8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нийслэлийн тэргүүний фермер”-т шагнал гардууллаа

2017-02-26 14:30:00

Улиран одож буй бичин жилд хөдөлмөр зүтгэл, амжилтаараа манлайлсан 6 хүн “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан байна. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер, малчин Ш.Шүрэнцэцэгт өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн тэргүүний фермер”-ийн шагналыг нь гардуулан өглөө.

Ш.Шүрэнцэцэг нь 1997 оноос хойш фермийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд малын зүй бус хорогдол гаргалгүй малаа жил дараалан өсгөж, механикжсан үнээний аж ахуйг 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө бий болгожээ. 2016 онд гэхэд 87 тонн сүү үйлдвэрлэн, нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээг хангаж байгаа аж. Тэрбээр фермийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, малын тэжээл, усан хангамжаа сайжруулан, хорооны 5 иргэнийг малчнаар дадлагажуулан ажиллуулж, ажлын байраар ханган, өрхийн орлогыг нь нэмэгдүүлжээ. Мөн өөрийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай бөгөөд 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 50 тонн өвс, тэжээлийг хураан авч нөөцөлсөн байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад энэ хүний хувь нэмэр өндөр. Сүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар мөн олон ажил хийсэн байна.Эрчимжсэн мал аж ахуйг төр засгаас тусгай бодлогоор байнга дэмжиж байгаа. Цаашид ч фермерийн аж ахуйг илүү боловсронгуй болгоход нийслэлийн удирдлагууд, төр засаг анхаарах болно.” гэлээ.

“Нийслэлийн тэргүүний фермер” Ш.Шүрэнцэцэг нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлээд “Манай малын уг гарал нь Оросын хар тарлан үхэр. Хар тарлан үнээний үүлдэр угсаагаа алдахгүйн тулд 40 гаруй жил хүчин зүтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 50 гаруй үхэртэй. Үүнээс саамтай үнээ 20-25. Дунджаар 1 үнээнээс 2300-2500 литр сүү сааж, жилдээ бүх үнээнээсээ 50 гаруй тонн сүү авч, Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлдэг.” хэмээн ярилаа гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл