8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Сандуй дарга аа, дүүгийнхээ оффшор дансыг тайлбарлана уу

2017-02-24 16:00:00

Дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргад УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Тус төсөлд оффшор бүс дэх монголчуудын мэдээллийг авах хүсэлтийг олон улсын холбогдох байгууллагад гаргах, хууль ёсны эсэхийг нь шалгаж, олон нийтэд мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгахыг хүссэн байна. Энэхүү төслийн хавсралтад оффшор бүсэд данс эзэмшигч монголчууд хэмээн 13 хүний нэрийг дурджээ. Тэр дунд НИТХ-ын дарга Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэнгийн нэр тодоос тод бичээстэй байна. Түүнийг НИТХ-ын дарга Ц.Сандуйн төрсөн дүү хэмээн тодотгож, Газрын хууль бус наймаагаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

Ц.Сэргэлэнг оффшор бүсэд 480 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар нуусан гэх мэдээлэл тарж, яаж хөрөнгөжсөн гэх асуулт олон нийтийн дунд хэсэгтээ “тэнэсэн”. Харин одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж албан мэдээлэл болгон, төрийн хэмжээнд ярихаар УИХ-ын даргад хандлаа.

Газрын хууль бус наймаа гэж үзвэл энэ оффшор данстай НИТХ-ын дарга Ц.Сандуй гарцаагүй холбогдоно. Нийслэлийн газрын албанд байцаагчаас эхлээд дарга хүртэл нь 10 гаруй жил ажилласан мань даргыг дүүгийнхээ нэрээр хөрөнгөө нуусан гэж хардах хүмүүс ч цөөнгүй байдаг. Ийн Ц.Сандуй даргын овог, нэр холбогдсон оффшорын асуудал дахин сөхөгдлөө. 

Оффшортой, хөрөнгөлөг гэдгийг илтгэх мэт НИТХ-ын дарга Ц.Сандуйн зураг, гарын үсэгтэй мэндчилгээ өнөөдрийн өдөр тутмын сонингуудын нүүр хуудсанд заларчээ. Нэлээд хөрөнгө мөнгө хаясан нь илт. Гэвч түүний мэндчилгээг нийслэлчүүддээ илгээсэн сэтгэлийн үг гэж харах хүн бараг алга. Харин төсвийн мөнгийг шаардлагагүй зүйлд үр ашиггүй зарцуулсан гэх шүүмж давамгайлж байна. Хурлын дарга Ц.Сандуйн мэндчилгээний төлбөр нийслэлийн төсвөөс гарч, улсын мөнгийг цацсан нь ойлгомжтой биз. Дүүгийнхээ оффшор хөрөнгөнөөсөө гаргаж, бэл бэнчингээ гайхуулаагүй байлгүй дээ.  

Баяртай бас гунигтай мэдээ дуулгасан ОУВС-ынхан, Сангийн сайдын шүлс нь хатаж амжаагүй байна.  Өнгөрсөн ням гаригт хэвлэлийн хурал хийж, ОУВС Монгол Улсад гар тэнийлгэх болсноо дуулгаж, 440 сая ам.долларын санхүүжилт өгөх болсон нь баяртай мэдээ байв. Үүнтэй зэрэгцээд татвараа нэмэгдүүлж, тэтгэврийн насыг сунгах гунигтай мэдээ дуулгав. Товчхондоо ОУВС-гийн мөнгийг үрэхийн тулд монголчууд бүсээ чангалах шаардлагатай болов.

Харин ОУВС-ын шаардлага, Засгийн газар, Сангийн сайдын үг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хамаагүй бололтой. Монгол Улсын эдийн засаг хүнд хэцүү байдалд орж, төрийн бодлого шийдвэр бүхнээ барьцаанд тавин байж, зээл авч байхад хотын удирдлага арай л үрэлгэн биш үү. Нийслэл тусдаа вант улс болчихоогүй.Төсөв нь хэмнээд ч урдах хойдохдоо хүрэхгүй байгааг хотын дарга уулзалт бүрт учирлаж явсан.  Гэтэл хурлын дарга арай л гамгүй заржээ.

Төсвийн мөнгийг үргүй зарж, сонинд зургаа хэвлүүлж байхынхаа оронд гэр бүлийнхээ оффшор дансыг тайлбарлавал яасан юм бэ, Ц.Сандуй дарга аа. Газрын хууль наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хардагдсан энэ оффшор данс таньтай нэр холбогдох нь цаг хугацааны л асуудал юм биш үү.

В.Бат

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нийслэлийн гурван идэмхий Сандуй,Бадамжунай,Энхболд нарын нэг Сандуйг илчлэх нь зөв.АН ынхан өөрсдийгөө бариулж байхын оронд МАН ын луйварчид ыг илчлэх байсан юм
2017/02/24 182.160.35.26
би
Амаа олохгүй магтаж байж гаргасан нөхдөө битгий гоочлоод байгаарай
2017/02/24 103.57.95.61