8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал 1000 ахмадад хүндэтгэл үзүүлэв

2017-02-26 09:34:00

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ТОЙРГИЙНХОО 1000 АХМАДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдоо хүлээн авч уулзаж байна. Өчигдөр/2017.02.25/ УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо 1000 ахмадыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төсөл зэргээ тайлагналаа.

 Уг уулзалтад нийт 1000 орчим ахмад, буурал хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын өмнө энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулж буйд баярласан талархсанаа илэрхийлж байв.  

УИХ-ын гишүүн Н.Учрал энэ үеэр “Би Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн болон улс орныхоо өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн. Энэ ч үүднээс Монгол түмнийхээ уламжлал болсон Цагаан сарын баяраар тойргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлснээсээ хойш “Нар зөв хөгжил 2020” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өөрийн тойрогт болоод улс орон руу гаа чиглэсэн багагүй ажил хийхээр төлөвлөж байгаа.  Тухайлбал, шилдэг бизнес төслийн уралдаан, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, хүмүүнлэгийн ажлууд зэрэг олон санаа, санаачлага маань ажил хэрэг болон хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ нэмэгдүүлэх зорилготой “Шилдэг санаа”-г шалгаруулах төслийн уралдаан амжилттай хэрэгжиж байна. Мэдээж та бүхэн энэ хөтөлбөрт санал, бодлоо өгч улам боловсронгуй болгох шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд өнгөрсөн хугацаанд дүүргийн хүүхдийн эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн суурь өвчтэй 1-2 насны хүүхдүүдэд үйлчилдэг 41 дүгээр клиник сувилалд шаардлагатай хэрэгслүүдийг хувиасаа олгосон байна. Мөн тус дүүргийн 27, 29 дүгээр хорооны ахмадуудыг эмнэлгийн үзлэг, оношилгоонд үнэгүй хамруулснаас гадна тойргийнхоо нийт ахмадын дунд “Дуулан, бүжих” өдөр арга хэмжээг санаачлан хэрэгжүүлжээ. Эдгээр арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна. Мөн Сонгино хайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 1500 ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан нь олон иргэнийг ажил, орлоготой болгох үндэс суурийг тавьжээ. Харин  дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто зам гүүрийн ажлыг түргэн шуурхай ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад уламжилж зохих шийдвэрийг гаргуулсан байна. Цаашид Чингис Соосэ их сургуультай хамтран Сонгино хайрхан дүүрэгтээ сурлага, хөдөлмөр, идэвхи санаачлагаараа манлайлсан 500 орчим сурагчид 0-100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тэрбээр уг уулзалтын үеэр уламжиллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал намрын чуулганы хугацаанд ийнхүү тойрогтоо ажиллахын зэрэгцээ Инновацийн тухай хууль, Арбитрийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг олон чухал хуулийг боловсруулан батлуулахад гар бие оролцсон байна. УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган ажлын 85 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал нийт 67 минутын санал хэлснээс гадна 24 удаа асуулт асууж идэвхтэй ажиллажээ. Энэ талаар тэрбээр “Миний бие дээрх хуулиудаас гадна Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл олгох тухай, Нялх балчир хүүхдийн хоол, Хүнсний бүтээгдэхүүний тухай  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай, Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Инновацийн тухай, Шинжлэх ухааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан болно. Чуулган завсарлаж байгаа ч миний хувьд ажил завсарлахгүй. Ажлыг маань хэрхэн үнэлж, ямар дүн тавьж байгаагаа, юунд анхаарлаа илүү хандуулж, ямар шийдвэр гаргах нь чухал байгааг та бүхэн надад зөвлөж чиглүүлэх ёстой. Цаашид би хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,Багш нарын хөгжлийг дэмжих тухай, Франчайзингийн тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж байна” гэлээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргийн 3 иргэнд Алтангадас одон гардуулж хөдөлмөрөөрөө манлайлсан нийт 20 иргэнийг салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Мөн энэ үеэр дуучин МУГЖ С.Батсүх СТА М.Бямбажав, П.Идэржавхлан, В.Батсүх, А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Тэрээр хэлсэн үгэндээ Манай ахмадууд өргөө гэрээ барьж, үр хүүхдээ өсгөж, ач гуч нараа үзэж, ач буянаа эдлэж байна. Та бүхэн хоёр мянга, хоёр зууныг туулж амьдарч яваа ач буянтай, аз хийморьтой хүмүүс билээ.

Тусгаар тогтносон Шинэ Монгол улсын түүхийн  амьд гэрчүүд нь манай ахмад үеийнхэн та нар билээ гээд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөсөн юм.


v

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл