8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын тов гарч, Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийн хэн болохыг тогтоосон өдөр

2017-03-09 18:50:00

Яг одоо гадаа нэг л тогтуун сайхан байна. Хааяахан сэвэлзэх жихүүн салхи бүсгүйн хацрыг илбэж улам л үзэсгэлэнтэй болгох мэт. Хаврын улирал цаанаа л нэг  өвөрмөц. Сэтгэл нь гэгэлзэж, харцанд нь хөнгөн мишээл тодорсон хүмүүс алхах юм. Ийм сайхан оройн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Үдэш бүрийн энэ цаг үед та бүхэнд хүрдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

  С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ.  Шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд  болох юм байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  таван хоног хаалттай үргэлжилсэн билээ. Энэ үеэр  Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт талийгаач  С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон.

Шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна.  Ийнхүү түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товложээ.

“Жи тайм”-ын үйл ажиллагааг зогсоожээ

“Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр /2017.03.09/ Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан хэргийг шалгаж байна.

Маженов Маратын Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд прокурорын зөвшөөрлөөр хориг тавьсан байсан ба 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед саатуулсан. Түүнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Монгол Улсын иргэн О нарыг мөн зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон холбогдуулан шалгаж байна.

“Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн захирлын өрөөн дэх эд хөрөнгө, худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, арилжааны банкууд дахь дансууд, тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан.

Гэтэл “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл хүргэж байна.

Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.

“Жи-Тайм Корпорейшн” компанийн хууль бус ажиллагаанд өртөж хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандах боломжтой" гэж мэдээллээ.  

Монголчууд бүсээ улам улам чангална

Их сангийн эзэн маань өнөөдөр сонин хэвлэл, олон сайтаар бодлоготойгоор ярилцлага өгчээ. Ний нуугүй л хэлье, ярья, дарамт ирнэ, иргэд эрсдэл үүрэх нь тодорхой гэдгийн нялуунаас шулуун нь дээр хэлчихье гэсээр эрс шийдэмгий ярьжээ. Ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэлцэнэ хэмээн уль доль болтол ярьж, бичиж байна. Ээлжит бус чуулганыг зарлах гэхээр Сангийн яам  төсвийн тодотголоо оруулж ирэхгүй байгаа гэх. Эсрэгээрээ уламжлалт сар шинийн баяр олон хоног үргэлжилж эрхэм УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад хөдөө орон нутгаас ирэхгүй байгаагаас шалтгаалан ирц хүрэхгүйгээс чуулганаа зарлаж чадахгүйд байгаа гэх зэргээр бие биеэсээ “доош хийнэ”. Сангийн сайд төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагыг бүрэн хангасан. Тус сантай эцсийн байдлаар тохирчихсон. Хамтраад ажиллаад явчихна гээд дүгнэлтээ хэлчихлээ. Тэгэхээр долоо төрлийн татварын нэмэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй.

 Ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хадгаламжийн хүүгээс татвар авч эхлэснээр монголчууд бид санхүүгийн сахилга батад суралцаж эхлэх аянд мордоно.

Хэр удаан аянших нь одоогоор хэлэхэд эрт байна. Сангийн сайдын ярьснаар бол ОУВС-гийн зүгээс л ийм төрлийн татваруудыг нэмье гэсэн санал оруулж ирсэн. Бид бол татвараа нэмье гэж огт санал гаргаагүй гэх. Ёстой л өгөх нь томорч, авах нь улам бөхийсөөр нүдэн балай хэлснийг нь үг дуугүй  дагасан мэт харагдахаар байна. Бүхэл бүтэн зургаан сарын туршид хэлэлцээрийн ширээний ард хэдээс олон удаа суухдаа татвартай холбоотой ганц ч санал хэлээгүй гэхэд арай л биш юмаа. Түүний хэлснээр хэлэлцээр үнэхээр хэцүү байдалд үргэлжилсэн аж. Хэрэв манай бодлого тодорхойлогчид ийм татвар нэмье гэхээр ОУВС “Ура” гээд хүлээгээд авах байсан гэнэ. Эдийн засагчдын энэ асуудлыг тойрсон ярианаас харахад тус сантай үүнээс илүүтэйгээр тохиролцох тал байсан гэдгийг дуу нэгтэйгээр батласан байдаг. Долдугаар сарын 01-нээс дизель түлш, бензиний татвар нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдчихээр бүх л хүнс, бараа таваарын үнэ нэмэгдэнэ. Ёстой л дур зоргоороо аашлах нь нүдэнд харагдаж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Нүцгэн жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг цагдаа нар мөрдөж мөшгөж эхэлсэн гэв

Өчигдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Монголчууд Март-8-ны баярын өдрийг 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярын өдөр эмэгтэйчүүд эрчүүдийн хайранд умбаж эрхээ эдэлж өнгөрүүлсэнээс гадна  нэгэн жагсаал болсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Тодруулбал Сүхбаатарын талбайд ээжүүд нүцгэн жагссан явдал юм. Учир нь эрх баригчдын оффшор дансны асуудал эдгээр эмэгтэйчүүдийг нүцгэн жагсахад хүргэсэн аж. Мөн нүцгэн эмэгтэйчүүд уриа, лоозон барьж зогссон байв.  Лоозонд бичсэнээс харвал улс төрчдийг эсэргүүцсэн, оффшор данстай эрхмүүдийн талаар  үг хэллэг  нэлээд бичжээ. Тодруулбал,"Оффшорчдыг зайлуул", "Хуйлгалсан хөрөнгөө эргүүлж өг", "Хулгайч дарга нар боль" гэх мэт үгс бичсэн лоозон барьсан байжээ. 

 н.Болор-Эрдэнэ "Бид зөв тэмцэл хийж байна. Цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад тоогоогүй. Тиймээс өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх  эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 Эх сурвалжийн хэлж буйгаар тэдний энэ үйлдэл нь эхлэл аж. Учир нь улс орны эдийн засгийн хямрал, нийгмийн байдал, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа үйлдлүүдийг эсэргүйцэж ийнхүү эхний удаа нүцгэн төлөөлөл жагссан байна. Харин цаашид хэд хэдэн удаа жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Түүнчлэн тэднийг дэмжсэн хүн цөөнгүй байсан юм. Тэдний нэг нь болох н.Болор-Эрдэнэ "Бид зөв тэмцэл хийж байна. Цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад тоогоогүй. Тиймээс өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх  эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Харин нэг хэсэг нь эмэгтэйчүүд ийнхүү нүцгэн жагсаалыг эсэргүйцэж байсан юм. Учир нь сонгуультай холбоотой, эсвэл аль нэг улс төрийн нам, хүчин, эрх баригчдын нөлөө, өдөөн турхиралт байхыг үгүйсгэхгүй хэмээн ярьж байсан юм. 

Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийн хэн болохыг тогтоожээ

Хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан тухай видео бичлэг сошиалд цацагдсан билээ.  Уг үйл явдал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд болсон бөгөөд гудамжны камерт бичлэг нь үлдсэн байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээрх хүүхэд хулгайлсан гэх хэргийг шалгаж эхэлж  хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлсэн байна. Мөн бичлэг дэх хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлсэн байна. 

 Г.Дэнзэнгийн шүүх хурлын тов гарчээ

Хүргэн Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан хойшилсон билээ. Тэгвэл тус шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 20-нд болох аж.

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү баавгайн савар гаргах гэж байгаад баригдлаа

Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга-Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлжээ.
Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү юм байна.

Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна.

Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал энэ сарын 17-нд болно

Дөрвөн настай охиноо  зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурлын тов энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.

Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан билээ. Тэгвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины аавыг дахин хорьсон гэх мэдээлэл гарсан. Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

Хойд эх Г.Маралмаад энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Шинэээр  илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Цогт, Ж.Маралмаа нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment