8o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОН НУТАГ: Увс аймагт онц байдал зарлажээ

2017-03-15 08:41:00

-Увс аймагт шуурхай бүлэг ажиллаж эхэллээ- 

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсч тус аймагт онц байдал зарлажээ.  Улмаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өчигдөр Увс аймгийг зорьсон байна.  Учир нь энэ оны эхний хоёр сард их хүйтэрсэнтэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж тэлж эхэлсэн аж. 

“Шуурхай бүлэг”-т бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. 

“Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах аж.   

-Чандмань багийн 532 өрхийн 1927 хүн усанд автах аюул нүүрлээд байна-

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байнаДуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Мөн хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад байгаа аж. Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай болсон байна. Үүнээс үүдэж улсын чанартай автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрчээ.

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 100 гаруй хүн, 9 автомашинтайгаар энэ хугацаанд авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажилласан байсан.  Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсэн ч үр дүнд хүрэлгүй ийнхүү онц байдал зарлаж шуурхай бүлэг ажиллаж эхэлсэн байна.  

Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандмань нь аймгийн төвөөс гурван км-ын зайтай оршдог. Нийт 532 өрхтэй 1927 хүн ам амьдардаг. Хүн амын дийлэнх хувь нь мал маллах, газар тариалан эрхэлдэг. Мөн тус багийн газар нутаг ногооны талбай их, булаг, жижиг гол, хиймэл нуур ихтэй учраас ус тэлэх асуудал жил бүр тохиолддог аж. Өнгөрсөн жилүүдийн Чандманий чиглэлд шар усны үер ирдэг байсан ч энэ жилийнх шиг сандаргаж их хэмжээгээр тэлж байсан нь удаа байхгүй. Мөн энэ өвөл их хүйтрэхгүй байгаагаа нь ус дэлгэх нэг шалтгаан болж байна гэдгийг тус багийн иргэд ярьж байна.   

Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж байгаа бөгөөд Улаангомоос гарч орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж байгаа аж. Хавар болж дулаарвал шар усны үер нэмэгдэж, улмаар замын далан давснаар Чандманий иргэд усанд автах эрсдэлтэй байдалд хүрчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment