8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих хугацаа дуусч, БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэсэн өдөр

2017-03-06 18:40:00

Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сарын баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Харин одоо бид бүсгүйчүүд ээжүүдээ баярлуулдаг Мартын-8 дөхөж ирлээ. Та халамжит хань, ачлалт ээжийгээ хэрхэн, яаж баярлуулахаа шийдсэн үү. Тэгвэл таньд хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна.  Та бүхэн доорх тоглолтуудаас дуртайгаа үзэж сонирхоорой!
МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Билетийн үнэ 108,000 төгрөгний үнэ ханштай байна. Мөн МУГЖ дуучин Энхзул, хүү Чинбаярын хамтарсан “Эх үрийн элбэрэл” тоглолт тав дахь жилдээ зохион байгуулагдана.Билетийн үнэ: 20.000 төгрөг. Үүнээс гадна Монгол бөхийн өргөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд 2 өдөр дараалан тоглогдоно. Тоглолтод МУГЖ Чулуунхүү, МУГЖ Ширмэнтуяа, МУСТА Эрдэнэтунгалаг, Төрмандах Гансувд, Батмэнд, Чулуунчимэг нар оролцоно. Билетийн үнэ: 15.000 төгрөг, 20.000 төгрөг. Мөн Улсын драмын эрдмийн театраас гуравдугаар сарыг сонгодог жүжгийн өдрүүд болгосон. Үзэгчдээ дэлхийн сонгодог бүтээлээр амьсгалах болсон театрын уран бүтээлчдийн тоглолтын салхийг У.Шекспир “Ромео Жульетта” жүжиг хагалах юм. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдөр тоглох юм байна. Харин энэ жүжгийн гол дүр болох үзэсгэлэнт Жульеттад шинэ жүжигчин тоглохоор болсон. Та эдгээр тоглолтуудаас сонгон хайртай дотны хүмүүсээ баярлуулаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга Э.Бат-Амгалан гэж хэн бэ

Сүүлийн хэдэн жил сонгууль сонгуулийн өмнөх бэлтгэл, сонгуулийн өдөр, сонгуулийн дараах маргаан гэсэн гурван дамжлагаар өнгөрөөдөг болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаанаас харж болно.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар  Э.Бат-Амгаланг өнгөрсөн долоо хоногт  батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт үл ойлголцож, эцэс сүүлдээ цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэлээд шуугиан тарилаа. 


Түүнийг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа 300 гаруй иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд жагсагчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байсан бөгөөд дотор суулт хийж байсан  хүмүүсийг нулимс асгаруулагч болон бороохой ашиглан албадан хөөж, чирч гаргаж нэлээд шуугиан тарилаа. 
 Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19  суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн.  Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлээд МАН, АН шүүхдэж эхэлсэн бөгөөд хоёр намын сонгогдсон төлөөлөгчид тус тусдаа Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын даргаараа Ш.Ганчимэгийг сонгож, улмаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар санал нэгдсэн бол МАН-ынхан мөн л энэ сарын 03-ны өдөр дүүргийн анхдугаар хуралдаанаа АН-ын оролцоогүй зохион байгуулж ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгон, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлээд байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ.  Ингээд дуулиан шуугиан дагуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга Э.Бат-Амгалангийн талаар мэдээлэл хүргэе. Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан гэж нөхрийн тухайд  намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг. Анх Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж орж ирж байсан гэдэг. Э.Бат-Амгалан өмнө нь ТӨУҮГ-т дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд элдэв тендер зохицуулж явсан гэдэг. Түүний хувьд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй, хэл ам, дуулиан шуугианаараа алдартай нэгэн. Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй сайн мэднэ. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баар Сансарт байдаг юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих хугацаа дуусч байна

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сар шинийн өмнө Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай. Тэгвэл тэднийг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 7-ны өдөр дуусна. Маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг үргэлжлүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах уу гэдгийг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Норовлин сумдад хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Нийслэлийн нэг дүүрэг, таван аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Норовлин  сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мөн Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно

БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна

Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн. Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зүүн хойд, Завхан, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы өмнөд, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. 

 

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

ТӨВИЙН НУТГААР: Уулархаг нутгаар нойтон цас орно

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээрихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногтийн дунд үеэр нутгийн хойд хэсгээрцас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл үргэлжилж байна. Солонгос улсаас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж буй учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөв.

Энэ жилийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах юм байна. Харин гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй аж. 

Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.

Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоосон байна.  Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж. 

Архангай аймагт осол гарч хоёр хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрөөр 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг саатуулжээ.БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд H.Verna маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.

Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын 2 хүний амь нас хохирсон.

Э.Бат-Үүл: Ард түмний эрх мэдлийг МАН хүчээр булааж байна

Баянзүрх дүүргийн асуудлаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Баянзүрх дүүрэгт үүсэж буй нөхцөл байдал ямар ноцтой болж байгааг олон түмэнд зориуд сонордуулах үүднээс би энэ хэвлэлийн хуралд ирээд байна. Баян зүрх дүүрэг дээр болж буй шиг ийм үйл явц орон даяар өрнөж байна.  Орон нутгийн сонгуулиар АН 104 суманд ялалт байгуулсан. Завхан аймагт ялсан АН цэвэр ялсан учир аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нар хуулийн дагуу явагдсан.

Ганц, Баянзүрх дүүрэг гэлтгүй, бусад 74 сумын засаг дарга нарыг томилоогүй байна. Орон нутгийн сонгууль явагдаад таван сар өнгөрчихлөө. Сүхбаатар аймгийн засаг даргыг батламжлахгүй, Баянзүрхтэй адилхан өөр хүнийг шууд батламжлах үйл ажиллагаа явагдаж байна. Хуулиараа засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байж, хууль бусаар булаахыг хориглосон. Гэтэл ард түмний эрх мэдлийг МАН хүчээр булааж байна. Үүгээр зогсохгүй, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлж байна” хэмээн хэллээ. 

Биеэ үнэлэгч эмэгтэй 8 сартай хүүхдээ айлын хашаанд булжээ
 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс газарт булсан нярайн цогцос олджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороо “Ганц худаг” руу явах замд эзэнгүй айлын хашаанд найман сартай хүүхэд булсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллаж, хүүхдийн цогцсыг гаргаж авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нярай 2015 онд төрсөн найман сар гарантай эрэгтэй хүүхэд байсан аж. Харин төрсөн эхийнх нь хувьд Чингэлтэй дүүргийн харьяат, 30 орчим насны эмэгтэй аж. Нярайн ээж гэх эмэгтэй эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад түүний биеэ үнэлж амьдардаг байсныг тогтоожээ. Одоогоор энэхүү хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж, нярайн нас барсан шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ДОРЖПҮРЭВ
Юу бүтээж гийгүүлсэн гэж нэг тасалбараа зуун найман мянгаар үнэлэв?эхээс төрөөгүй юм шиг аашлаж байнаа,хэрэв би байсан бол эмэгтэйчүүдийн баяраар ээжүүдэд үнэгүй тоглох байсан.
2017/03/07 103.57.94.85