8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоригдлын цалин хөлсний хэмжээнд зохицуулалт хийгдэнэ

2017-03-13 14:47:25

ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС, ХЗҮХ-гээс хамтран “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль зүйн салбарынхан болон хуульчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх..., хөндөгдсөн эрхийг иргэнийхээ өмнө хариуцах...” гэсэн зарчмыг баримталсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өнөөг хүртэл 2002 онд батлагдсан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон теле хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэсэн заалттай нийцүүлэн боловсруулжээ.

Шүүхэд итгэх итгэлийн хамгийн гол нэг нөхцөл нь шүүхийн шийдвэр биелэгддэг байх явдал. Тиймээс хуулийн төсөл боловсруулагчид энэ асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл 300 гаруй зүйл заалттай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хэт ерөнхий байсныг илүү нарийвчлан зохицуулж, хуульчлан баталгаажуулахыг зорьжээ.

Тухайлбал,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ерөнхий үндэслэл, Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Захиргааны болон зөрчлийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулахаар тусгаад байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж буй хүчин зүйлийг багасгах, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой гэсэн зарчмыг баримталсан гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

2012 онд хийсэн судалгаагаар нэг шийдвэр гүйцэтгэгчид жилд дунджаар 250-290 гүйцэтгэх хуудсаар олгогдсон ажиллагаа оногддог. Энэ нь холбогдох эрх зүйн актаар тогтоосон ажлын ачаалал хоёр дахин их байгааг харуулж байгаа юм. Тэгвэл шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй болгох, улмаар энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Мөн Захиргааны хэргийн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмыг илүү тодорхой болгохыг зорьж байгаа юм. Тэрчлэн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хорих ял эдэлж буй хоригдлын цалин хөлс, хөдөлмөрт хамрагдсан байдал, хийсэн хөдөлмөртэй нь нийцэж байх, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх зохицуулалтыг оруулжээ.

Мөн хорих ангийн төрлийг тогтоох, хорих ял эдлүүлэх нөхцлийг УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулсан байна. Түүнчлэн хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэл, зөрчил, хоригдлын ажлын байр, сургалт хүмүүжил, нийгэмшүүлэх асуудлыг өргөн хүрээнд хөнджээ.

Түүний зэрэгцээ хорих байгууллагын алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, нийгмийн баталгааг хангах асуудлыг цогцоор нь тусгаад байна. Мөн торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах зэрэг хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журмыг хуулийн төсөлд тодорхой тогтоож өгч байгаа юм. Дашрамд дурдахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр төлөвлөжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment