Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийсэн юм. Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг аж. Өнөөдрийн байдлаар манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг юм байна. Үүний дотор 41 үеэ мэддэг хүн ч байдаг гэдгийг хурлын үеэр онцолсон юм. Ургийн бичиг хөтлөхгүй бол 10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй, бүгд эрлийз болно гэсэн тооцоо гарчээ. Ийм шившигтэй үр дүнд хүрэхгүйн тулд бид өнөөдөр энэхүү ажлыг өрнүүлэхээр болсон гэдгийг Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж онцолж байсан юм.
Улсын хэмжээнд 2005-2009 оны хооронд 689 согоггой хүүхэд мэндэлжээ. Харин 2014-2015 онд 1,280 тохиолдол болж нэмэгдсэн байна. Мөн дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж буй нь цус ойртолтын шинж гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолжээ. Хөдөө орон нутагт цус ойртолтын төвшин хотынхоос илүү өндөр байна. Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Хөдөө орон нутагт жил ирэх тусам ургийн гажигтай төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүмүүс угийн бичгээ хөтөлдөггүй, ураг удмаа мэддэггүйгээс нэг сум, баг, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх тохиолдол 73,9- 86,1 хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолд хэрхэн нөлөөлж байгааг 2016 онд хийсэн судалгааг насны бүлгээр нь авч үзэхэд 15-54 насны буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй, улс орны ачааг үүрч яваа гэгддэг залуус оюуны хомсдлын төвшин хамгийн өндөр гарчээ. Мөн цус ойртолтоос сэргийлэх ганц зүйл бол ургийн бичиг хөтлөх аж.
Дашрамд дуулгахад монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нарийвчлан судалсаны үр дүнд цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулапт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болгох шаардлагатай гэв.