Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар хорооллын 6 дугаар байрны орчим хичээлээ тараад гэрийн зүг явж байсан наймдугаар ангийн охиныг машинаараа дайрч амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. “Тоёота Эпсү” загварын автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ жолоо барьснаас энэ ослыг гаргасан байна.
Сар шинийн өдрүүдээр Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Харин иргэд сар шинэ өнгөрөөд цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалт суларсан гэж ташаа ойлгож байх шиг байна. Үүнээс болж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээдгүй гарч байна. Урд шөнийн байдлаар гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил илрүүллээ хэмээн албаны хүн мэдээлэл өглөө.