Уламжлалт сар шинийн баяр маань өргөн сайхан, ёслол төгөлдөр болж байна. Энэ өдрүүдэд өдөр, шөнөгүй ажилласан Замын цагдаагийнхандаа баярлалаа. Тэд маш сайн ажилласан. Алхам тутамд зохицуулалт хийж байснаар хүмүүс түгжрэлгүй, хүрэх айлдаа очиж золголтоо хийж байсан.
Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллажээ.
Замын Цагдаагийн алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах арга хэмжээ авчээ.
Эмх замбараагүй хороолол, зохион байгуулалтгүй зам, зохицуулж чадахгүй гэрлэн дохио, ачаалал нь ихэдсэн автомашинтай зам дээр хашлага хаалт хүртэл болов. Зарим нь гэрэл дохионы үүрэг гүйцэтгэцгээж, замын тэмдэг самбар хүртэл болж үзсэн замын цагдаа нар маань бид бүхнийг асуудалгүй сайхан шинэлүүлсэн. Дахин баярлалаа.