Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр XI хороололд хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан 10 настай Т гэх хүүхдийг үл таних этгээд хулгайлах гэж оролдсон хэрэг гарсан. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Энэ хэрэгтэй холбоотойгоор хамгийн сүүлд авсан мэдээллээр уг этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй, У.Ууганбаяр гэх 35 настай, багш мэргэжилтэй нэгэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Ууганбаяр нь хэд хэдэн сургуульд ажиллаж байгаад халагдсан байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар У.Ууганбаярын сэтгэцийн байдал эрүүл эсэхийг шалган тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргажээ. Шалгалтын явцад У.Ууганбаяр гэгч сургуулиудын ойр орчимд их эргэлддэг гэх мэдээлэл ирсэн аж.