-Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
-Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
-Хэрхэн халдварлах вэ?
-Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
-Хэн өвдөх вэ?
-Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
-Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеээр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- 1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.