8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерт өртөх эрсдлийг иргэд өөрсдөө бий болгож байна

2017-03-12 08:58:00

Урин дулааны улирал эхэлж хүйтэн цаг агаар уясан газар дэлхий гэсч байна.Хаврын улиралд хуурайшилт ихэссэнээс ой хээрийн түймэр дэгдэх, шар усны үер болох зэрэг эрсдэл бий.

Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулж ажлаа шуурхайлж байгаа аж. Геодези, усны барилга байгууламжийн газар өнгөрсөн өвлийн турш тасралтгүй ажилласан. Цаашид энэ ажилд шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.Шар усны үерийн эрсдэлийн байдлыг гэр хорооллын айлууд зохиомлоор бий болгожээ.

Иргэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулж байна.

Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бид иргэдийн бүлэг байгуулж, иргэдийн бий болгосон хог хаягдлыг өөрсдийнх нь хүчийг ашиглан цэвэрлүүлэх урамшуулалт ажлыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх байдаг. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй. Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байна. Эрсдлээс сэргийлж тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажилласаар байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг үерийн далан сувгуудад хяналт шалгалтыг хийжээ. Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 м.кв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480 метр үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл