8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилд 713-7950 идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулан үхэж байна

2017-03-15 09:00:00

Аливаа зүйл хоёр талтай. Нэг талдаа дэвшилт ололт болдог ч нөгөө талдаа эрсдэл, сөрөг үр дагавар дагуулдаг. Тухайлбал,  манай орны эрчим хүчний салбарт урд өмнө нь хэрэглэж байсан модон тулгуурыг халж оронд нь төмөр карказ бүхий бетон тулгууруудыг ашиглаад удаж байна. Ингэснээр бага болон дундаж хүчдэлийн эрчим хүчийг хүн ам цөөнтэй сум суурингуудад нийлүүлэх болсон дэвшил юм. Хэдийгээр энэхүү шийдэл нь удаан эдэлгээтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч, бидний хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсаар арав гаруй жил өнгөрчээ

Гадаад дотоодын судлаачдын үзэж байгаагаар манай оронд жилд 700-4000 хүртэлх тооны идлэг шонхор, мөн тооны шилийн сар, ойн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор болон бусад олон зүйлийн шувууд хүчдэлд цохиулан үхдэг байна.

Эдгээр шувууд нь мөн өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Тодруулбал, нэг идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг. Тэгэхээр мөнгөөр үнэлэхэд хэчнээн тэрбум төгрөгийн хохирлыг байгаль эх дэлхийдээ учруулсныг бид бодох л хэрэгтэй. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “Цахилгаан түгээх сүлжээний шугамын байгууламжаас махчин болон нүүдлийн шувуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг үйл ажиллагааныхаа хүрээнд БОАЖЯ, ЭХЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Оюутолгой компани хамтран зөвлөлдсөн байна.

Ингэснээр цахилгаан дамжуулах агаарын шугам дахь шувуудын үхэл, хорогодол, түүний цар хүрээг бууруулах, үр дүнтэй ажиллах арга замыг бий болгох, шугам засварын ажилд шаардагдах зардлыг нөөц боломжиндоо тулгуурлан шийдэх, шинээр хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохоор зорьж эхэллээ.

Жилд 713-7950 монгол орны үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд цохиулан үхэж байгааг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанаас харахад 2013-2016 оны хооронд улсын хэмжээнд нийт 20-26 зүйлийн 2343 шувуу хүчдэлд цохиулан үхжээ. Үүнээс 867 нь идлэг шонхор байна. Хүчдэлд цохиулан үхсэн идлэг шонхорын 63 хувийг эм, 37 хувийг эр идлэг шонхор эзэлжээ. Харин нас залуу идлэг шонхорын хувьд эм нь эрээсээ 2.1 дахин их өртөж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment