8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайхан монгол ээжүүд Төрийн ордонд мориллоо

2017-03-08 10:49:00

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярыг Төрийн ордонд тэмдэглэсэн. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулжээ.

Баярын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналт, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг нар нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд:-“...Гоёлоо өмсөж, зүсээ тольдсон мянган бүсгүй нэг танхимд ийнхүү зэрэгцэн суусан нь үнэхээр амьд цэцгийн хүрээлэн мэт сайхан харагдаж байна. Сайхан монгол ээжүүд, саруул ертөнцийн чимэг болсон Та нартаа дахин баяр хүргэе.

Та бүхэн бол Монгол орны 21 аймаг, сум дүүрэг, үйлдвэрлэлийн салаа мөчир бүхэн, ажил мэргэжлийн салбар болгоны төлөөлөл болсон, өлгийн бүүвэй аялдаг, өргөлийн сүү өргөдөг буянт ээжүүд билээ.

Өэлүн эх, Бөртэ үжингээс эхлээд Сорхугтан бэхи, Мандухай хатдаар дамжин Эрдэнэбатын Оюун, Сономын Удвал ахайтны удам залгамж болж, өнөө цагт Монголоо дуурсган, монгол түмэндээ хүндлэгдэн яваа олон сайхан бүсгүйчүүдийг бид мэднэ.    

Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 46.8 хувь байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн аль алинд, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гээд бүхий л салбарт эрчүүдтэйгээ хамтран хөдөлмөрлөж байна.

Сонирхуулж ганц баримт дурдахад 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 59.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж буй эмэгтэйчүүдийн тоо, эрчүүдээс илүү байна гэсэн үг.

Харамсалтай нь нь эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 10 гаруй хувиар доогуур байгаа.Дэлхийн нийт хүн амын ажлын цагийн 2/3-ийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа хэрнээ нийт орлогын 1/10-ийг хүртдэг гэсэн олон улсын байгууллагын судалгаа ч бас байгаа юм.

Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангах, баялгийн үр шимээс адил тэгш хүртэх боломжийг хангах, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан, аж байдлыг сайжруулах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн зорилго, тэмүүлэл байсаар байна.

Азай буурал ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгохоор болсон. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож, 3.0 хувиар бууруулж чадлаа.

Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгддөг байсан. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь тун бага тогтоогддог байв.

Эдгээрийг нэг мөр зохицуулсан хууль гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр хүүхдээ асарч буй, 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдынхаа тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох нь зөв гэж үзлээ. Түүнчлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олголоо” гэж хэлсэн.

Есөн эрдэнийг бэлгэдэн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн есөн ээжийг “Сайхан монгол ээж” хэмээн нэрлэн өргөмжлөл олгосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл