 202.9.41.212
ЗАРИМ НЬ САЙДАА Ч БИШ ХАХУУЛЬ АВИЛГАЛ ӨГӨӨД Ч ХАМААГҮЙ ТӨРД ҮЛДДЭГ
ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУД ӨНӨӨДӨР СУУДЛААСАА САЛАХ ДУРГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙХ СОНИРХОЛТОЙ УЧРААС ТЭР ТҮҮНЭЭС САЙН АЖИЛЛАСАН ДАА Ч БИШ ТӨРИЙН ХАМГААЛАЛТНААС ГАРВАЛ ТЭГЭЭД Л ШОРОНД ОРНО.
2017/02/24 202.9.41.212
ТӨРИЙНХ НЬ АЖИЛ ИНГЭЖ ЭХЛЭХЭЭР ЯАХ ВЭ?
ТӨРД СОНГУУЛИАР ГАРСАН НАМ СУУДЛАА МӨН Л АВИЛГАЛ ӨГСӨН ХҮНД ХУВЬ ӨГДӨГ АВИЛГАЛ ӨГЧ ТӨРИЙН СУУДАЛД ГАРСАН ХҮН ӨӨРИЙНХӨӨ АВИЛГАЛД ӨГСӨН МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТУЛД АВИЛГАЛ ӨГӨГЧДӨӨС МӨНГӨ АВЧ АЖЛАА ЯВУУЛДАГ
2017/02/24 202.9.41.212
СОНГУУЛИАС ЭХЛЭЭД АВИЛГАЛ ЭХЭЛДЭГ
ТӨРИЙНХӨӨ СУУРИЙГ ТАВИХ СОНГУУЛИА Л ЭХЛЭХДЭЭ Л АВИЛГАЛААР ЭХЭЛДЭГ НАМДАА СОНГУУЛИЙН ХАНДИВ ГЭСЭН ЦЭВЭРХЭН НЭРИЙН ДОР ЭХЛЭЭД ДАРАА НЬ ЯЛАЛТ БАЙГУУЛАХЫН ТУЛД ХАХУУЛ, ХАЛАМЖ, АВИЛГАЛ ГЭЭД ТОЙМООН АЛДДАГ
2017/02/24 202.9.41.212