Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн.
Гэвч шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав” уралдааныг гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан нь хууль гууль болсны тод жишээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагт ирүүлсэн нэхэмжлэл хүсэлтийн дагуу тус шүүх холбогдох хуулийн дагуу хугацаанд нь буюу 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүсэлтийг хэлэлцэж, морин уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан аж. Уг шийдвэрт “...Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-уудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар холбогдох нотлох баримтуудыг үндэслэн захиргааны актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.
Хариуцагч хуульд заасны дагуу уралдааныг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шүүхэд баримтаар нотлоогүй тул түдгэлзүүлэх хуультай байдаг аж.
Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй тул заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой. Шүүгч түдгэлзүүлэх захирамжаа гаргасан. Захирамжид гомдол гаргах эсэхээ хариуцагч илэрхийлээгүй гэдэг. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 3ахиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хувь хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Нэгэнт шүүхийн шийдвэр зөрчиж, уралдаан зохион байгуулчихлаа.
Энэ нөхцөлд Үндсэн хуулийн цэцэд ханддаг. Тус уралдаанаас үүдсэн хохирол байвал шүүхийн нэхэмжлэлтэй хамт шийдүүлдэг номтой.
Гэвч өвлийн уралдаан болчихлоо. Энэ уралдааны үеэр хоёр хүүхэд хүнд бэртэж гэмтсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хайрлахаас үл хамаараад цээж баячуудын аархал болоод дуусав. Ийн хэлэхийн учир нь нөгөө л Максын Д.Ганбаатар, “АПУ”-гийн Г.Батхүүгийн хүү, тод, манлай уяачид л баясав. Энэ уралдааныг Монголын морин уяачдын холбооноос зохион байгуулсан, холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд.
Төрийн өндөр албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй. Жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг хэрэг үү. Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг НҮБ-аас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн төрөлд багтаасан байдаг.
Хүүхдийн байгууллагын дээд тэргүүн, Засгийн газрын тэргүүн , Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Та үүнд яагаад анхаарлаа хандуулж болдоггүй юм бэ.
Үнэндээ зугааны золиос нь хүүхэд. Өлзийт хороолол хөл гаргүй, нүд сохорчихсон хүүхдүүд олон байдаг гэсэн. Бүгд л хурдан морины уралдааны золиос болцгоосон. Ийм тийм хурдан удмын адууг хэдэн зуун саяар үнэ хаялцаж авдаг хэрнээ морь унадаг хүүхдийг хэдхэн зуун төгрөгөөр худалдаж авдаг. Морь мал шинжиж авдаг шигээ хүүхдийг хөнгөн шингэн, бие жижиг гэхчлэн “зүсэлж” авцгаана. Үнэндээ хот, хөдөөгийн амьдрал тааруу айлын хүүхдийг сонгож авдгаас хүүхдийн амь нас эндэх, бэртэж гэмтсэн тохиолдолд чимээгүйхэн дарагдаад өнгөрдөг нь өнөөдөр нууц биш. Хэдхэн хүний эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэж байгаа нь туйлын харамсалтай, бас эмгэнэлтэй.