8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хойд Солонгосын удирдагчийн ахын үхлийн шалтгааныг тогтоож, Монгол улс авлигаас ангижрах чухал алхам хийсэн өдөр

2017-02-24 18:59:00

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй! хэмээгээд муу нүүрт Бичин жилийнхээ сүүлийн тойм мэдээгээ бэлтгэн хүргэж байна. Уншигч та бүхний минь есөн цагаан хүсэл биеэлж, амьдралд нь ахиц дэвшил, өгөөжөө авчирсан жил байсан гэдэгт итгэлтэй байна. 
Өнөөдөр дэлхий дахин, дотоодод үйл явдал өрнүүн өнгөрлөө. Ингээд "Монголын нэг өдөр" тойм мэдээгээ тухлан сууж, таалан сонирхоно уу. 

-LIVE:Ким Чен Намыг хөнөөхөөр төлөвлөж байсан Хойд Солонгосын төлөвлөгөө ил боллоо-

Ким Чен Намыг зүгээр ч  энгийн хороор хордуулаагүй болохыг Малайзын талаас мэдээлэв. Түүнийг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан байна. Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг тогтоогоод байна.

НҮБ-ын үй олноор хөнөөх зэвсэг гэх ангилалд уг “VX” химийн бодисыг багтаасан юм. Уг бодис хүмүүсийг хормын төдийд үхэлд хүргэдэг нэн аюултай химийн зэвсэг аж. Энэхүү бодисоор амьсгалахад л амьсгал боогдож, ухаан балартдаг байна. Задлан шинжилгээгээр Ким Чен Намын нүд орчмоос уг аюултай химийн бодис олдсон байжээ. “VX” химийн бодисыг гадуур борлуулдаггүй бөгөөд цөмийн зэвсэгтэй орнуудад байдаг аж. “Тиймээс энэхүү хэргийн ард Хойд Солонгос улс байгаа нь баталгаатай боллоо” хэмээн Малайзын эрх баригчид мэдээлэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен  Намыг хөнөөх зорилгоор хэсэг бүлэг иргэнийг олон сарын турш тусгай сургалтад хамруулсан хэмээн Малайзын Цагдаагийн газраас мэдээлэв. Ким Чен Ун 2011 онд эх орноосоо гарсанаас хойш нэг газар тогтвор суурьшилтай амьдраагүй бөгөөд  аюулгүй байдлын үүднээс жилдээ 7-10 удаа амьдарч буй газраа өөрчилдөг байсан талаар Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллага саяхан мэдэгджээ. Гэвч Ким Чен Нам сүүлийн хэдэн жил БНХАУ-ын Макао хотноо нуугдан амьдарч байжээ.Түүнийг байнга мөрдөж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөнөөхийг завдсан аж.

Тэрбээр энэ сарын эхээр Малайзын нийслэл Куала Лампур хотноо ирсэн байна. Ким Чен Нам энэ сарын 13-нд Макао буцахаар нисэх буудалд ирэх үед нэгэн эмэгтэй түүний амыг алчуураар хааж улмаар хэргийн газраас зугтаасан юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гол сэжигтэн болох эмэгтэй болон түүний хамсаатан гэгдэх гурван этгээдийг баривчлан, өнөөг хүртэл байцаалт авч байна. Эмэгтэй удирдагчийн ахыг хэрхэн хордуулж буй үеийн хяналтын камерийн бичлэг ил болоод байгаа юм. Иймд түүний цогцосонд шинжилгээ хийж, амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Хойд Солонгос уг мэдээллийг эрс үгүйсгэж, өчигдөр “Малайзад амиа алдсан гэгдээд буй Хойд Солонгосын иргэн Ким Чен Нам эсэх нь эргэлзээтэй” хэмээн мэдэгдсэн юм. Ким Чен Нам дипломат паспорттай байжээ. Малайзын Цагдаагийнхан Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын Элчин сайдын яамны нөлөө бүхий эрхмүүд болох Ким Ук, Хуон Кванг Сонг нарыг эрэн сурвалжиж эхэлжээ. Тэднийг уг хэргийг захиалсан хэмээн үзэж байна.

Мөн түүний үхлийн хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж, хэд хэдэн этгээдийг интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар BBC мэдээлжээ. 

 

 

"VX" үхлийн хорын талаар баримт 

  • Тунгалаг тосорхог бүтэцтэй бөгөөд хурц үнэр, амтгүй химийн бодис
  • Хүн болон амьд амьтны арьсанд хүрсэн тохиодолд 20 минутийн дотор үхэлд хүргэдэг. 
  • Энэхүү хор нь мэдрэлийн системд ноцтой хохирол учруулдаг бөгөөд тархи хариу үйлдэл үзүүлж, эсэргүүцдэггүй. 
  • Энэхүү хорт бодисыг хоол, ус, хөдөө аж ахуйн салбарын бүхий л зүйлтэй хольж ашиглаж болно. 
  • Энэ бодис нь тухайн хүнийг хордуулаад зогсохгүй орчин тойрны хүмүүсийг 30 минутын дотор хордуулж, мэдрэлийн системд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. 
  • Тухайн бодист хордвол дараах шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд хамар битүүрэх, нүд бүрэлзэх, өвдөх, хөлрөх, цээж орчимд хөндүүрлэж, бачуурах, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 
  • 1993 онд тус бодисыг дэлхий нийтэд хэрэглэхийг хориглосон бөгөөд албан ёсны ерөнхий химийн нэршил нь s-2 гэж нэрлэдэг байна. 

-Дэнзэн гуайд тэтгэврийн насыг нэмнэ гэдэг дэндүү харгис, хатуу хандсан шийдвэр санагдана-

Дэнзэн ойрдоо их бухимдангуй, нэг л дүнсгэр царайлна. Энэ муу тамхийг больё гэхээр улам баагиулах нь ихэслээ хэмээн бас бухимдана. Тэрбээр 50 настай төрийн албан хаагч. Уг нь ирээдүйгээ их сайхнаар төсөөлж хэдэн л жил мэргэшсэн ажилдаа зүтгэчихвэл гавьяаныхаа амралтад сууна, хураасан хэдэн төгрөгөөрөө хөгшнөө дагуулаад гадаад дотоодын ганц нэг газраар аялж, ингэсний хойно нутагтаа очиж ёстой л амар жимэр амьдарна гэж өөдрөгөөр бодож утга учиртай амьдарч байв. 

Гэтэл тэтгэврийн насыг жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гаргана гэсэн төр засгийнхаа гаргах шийдвэрийг сонсоод ийн бухимдах болжээ.

Угтаа Дэнзэн 10 жил эрч хүчтэй, залуусаас дутахгүйгээр ажлаа хийнэ гэсэн итгэл дүүрэн, ойрноос эрүүл мэнддээ ихэд анхаарч, дасгал хөдөлгөөн хийж, хөгшнөө дагуулан ууланд алхаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгтэл 10 жил ажиллаад тэтгэвэртээ суух байтал дахиад 5 жил нэмэгдэх болчихож. Тэр тав жил түүнд үнэндээ ял юм шиг сонсогдоно. Тэтгэврийн насыг 60-65 болгож өсгөнө гэдэг дэндүү харгис, хатуу хандсан шийдвэр. Тэтгэвэр авахгүйгээр өөд болчихвол нийгмийн даатгал төлөх ямар шаардлага байна гэхчлэн муухай бодол ч зурсхийнэ. Насаараа төлчихөөд үр дүнг нь хүртэхгүй нь гэж төрдөө голдоо ортлоо гомдоно. За яахав гүрийхээс гэхээр бас л бухимдал нь төрнө. Учир нь цалин нэмэхгүй, тэгсэн хэрнээ ниймгийн даатгалын шимтгэлийг нэмж авна. Ажлын залуус энэ өвгөн хурдан тэтгэвэртээ гараасай гэсэн харцыг байнга илгээнэ. Эхнэртэйгээ нийлж банкинд хураасан хэдэн төгрөгний хүүгийн орлогод татвар ногдуулна. Шатахууны онцгой албан татвар нэмчихээр түүнийг дагаад хүнс өргөн хэрэглээний бараа нэмэгдэнэ гэхчлэн бодохлоор толгой өвдөж, зүрхээр нь хадгалуулна. Уг нь цэмбийсэн, хөдөлгүүрийн багтаамж сайтай  шинэ автомашин унах төлөвлөгөөтэй ч байлаа. Үнэ нь талийгаад хүчрэхгүй биз дээ гэсэн түмэн янзын унтуутай бодол төрж дүнсийнэ.

