Малайзийн эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийж, Ким Жон Намын гэр бүлийнхэнд талийгаачийн шарилыг гурван долоо хоногийн дотор авах хугацаа өгсөн байна.
Мөн үүнээс гадна Хойд Солонгосын тал нас барсан хохирогчийг Ким Жон Нам биш, Ким Чол хэмээх нэртэй өөр хүн гээд зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдээд байгаа. Гэр бүлийнхнийх нь хүсэлтийг хүлээж авсны дараа Малайзийн засгийн газар цаашид яахаа шийдэх гэнэ.
Талийгаачийг Ким Жон Нам мөн болохыг батлахын тулд хүү Ким Хан Солоос ДНХ дээж авсан байж болзошгүй байна. Мөн Японы талд хадгалагдаж байсан хурууны хээ зэрэг мэдээллийг ашигласан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ким Жон Нам 2001 онд хуурамч паспортоор Японд нэвтрэх гэж оролдох үедээ саатуулагдаж, хурууны хээгээ үлдээж байсан гэнэ.