Үндэсний томоохон компаниуд “Органик хүнсний тухай” хуулийг дэмжиж ажиллахаар боллоо. НОМИН ХОЛДИНГ компани 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн “Органик хүнсний тухай” хуулийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжийг татан оролцуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын II хэлэлцүүлэг”-ийг 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд Номин Юнайтед оффис дээрээ ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж байгаа аж.
Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, органик хүнсний бүтээгдэхүүний ач тусыг нийгэмд таниулан сурталчлах, баталгаажсан органик бүтээгдэхүүний дотоодын худалдааг идэвхжүүлэх, экспортын баримжаатай “Органик Монгол” бүтээгдэхүүн-хөгжлийн асуудлаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэхэд талууд хамтран ажиллах зорилгоор 2016 оны 12-р сарын 5-ны өдөр санамж бичиг үйлдсэн бөгөөд үндэсний сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах нь хуулийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлнө гэдэгт талууд санал нэгдэж байгаа юм.