Бор дарсыг дөч хүрч дөнгөж амс, тавьж хүрч тавьж амс, жар хүрч жаргаж амс гэдэг. Архи, тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь нэмэгдүүлэхээр жаргаж уух минь өнгөрлөө хэмээн бодолхийлж хэдэн өдрөөр өөрийгөө зовоолоо.

Эрүүл мэндээ бодоод тамхинаас гаргахаар шийдсэн ч ойрд бухимдаад тамхи татах  дур хүсэл нь улам  ч ихэсэв. Ийн элдвийг бодон хямарч энэ амьдрал аз жаргалгүй юм шиг санагдсан ч Дэнзэн ажилдаа явахаар гарлаа... 

-Б.Туул: Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг-

Сар шинийн өдрүүдэд хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх, хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар НЭМҮТ, Хоол судлалын алба, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул зөвлөж байна.  

-Сар шинийн баярын өдрүүдэд иргэдэд хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ?

Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж буюу ДЭМБ-ийн гаргасан аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:  Нэгдүгээрт цэвэр байлгах. Гарын болон хувийн ариун цэвэр сахих. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэргийг сайтар цэвэрлэх. Бохир гарт 200 сая орчим нян агуулагдаж байдаг. Хоол бэлтгэх болон хийхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдох тохиолдол бүрт гарыг сайтар савандаж угаах ёстой. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ, буузны жигнүүр зэргийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт болгосон болон түүхий хүнсийг тусад нь байлгах. Хүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий хүнс болон тэдгээрийн шүүс болсон буюу шууд хэрэглэх хүнсэнд хүрэхээс хамгаалан тусад нь хадгалах хэрэгтэй. Мөн түүхий мах, ногооны ганбанз модон дээр болсон хүнс хэрчиж бэлтгэхгүй байх. Түүхий бүтээгдэхүүн ганбанз модыг хэрэглэсний дараа халуун усаар, угаагч бодисоор сайтар угаах.  Гуравдугаарт хоол хүнсийг гүйцэд чанаж болгох. Мах, махан бүтээгдэхүүн, буузыг тохиромжтой хэмд гүйцэд болгох хэрэгтэй. Тухайлбал буузыг 20-25 минут жигнэж болгох шаардлагатай. Хоол хүнсийг гүйцэд болгосноор бүх аюултай бичил биетнүүд устдаг. Дөрөвдүгээрт хүнс хоолыг зохих хэмд хадгалах. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонезээр амталсан бүтээгдэхүүн зэргийг хөргөгч, хөлдөөгчид хадгалах хэрэгтэй. Зочид, гийчидгүй үед салат зууш зэрийг хөргөгчинд хадгалах. Ууц, өвчүүг аль болох хүйтэн газарт байлгах. Хүйтэн орчинд ихэнх төрлийн өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог. Цагаан сарын өдрүүдээр хоол, зуушийг бага багаар бэлтгэж, удаан хадгалахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тавдугаарт аюулгүй хүнс сонгож хэрэглэх.  Хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс худалдаж авах хэрэгтэй. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй нөхцөлд хадгалж байнуу үгүй юу, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг авахгүй байх, мэдрэхүйн үзүүлэлт хэвийн эсэх, бяцарсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэрэгт анхаарах хэрэгтэй.

-Хоолны хордлого ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

 -Хордлого авсан тохиолдолд гүйлгэнэ, суулгана, бөөлжинө, халуурна, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Хордлого авсан тохиолдолд хаана хандах вэ? Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?

-Хордлого авсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана.  Мөн шингэн сэлбэх уусмал буюу хоросол бэлтгэж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэгт хандаж анхны түргэн тусламж авна.

-Хамгийн их хордлогонд оруулдаг хүнсний бүтээгдэхүүний талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгнө үү?

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалж хэрэглэх, дутуу боловсруулах үед хордлого үүсдэг. Үүндсүү цагаан идээ, жимс, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез гэх мэт хүнс ордог. Эдгээр хүнсийг хөргөгчинд 40С-с бага хэмд хадгалах ёстой. Түргэн муудах хүнс ялангуяа өндөг, майонез их орсон хоол, салат, зуушийг тасалгааны хэмд удаан байлгаж хэрэглэснээс хоолны хордлого гардаг. Ер нь болсон хоол хүнсийг тасалгааны хэмд 2-оос илүү цаг хадгалсан бол хэрэглэхгүй байхыг зөвлөе.  Мөн нэг дор хэт их идэхгүй байх, хурц амттай халуун ногоо, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн их хэрэглэх нь гэдэс ходоодыг цочроох нөлөө үзүүлнэ. Иймээс өөрсдийн бие махбодийн онцлогт тохируулан ходоод гэдсийг цочроох, хямраах хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй.

-Хордлогод орохгүйн тулд юуг анхаарах вэ?

-Хувийн болон хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих, гараа аль болох угаах, айлд ороод гараа угаах боломжгүй бол нойтон салфеткаар арчиж байх, эсвэл гар ариутгагч ашиглах байх хэрэгтэй. Мөн хоолоо тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.

-С.Янжинсүрэн: Монгол Улс авлигаас ангижрах удаах алхмаа хийлээ-

Стандартчилал хэмжил зүйн газраас өчигдөр /2017.02.23/ Монгол Улсад Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг Үндэсний стандарт болгон боловсруулж батлав. Энэ стандартын талаар Шадар сайдын Стандартчилал хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хариуцсан зөвлөх доктор С.Янжинсүрэнтэй ярилцлаа.

-Авлигын эсрэг менежментийн стандартыг үндэсний стандарт болгон баталлаа. Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-ISO олон улсын стандартын байгууллагад 163 гишүүн орон байдгийн нэг нь манай улс юм. Манайх 1979 оноос хойш энэ байгууллагын гишүүн байгаа. Тус байгууллага 20 000 гаруй олон улсын стандарт баталснаас Монгол Улс 1000 гаруйг нь үндэсний болгож нэвтрүүлсэн бөгөөд энэ тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж байна. Монгол Улсын стандартын үндэсний зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анх удаа хуралдлаа. Энэ хуралдаанаар долоон стандарт баталсаны нэг нь энэ авлигын эсрэг менежментийн олон улсын стандартыг Монгол Улсын Үндэсний стандарт болгож MNS ISO 37001 нэртэйгээр баталлаа.

-Авлигын эсрэг менежмент гэж  яг ямар стандарт юм бэ. Энэ нь үндэснийх болж өөрчлөгдөн батлагдсанаар авлига гэх асуудалд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монгол Улс 2000-аад оноос авлигатай тууштай тэмцэж ирсэн. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, Авлигын эсрэг хуулийг 2006 оноос мөрдсөн, энэ хууль 10 удаа шинэчлэгдсэн, Авлигатай тэмцэх төр захиргааны байгууллагатай.

Тухайлбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын төвшинд нэр хүндээ өргөх, улмаар ардчилсан эрхзүйт төр, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийн төр, засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг гол зорилготойг бид мэднэ. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан байдаг. 2014 онд “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” онол, практикийн хурлын үр дүнгээс үзвэл хамгийн их авлигад өртсөн институцээр татварын байгууллагууд, шүүх, хууль хяналтын байгууллагууд мөн улс төрийн нам нэрлэгдсэн байна. Мөн Монгол Улс олон улсын авлигын индексээр 2015 онд 72 дугаар байрт орсон тухай судалгаа бий. Ийм үед олон улсын стандартын байгууллагаас Авлигын эсрэг стандартыг өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур баталсан. Энэ стандартыг тухайн байгууллага гишүүн орнуудаасаа санал авч боловсруулж баталсан, нэг үгээр бол улс орнуудын туршлага, практикт нийцүүлж авлигагүй нийгэм, авлигагүй нийгмийн соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор баталжээ. Энэхүү стандартыг авлигаас ангид байхыг хүссэн аль ч байгууллага, компани сайн дураараа авч хэрэглэж болно. Тус стандартын гол зорилго нь хэрэгжүүлэгч байгууллагууддаа авлигын эсрэг удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай бол түүнийг нь багасгах, улмаар авлигыг арилгах зорилготой юм.

-Манай улсад хууль дүрэм батлагдаад тэр бүр хангалттай хэрэгжихгүй байгаа тал ажиглагддаг. Тэгвэл энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллахаар зохицуулж өгсөн бэ?

- Олон Улсын стандартыг үндэсний болгож баталснаас хойш мөрдөж эхлэх хүртлээ 18 сарын хугацаанд бэлтгэлээ базаадаг журамтай. Энэ хугацаанд бид тус стандартаар мэргэшсэн боловсон хүчнээ бэлдэнэ,  авлигын эсрэг стандартыг нийтэд таниулж соён гэгээрүүлнэ. Өөрөөр хэлбэл стандартыг хэрэгжүүлэх нийгмийн хөрс сууриа бэлдэнэ гэсэн үг. Мөн түүнчлэн авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлэхийг хүссэн байгууллагуудад зохих журмын дагуу сургалтыг ч явуулах ёстой.

-18 сар гэдэг урт хугацаа биш үү? Бид хэдий чинээ энэ стандартыг эрт хэрэгжүүлж эхэлнэ,  төдий чинээ эрт авилгаас ангижрах шат руу  орохгүй гэж үү?

-Бид олон улсын стандартын гишүүн орны хувьд “стандартаа” барих үүрэгтэй. Стандартын байгууллага стандарт баталсан, бид өөрсдөө стандартаа барихгүй бол өөр хэн барих вэ. 18 сарын хугацаанд үүнийг нутагшуулах юм шүү дээ. Тухайлбал, энэ стандартыг өнөөдөр баталсан байлаа гэхэд Үндэсний зөвлөлөөс зарим санал, шүүмж гарсан, үүнийгээ тусгаад эцсийн байдлаар баримт бичиг болгоход л гэхэд албан ёсоор 10 хоног байдаг. Үүний дараа хэрэв манай хууль эрх зүйн орчинтой нийцэхгүй, манай соёлын хөрстэй таарахгүй зүйл заалт практик дээр гарвал нь засаад, тохируулаад л явна.Ер нь бол стандартын мэргэжлийн үйл ажиллагаа явах хугацаа юм. Тэр хооронд бид практик дээр зөв арга зүйгээр Монголын нийгмийн хөрсөнд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг бэлтгэлээ л хангах ёстой.

-Хамгийн их авлига авдаг хүмүүс нь төрийн албан хаагчид гэсэн ойлголт, хардалт олон нийтийн дунд их байдаг. Хэдийгээр энэ стандарт сайн дураар хэрэгжүүлэх ч төрийн байгууллагаас эхлүүлэх боломж бий юу?

- Стандартчилал хэмжилзүйн газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлаг. Энэ утгаараа авлигын эсрэг чиглэсэн энэ стандартыг олон улсын байгууллага баталсан цагаас эхлэн Шадар сайд У.Хүрэлсүх анхаарал тавьж, улмаар үндэсний стандарт болгох үүргийг өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Стандарт хэмжил зүйн газарт өгсөн. Энэ үүргийн дагуу тус агентлаг богино хугацаанд хүч тавьж ажилласан. Ажлын хэсэг байгуулсан, манай стандартынхан товчдоо бол өдөр шөнөгүй суусан. Энэ хугацаанд Төрийн үйлчилгээний техникийн хороо болон Тохирлын үнэлгээний техникийн хороодоор хэлэлцүүлсэн, төрийн болон төрийн бус найман байгууллагаас санал авч тусган боловсруулсан.

Санал авсан байгууллагад МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн хэлний зөвлөл, “Транспанаси интэрнэшнл Монголиа” зэрэг байгууллагууд багтаж байгаа. Шадар сайд энэ стандартыг хэрэгжүүлэх ажлыг бид өөрсдөөсөө эхэлнэ гэж онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын харьяаны агентлагууд, тэдгээрийн удирдлагууд хэрэгжүүлж эхлэхээр уриалга гаргана гэж төлөвлөсөн байгаа. Түүний дараа бусад төрийн байгууллагуудад, улмаар хувийн хэвшилд санал болгоно.

Нэг үгээр хэлбэл шаталсан байдлаар хэрэгжүүлэх бодлого баримтлах юм. Нэг зүйлийг онцлон хэлэхэд хэдийгээр төрийн алба, төрийн байгууллага авлигад өртсөн гэх хандлага, хардлага их байдаг ч тэр дунд авлигаас гадуур үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хуулиа баримталдаг төрийн албан хаагчид олон бий. Энэ хүмүүсийнхээ нэр төрийг хамгаалах тодорхой механизмтай байх ёстой. Энэ механизмыг бүрдүүлэхийн тулд Авлигын эсрэг энэ стандарт чухал ач холбогдолтой. Тухайлбал, аливаа төрийн байгууллага дээр авлигын стандартыг мөрдөж эхлэхээр ёс зүйн дүрэмтэй болох, ёс зүйн дүрэмдээ авлига авахгүй, өгөхгүй байх заалтыг оруулах гэх мэт. Ингэхээр авлигын үйл ажиллагааг хаасан бодлого бүх шатанд нэвтэрнэ гэж төсөөлж байгаа. Авлига авахгүй, өгөхгүй байх дүрэмтэй хүмүүс түүнийгээ зөр­чихгүй байхыг эрмэлзэнэ гэж найдаж байна. Ер нь авлигаас ангид байгаа, шударга, сайн засаглалыг эрхэмлэгч төрийн албан хаагчдын нэр төр энэ стандартыг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээгээр хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ авлигын эсрэг стандартыг бид яаравчлан ажил хэрэг болгосон юм. 

-Энэ стандарт хэрэгжээд эхлэхээр бид хүссэн хүсээгүй авлига авахгүй, өгөхгүй гэсэн ойлголттой болох нь ээ?

-Байгууллагын удирдлагын зүгээс энэ стандартыг 100 хувь хэрэгжүүлнэ гэвэл тухайн байгууллагын бүх албан хаагчид энэ стандартыг мөрдөнө, хэрэгжүүлнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй авлигаас сэргийлэх маш сайн механизм болно гэж бодож байна.

-Дэлхийн бусад оронд авлигын менежментийг хэрэгжүүлж эхлээгүй байна гэсэн. Стандарт мөрдөхөөс гадна бусад улс орнууд авлигатай хэрхэн тэмцдэг юм бэ?

-Авлигатай тэмцэх тухай асуудал ганцхан Монгол Улсын асуудал биш дэлхийн асуудал. Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум болон бусад байгууллагын судалгаагаар 2.6 орчим триллион ам.доллар авлигад зарцуулагдаж байна гэсэн судалгаа байна. Гэхдээ дэлхийн бараг ихэнх улс авлигатай тэмцэх хууль эрх зүйн зохицуулалттай. Манай улс ч авлигын тухай хуультай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэйг би дээр хэлсэн. АТГ-аас  хөтөлбөрийг сайжруулахаар бүх төрийн байгууллагаас санал аваад явж байна. Энэ нь Монголын төр өөрөө авлига гэх хий үзэгдэлтэй хүчтэй тэмцэж байгаагийн илрэл. Тиймээс бид энэ авлигын эсрэг стандарт нь Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтийн чанарыг дээшлүүлэх том ахиц болно гэж үзэж стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм.

-УИХ-ын гишүүн байсан хоёр ч хүн шалгагдаж байна. АТГ ажлаа сайн хийж байна гэж харах хүмүүс байхад нөгөө талаас улстөржилт явж байна гэх хүмүүс байх шиг байна?

-Авлига, хууль бус мөнгөний тухай асуудал хүчтэй байгаа, бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үнэн эсэхийг хуулийн мэргэжлийн байгууллагууд, АТГ л тогтоох байх.

-Авлигын стандартыг хэрэгжүүлэх явцад соён гэгээрүүлэх ажил маш чухал байх?

-Юуны өмнө бид авлига гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой. Авлига гэдэг нь өөрийнхөө хүссэн үр дүнд давуу талаа ашиглаж, хууль бус арга замаар хүрэхийг л хэлээд байна. Тэгэхээр энэ авлига ямар хэлбэрээр илэрч болох вэ, ямар арга замаар явагдаж байна, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, нэгэнт бий болсон бол яаж салах вэ гэдгийг танин мэдэх нь чухал. Санаатай, санаагүй янз бүрийн байдлаар энэ авлигад өртөж байдаг гэдгийг л мэдэх, мэдүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна авлига гэдэг нь буруу юм гэдгийг ойлгох ёстой. Буруу зүйлийг ухамсарлуулахын тулд сургалт хүмүүжлийн, боловсролын байгууллагад тодорхой хэмжээгээр сургалт, хөтөлбөр нэвт­рүү­лэх нь илүү үр дүнтэй. Авлигаас үүсэх үр дагавар нь ядуурал авчирдаг, бүтээгдэхүүний үнийг нэмэг­дүүлдэг, хүнд сурт­лыг бий болгодог, ёс сур­та­хууны доройтол уруу хөтөлдөг, бусдын золиос болдог гэх мэт сөрөг талыг ойлгож чадвал бид түүнээс урьд­­чилан сэргийлж чадна.

-Баярын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж-

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
  2. Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах
  3. Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
  4. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
  5. Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
  6. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
  7. Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

 Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.
  • Ундаа, айргийг ам дамжуулан 1 аяга саваар уухыг цээрлэх.
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

-Цагаан сараар зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуургатай-

25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

-Дугаарын хязгаарлалт ирэх сарын 2-ны өдөр хүртэл үйлчлэхгүй- 

Маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ дагуу сар шинийн баярын өдрүүдэд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Харин гуравдугаар сарын 2-ны пүрэв гарагаас эхлэн журмын дагуу хязгаарлалт үйлчилнэ. 

chuhal.mn 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХАНДИВ ГЭЖ ЦЭВЭРХЭН НЭРЛЭВ Ч ЭНЭ БОЛ АВИЛГАЛЫН СУУРЬ БОЛДОГ
МОНГОЛ УЛС АВИЛГАЛЫН ТУХАЙД ГЭВЭЛ МОНГОЛ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГОО ТОГТООХДОО АВИЛГАЛЫН ЖУРМААР АЖИЛЛАЖ ИРДЭГ ЖИШЭЭ НЬ ЯМАР Ч НАМЫН ДАРГЫН, УИХ-ЫН, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭХЛЭХДЭЭ Л ХАНДИВААР Л ЭХЛДЭГ
2017/02/24 202.9.41.212