Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.
Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоосон байна. Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.