8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Амиа алдсан жолооч нарын шалтгаан ил болж, Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд байцаагдсан өдөр

2017-03-13 18:53:10

Та амьдралаас юуг хүсч, хүлээж байдаг вэ? гэсэн асуултанд хүн төрөлхтөн нэгэн дуугаар аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хэлдэг билээ. Тиймээс аз жаргалтай амьдарсан амьдрал л хамгийн үнэтэй амьдрал байдаг. Би хувьдаа аз жаргалыг хувь хүн өөрийнхөө амьдралд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаас нь хамааран аз жаргалтай байна уу? үгүй юу гэдэг нь хэмжигддэг гэж ойлгодог. Та аз жаргалтай хүн мөн үү. 
Аз жаргалыг би, хvний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор 
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор 
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном. 
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгодог хэмээн алдартай яруу найрагч хэлсэн байдаг. Туулсан амьдарлаа эргээд нэг харахад хайртай гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах  нь хүний амьдарлын хамгийн том аз жаргал байдаг.  Та аз жаргалыг алсаас бус дэргэдээсээ хайгаарай. Ингээд ажлын өдрүүдээ амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөсөн та бүхэндээ шинэ, шинэлэг бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Г.Ичинхорлоо: С. Баяр гуай нэр цэвэр гэдгээ л батлаад харуулчихвал миний эсэргүүцэл дуусна

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Лондон хот дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж буй  Г.Ичинхорлоотой ярилцлаа. 

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдрөөр Төрийн ордны өмнө гурван бүсгүй хагас нүцгэн эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ. Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Хулгайч дарга нар боль” гэхчлэн уриа барин зогсож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн билээ. Харин та Лондон дахь хотноо Лондон хотноо С.Баярыг эсэргүүцсэн тайван жагсаалаа эхлүүлсэн. Эсэргүүцэн жагсах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Танай хамт олон болон уншигчдад энэ өдрийн мэнд  хүргье. Монголд жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг харсан. Хүмүүсийн тэвчээр хаа сайгүй барагдсан шүү дээ. Би тэр эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Монголд ардчилал байхгүй. Монголын улстөрчид дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Үүнээс хойш тэвшихгүй.  Ардчилал гэж юу вэ гэдгээ мэдрээгүй хүмүүс улсыг 26 жил самарсан. Бөмбөрцгийн хоёр талд эмэгтэйчүүд, ээжүүд, эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэвчээр нь барагдаад өөрсдийнхөө чадахаар тайван жагсаал хийж байна. Миний бас ингэж ил гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн зорилго нь ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаггүй, ингэж явах ёсгүй, ийм хүмүүс авч явдаггүй юм гэдгийг харуулах гэсэн юм. Нэгэнт одоо олон хүмүүс энэ эсэргүүцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг харж байгаа болохоор бүгдээрээ ардчилсан орон ямар байдагыг  давхар дараа дараагийн хийх алхамуудаараа харж авцгаая гэж бодож байна. Дээр нь хүнлэг ардчилан оронд хувиа бодсон, улсаа, ард түмнээ хохироогч хүн төлөөлөн ирэх орон зай байдаг эсэхийг мэдмээр байна.   

-Та хэзээнээс жагсаал хийхээр төлөвлөсөн бэ. Уг жагсаал хууль дүрмийн хүрээнд явж байна уу?

-Эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан нь өнөөгийн Монголын нийгэмд үүсэн бий болсон энэ их эцэс төгсгөлгүй уналт завхрал нь өнгөрсөн 26 жилийн туршид улс орныг удирдаж явсан хүмүүсийн зөвхөн өөрсдийнхөө төлөө гэж ажиллаж ирсэнтэй шууд холбоотой. Би утааны эсрэг ээж аавуудын хоёр дахь жагсаалыг Лондонд бусад дэмжиж буй хүмүүсийн төлөөл болсон ээжүүд хүүхдүүдийн хамт МУ-ын  ЭСЯ-ны гадаа нэг өдөр зогссон.  Хүн амьсгалж болохгүй, хүүхэд амилж чадахгүй болсон ийм гамшгийг сонсоод эх хүний хувьд, ар гэрийнхэн ахан дүүсээ бодоод би зүгээр сууж чадаагүй. Гэхдээ миний хувьд энэ бүх гамшгийн уг үндэс шалтгаан нь Монголын төр, улс төр, улстөрчид, улс орны удирдаж авч яваа хүмүүс. Тиймээс тэдэнтэй нүүр тулж асуудлыг шийдэх нь чухал. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Нийслэлийн иргэд гундуу, Улаанбаатар хот ундуу сундуу

ээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүйгээс манай улс орны  амьдрал дээсэн дөрөөн дээр нэг л туйлбаргүй байх юм. Өглөө бүр за хэн гэдэг нөхөр ямар хэрэг тарьж орхив гээд л өө хайх асуудлууд мундахгүй их гарна. Хамгийн ойрхны жишээ гэвэл нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй холбоотой асуудал байна. Үүнээс улбаалж нийслэлийн удирдлагуудтай холбоотой ундуу сундуу бодол олон зурсхийнэ. Тэд ч санаатай санамсаргүй алдаа, худуутай алхам их гаргаж байна даа.

 

Доороо суурьтай, дотроо бодолтой, улстөрийн зангарагтай алхахгүй бол гишгэсэн мөр, хийсэн үйлдэл бүхэн чинь ард түмний сэтгэлд нийцэхгүй байгаа нь даанч харамсмаар.

Су. Батболд Нийслэлийн Засаг дарга болонгуутаа өрөөгөө тансаг зэрэглэлээр тохижуулж, миний өрөө ямар байх нь та нарт ямар хамаатай гэсэн аястай эгдүүцсэнээс олны анхааралд таагүйгээр өртөж эхэлсэн. Төд удалгүй нийслэлийн удирдлагууд ойр ойрхон орсон их хэмжээний цаснаар бас л барьц алдсан. Ам хэл, үйл хөдлөлөө алхам тутамдаа хянахгүй байвал чинь өөнтөглөх, алдааг чинь шүүмжлэгчид байнга дагалдах нь мэдээжийн асуудал. Тухайн үед Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд:-“Э.Бат-Үүлийн үед өнгөрсөн өвлийн турш 13 удаа орсон цас энэ жил сарын дотор орчихлоо" хэмээн тун хачирхалтай тайлбар өгч байсан. Улаанбаатарын зам цаснаас үүдсэн хальтиргаа гулгаагүй, хог новшиндоо дарагдахгүй байх зэрэгт менежмент хийж нийслэлийн харьяа албан байгууллагуудаа “хөдөлгөх” нь хотын Захирагчийн ажил гэдгээ ойлгохгүй яваа юм уу даа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр  сэтгүүлчдийн асуултад :-"Байгалийг би байтугай хэн ч зохицуулж чадахгүй ш дээ, миний дүү. Би хэлж байна ш дээ. Э.Бат-Үүлийг нийслэлийг удирдаж байхад буюу өнгөрсөн онд цас орж байсан, одоо тэрнээс их цас нэг сард орж байна. Сэтгүүлчид та нар цас өнгөрсөн оноос ахиу цас орж байгаа гээд тооцоолоод  яагаад мэдээлж болдоггүй юм." хэмээн хариулсан нь Засаг ноён баг командаа хэрхэн бүрдүүлснийг төвөггүйхэн мэдэж болохоор байна. Сэтгүүлчид бид Э.Бат-Үүл даргын үед буюу өнгөрсөн  оны өвлийн улирлын туршид 13, харин яана аа Су.Батболд даргын удирдаж буй өвөл нэг сард л 13 удаа их цас орчихлоо гээд л тооцоолоод  бичих хэрэг үү. Харин ч тэнгэр хангай хэнбугайд ч захирагдахгүй. Их ч бага ч орсон бай та нар л удирдан чиглүүлж, цэвэрлүүлж, нийслэлчүүдээ тайван, эрсдэлгүй аж амьдруулах нь үүрэг тань.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

С.Зориг агсны хэргийн шүүх хуралд ар гэрийнхнийг нь оролцуулах эсэхийг өнөөдөр шийднэ гэв

18 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнгөрсөн  арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Цагдан хорих 461-р ангид хаалттай болсон билээ. Тус шүүх хурал таван өдөр үргэлжилж Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа, Т.Чимгээ нарт талийгаач  С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Энэхүү шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар уг гомдлын авч хэлэлцэн маргааш буюу энэ сарын 14-ний өдөр С.Зориг агсны хэрэг давж заалдах шүүх болох юм. Шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хурлын талаар 24 жилийн ял сонсоод байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгээс тодрууллаа. 

-Давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Шүүх хурлын талаар та хэзээ мэдсэн вэ?  

-Завж заалдах шатны шүүх хурлын талаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдсэн. Шүүхээс бидэнд хурлын өдрийг товлосон  гэдгийг хэлсэн.   

-Шүүх хурал хаалттай явагдана гэсэн. Та мэдсэн үү?

-Мэдсэн. Өмнөх шүүх хурал нь хаалттай болсон. Энэ удаагийнх нь бас хаалттай явагдана гэж хэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Гамшгийн аюулын дохио дуугарна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх пүрэв гаригийн 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг. Харин энэ жилийн гуравдугаар сарын 23-ны өдрийн 16 цагт дадлага сургууль хийхээр товлогджээ.

Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцоно гэж Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ.

Ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээтэй

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргажээ. Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг.Тиймээс ирэх тавдугаар сард ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Мөн ухаалаг хэрэглээ, ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг нийслэлийн Байгаль орчны газраас уриаллаа.  Мөн тус газар ахуйн хэрэглээний үнсийг дахин ашиглах технологийн судалгаа, суурьшлын бүсийн нянгийн бохирдлоор бохирдсон хөрсний бохирдлыг саармагжуулах, харшлын эх үүсвэрийг багасгах, олон наст ургамал, бут сөөгийн давуу талыг тодорхойлох, хөл газрын ургамал шарилж, луулийн ашигт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргуулан авах зэрэг ажлыг Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач болон их, дээд сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Баримтаа энэ сарын 18-ны дотор бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гаригт 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд, иргэн та 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд  https://ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.Тиймээс иргэдийг худалдан авсан барааны баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын Ерөнхий Газраас зөвлөж байна.

Г.Маралмаа, Т.Цогт нарыг баасан гарагт шүүнэ

Дөрвөн настай охиноо  зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурлын тов энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.
 
Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан билээ. Тэгвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины аавыг дахин хорьсон гэх мэдээлэл гарсан. Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.
 
Хойд эх Г.Маралмаад энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Шинэээр  илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Цогт, Ж.Маралмаа нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгажээ.

Тормоз хөлдөхөөс сэргийлдэг шингэн уусан жолооч нар нас баржээ

Өмнөговь  аймагт тээврийн жолооч нар хордлогод орж амиа алдсан  талаар мэдээлэл өмнө хүргэсэн билээ. Тус жолооч нар “Эрдэнэс тавантолгой”-гоос зайдуу “Цагаан хад”  гэх газар орчимд хооллож  байгаад  согтууруулах ундаа хэрэглэсэн “Монфорт” хэмээх Хятад эзэнтэй компанийн жолоочид амиа алдсан байна.
Эдгээр хүмүүсийн гурван хүн нас барж, гурван хүн яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Хордсон болоод амиа алдсан иргэдийг цогцосыг өчигдөр нийслэлд авчирсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр жолооч нар машины тормоз хөлдөхөөс сэргийлдэг шингэн уусны улмаас амиа алджээ


 Х.Тамир нарын таван хүнийг маргааш шүүнэ

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш  болно. Шүүх хурал өглөө 09.00 цагт эхлэх юм  байна. 

Х.Тамир нарын таван хүнийг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж улмаар худалдан борлуулахыг завдсан хэрэгт буруутган ийнхүү шүүнэ хэлэлцэж байнаа аж. 

Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд багш мэргэжилтэй, У.Ууганбаяр гэгч байжээ

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр XI хороололд хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан 10 настай Т гэх хүүхдийг үл таних этгээд хулгайлах гэж оролдсон хэрэг гарсан. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.

Энэ хэрэгтэй холбоотойгоор хамгийн сүүлд авсан мэдээллээр уг этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй, У.Ууганбаяр гэх 35 настай, багш мэргэжилтэй нэгэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Ууганбаяр нь хэд хэдэн сургуульд ажиллаж байгаад халагдсан байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар У.Ууганбаярын сэтгэцийн байдал эрүүл эсэхийг шалган тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргажээ. Шалгалтын явцад У.Ууганбаяр гэгч сургуулиудын ойр орчимд их эргэлддэг гэх мэдээлэл ирсэн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment