8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ууганцэцэг: Нойргүйдэх мөн ходоод, толгой өвдөж байгаа бол стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлсэн гэсэн үг

2017-03-15 08:48:00

Б.Ууганцэцэг: Нойргүйдэх мөн ходоод, толгой өвдөж байгаа бол стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлсэн гэсэн үг

Та уурлаж бухимдсаар л байна уу. Замын түгжрэл, хорт утаа, эдийн засгийн нөхцөл  байдал биднийг өөрийн эрхгүй стресстэж бухимдахад хүргэж байна. Гэхдээ та  оршин буй юм бүхнээс стрессдэж бухимдаад байвал стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлдэг юм байна. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг гэсэн үг.  Тэгэхээр стресс гэж юу вэ, түүнийг хэрхэн даван туулах талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

- Монголд стресс бухимдалгүй амьдардаг хүн гэж байхгүй байна. Ялангуяа нийслэл Улаанбаатарт хорт удаа, замын түгжрэлээс эхлээд янз бүрийн шалтгааны улмаас бид стрессдэж байна. Стресс даамжирсаар байгаад сэтгэцийн эмгэг болдог уу?

-Стресс нь өвчин гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу балансаа алдаж байгааг хэлдэг. Бүхий л насны хүнд тодорхой хэмжээний стресс байдаг. Тэгэхээр эхлээд би яагаад стресстэй байгаа юм бэ? Ямар зүйлд сэтгэл санаа зовж байгаа вэ? гэдгээ олох ёстой. Тэр стрессээ тайлж, олж чадахгүй байгаа учраас стресстэй явсаар байна. Стрессийг үүсгээд байгаа хүчин зүйлийг эхлээд олох ёстой. Түүний юуг нэрлэдэг вэ гэхээр стрессор гэж нэрлэдэг. Ямар нэг зүйлээс байнга хамааралтай стресстэй байна уу? эсвэл гэнэт ямар нэгэн зүйлээс болоод байна уу? гэдгийг олох ёстой. Энэ бол стрессийн хамгийн чухал үндсэн ойлголт. Үүнийг ойлгосон хүн бол юм юманд уурлаж бухимдах мөн сэтгэлийн хөдөлгөөнөө буруу илэрхийлэхээд байхгүй. Стресст оруулж байгаа зүйл нь байнга байж байх учраас тэрэнд яаж хандах вэ? гэдэг хандлагаа тодорхойлох ёстой.

-Стресст өртдөггүй нас гэж бий юу?

-Ер нь стресст хоёр янзын ойлголт байгаа. 1. Бүх хүн стресст өртдөг. Стресст өртдөггүй хүн гэж байхгүй. 2. Бүх насны хүмүүс бас стресст өртдөг. Тэгэхээр насны ялгаа гэж байхгүй. Дөнгөж төрсөн нярай хүүхэд хүртэл стресст өртдөг. Эхийн хэвлийд чийглэг, тайван, харанхуй, орчны хүчтэйдуунаас тусгаарлагдсан орчинд байж байгаад төрсний дараа маш хуурай, дуу чимээтэй, сэрүүхэн орчин угтаж авдаг. Тэгэхээр дөнгөж төрсөн нярайд хүртэл тодорхой хэмжээний стресс байдаг. Тэгэхээр стресст өртдөггүй нас гэж хэлэхэд хэцүү. Нас насан дээр үүсгээд байгаа стрессийн хүчин зүйлүүд маань өөр болохоос тэрийг хүлээж авч байгаа наснууд адилхан гэсэн үг. Тэгэхээр бүх насны хүмүүс стрессийг мэдэрдэг гэсэн үг. Ямар ч стрессээс хамаарахгүйгээр хүмүүс яв, алх, дуул, бүжиглэ гэж хэлдэг. Үүнээс илүүтэй сэтгэл зүйн тавгүй байдал үүсгээд байгаа хүчин зүйлээ эхлээд олох нь хамгийн чухал. Үүний дараа энэ шалтгаанд би өөрөө хэр зэрэг нөлөөлж чадах вэ? хэн нэгний тусламжгүйгээр хэрхэн даван туулах вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөө давж гарч чадах зүйл дээр айхтар стрессдэж бухимдаад хэрэггүй. Давж, шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

-Нялх хүүхэд стрессдэнэ гэхээр сонин сонсогдож байна. Бид нар чинь нялх хүүхдийг төдийлөн сайн анзаардаггүй. Эцэг эхчүүд үүнд хэрхэн анхаарах вэ ?

-Нярай хүүхдийн хувьд хөхөө сайн хөхүүлэх, хүүхдээ сайн бүүвэйлэх, зөөлөн үнэрлэх, илэх, массаж хийж өгөх, тухайн насанд нь тохирсон дуу тавьж өгөх хэрэгтэй. Наад зах нь гэхэд хүүхэд живхэндээ шээсэн байвал маш хурдан сольж, үргэлж хуурай байлгах нь бас стрессийг нь тайлж байна гэсэн үг.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон өсвөр насны хүүхдүүд стрессээ тайлахгүй маш удаан хугацаанд уур бухимдалтай, сэтгэл нь тайван бус явах тохиолдол их байдаг. Тэгэхээр хуримтлагдсан стрессээс хэрхэн салах вэ?

-Хүчирхийлэлд өртсөний дараа зайлшгүй мэргэжлийн хүнд хандах ёстой.Хандах боломжгүй  хүмүүсийн стресс хэсэг хугацааны дараагаар үг болон үйлдэлээр гардаг. Тэрийгээ зохицуулаад явдаг хүмүүс бас байгаа, ил биш. Гэхдээ түүний илрэл нь хожуу гардаг. Ер нь сэтгэл зүйн илрэл нь хожуу гардаг. Хүүхэд ахуй цагтаа авсан сэтгэл зүйн гэмтэл сүүлд насанд хүрсэн хойно илэрдэг. Хожуу амьдралд нь нөлөөлдөг, ямар нэгэн шийдвэр гаргах, сонголт хийхэд нь саад болдог. Тэгэхээр мэргэжлийн сэтгэл судлаач юм уу, мэргэжлийн эмчийн туслалцаа заавал хэрэгтэй.

-Стрессийг хэдэн түвшинд ангилж үзэх вэ. Маш их бухимдсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Стресс гурван түвшинд илэрдэг. 1. Зан үйлийн хувьд өөрчлөлттэй болж эхэлнэ. Энэ нь уур бухимдалтай, тайван байж чадахаа болино, түгшүүртэй байдалд байна гэх мэтчлэн. Энэ байдал нь өөрөө хүчирхийлэл үйлдэгч болгож мэднэ. Энэ нь үг яриа болон үйлдлээр илэрнэ.

2. Танин мэдэхүйн үйл явцад өөрчлөлт орж эхэлнэ. Энэ нь мартамхай, ой тогтоолт муу хэлсэн ярьснаа мартдаг болно. Хэтэрхий их юм төсөөлдөг болно. Тэр төсөөлөл өөрөө нойронд нөлөөлж эхэлдэг

3. Нийгмийн амьдралын хувьд өөрчлөлт гарч эхэлдэг. Ажил сургуулиасаа залхах, таслах, солих. Мөн бусдаас зайгаа барьж хөндийрөх, үл ойлголцох, бусадтай ойлголцоход бэрхшээл гарч эхэлнэ.

4. Хамгийн сүүлд нь нойргүйдэх, унтаж амарч чадахгүй мөн хэт их жинтэй болох эсвэл хоолноос гарах.

Мөн янз бүрийн арьсны алергитэй болох, ходоод, толгой байнга өвдөх гэх мэт стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Би стресстэй байна гэдэг дохиогоо тархи энэ мэтээр дамжуулж байдаг. Зарим хүмүүс стресстэй байгаа болон стрессээс гараад байгаагаа ч мэддэггүй. Ер нь тухайн хүний асуудлаас хамаарна. Стрессийг үүсгээд байгаа зүйл нь юу вэ гэдгээс л хамаарна. Тиймээс удаан хугацаагаар ямар нэгэн шийдэлгүй зүйлийг бодосноос стресс нилээд даамжирдаг.

-Сэтгэл Судлалын Үндэсний Төвд жилд хандаж байгаа хүний хэдэн хувь нь стресст орж, бухимдсан хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-Сэтгэлзүйн үйлчилгээ авч байгаа хүнд тодорхой хэмжээний стресс байгаа. Харин түвшин нь харилцан адилгүй. Зарим хүнийх нь бага байхад зарим хүнийх нь дунд шатанд ч байх жишээтэй. Сэтгэл зүйн үйлчилгээ авч байгаа хүн тодорхой хэмжээгээр асуудлаа шийдэх гээд ирж байна гэсэн үг.Манай нийт зөвлөгөөнөөс харахад 60 орчим хувь бие хүний зөвлөгөө авсан хүн их байна. Энэ нь ганцаарчилсан бие хүний зөвлөгөө гэсэн үг.

-Стрессийн талаар судалгаа гэж байдаг уу. Ер нь хүн юунаас хамгийн их стрессдэж байна вэ?

-Олон түвшиний стрессийн судалгаа бий. Оюутны түвшингээс эхлээд байгууллагуудаар хийгдсэн олон судалгаа байдаг. Дэлхий дахинд хүн юунаас хамгийн бухимдаж стрессдэг вэ гэдгийг судалсан олон судалгаа байдаг. Үүнээс харахад:

1. Ойр дотны хүмүүсийн үхэл хагацал

2. Ажил мэргэжлээ солих

3. Өөрийгөө даван туулаагүйгээс

4. Санхүүгийн бэрхшээлээс болдог гэсэн ангилсан судалгаа байдаг.

 -Та  Сэтгэл Судлалын Үндэсний Төв энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манай төв сэтгэлзүйн цогц үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн стандартуудын дагуу хүргэхийг хичээдэг. Сэтгэлз үйн зөвлөгөөг өдөр болгон өгдөг. Хүүхэд гэр бүл, насанд хүргэгчид, хосуудад зөвлөгөө өгдөг. Мөн төрийн болон төрийн бус олон улсын байгууллагадтай хамтран төсөл хөтөлбөр, судалгаа, сургалт явуулдаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nomin
Arxi uudag Noxrooso salmaar bnaa.unexeer strestej bn Tusalaach salax orgodol xaana ogox be
2017/05/26 202.9.42.144
Ganaa
Haana baidag ve zuvluguu avah gesiin
2017/03/16 202.70.46.220
zochin
yaj emchleh umbe
2017/03/15 103.26.193.101
үүүүүү
би туйлдаа хүржээ
2017/03/15 43.242.242.52
  • Recent
  • Most Read
  • Most Comment