8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Энхийг сахиулагчид 2 настай хүүгийн амийг аварч,С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн өдөр

2017-03-15 18:53:00

Өнөөдөр Улаанбаатарын төв гудамж инээмсэглэлээр баялхаж байна. Урьд нь яаруу хөдөлгөөн ихтэй байсан бол өнөөдөр тайван алхах хүмүүсээр дүүрч. Нар өөдөөс хурц халуунаар биш бүлээхэн салхитай хамт биеийг дулаацуулна. Гудамжаар бяцхан үрээтэйгээ гэр бүлтэйгээ хамт яваа залуусыг харагдана. Хүмүүс яарсан санаа зовсон байдалгүй удаан алхах нь эргэн тойрноо тайван ажиглах таатай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд хаврын нэг өдрийн зургыг нүдний өмнө цогцлоосон мэт. Хаврын ийм нэгэн нэгэн үдэштэй учран золгож байгаа эрхэм уншиг та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэхэд бэлэн боллоо. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авна уу.

Манай энхийг сахиулагчид хоёр настай хүүхдийг аварлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй Бентью баазын харуулын цэг дээр III МБР-ын ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар 2017 оны 3 дугаар сарын 08-ны 21 цагийн үед цэгээс 150 метрийн зайд, харгалзах хүнгүй явж байсан 2 настай хүүхдийг илрүүлэн, төвд яаралтай мэдэгджээ. Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс авсан бөгөөд шөнийн 00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн 3 иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг аж

Б.Ууганцэцэг: Нойргүйдэх мөн ходоод, толгой өвдөж байгаа бол стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлсэн гэсэн үг

Та уурлаж бухимдсаар л байна уу. Замын түгжрэл, хорт утаа, эдийн засгийн нөхцөл  байдал биднийг өөрийн эрхгүй стресстэж бухимдахад хүргэж байна. Гэхдээ та  оршин буй юм бүхнээс стрессдэж бухимдаад байвал стресс бие эрхтэнд нөлөөлж эхэлдэг юм байна. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг гэсэн үг.  Тэгэхээр стресс гэж юу вэ, түүнийг хэрхэн даван туулах талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

- Монголд стресс бухимдалгүй амьдардаг хүн гэж байхгүй байна. Ялангуяа нийслэл Улаанбаатарт хорт удаа, замын түгжрэлээс эхлээд янз бүрийн шалтгааны улмаас бид стрессдэж байна. Стресс даамжирсаар байгаад сэтгэцийн эмгэг болдог уу?

-Стресс нь өвчин гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу балансаа алдаж байгааг хэлдэг. Бүхий л насны хүнд тодорхой хэмжээний стресс байдаг. Тэгэхээр эхлээд би яагаад стресстэй байгаа юм бэ? Ямар зүйлд сэтгэл санаа зовж байгаа вэ? гэдгээ олох ёстой. Тэр стрессээ тайлж, олж чадахгүй байгаа учраас стресстэй явсаар байна. Стрессийг үүсгээд байгаа хүчин зүйлийг эхлээд олох ёстой. Түүний юуг нэрлэдэг вэ гэхээр стрессор гэж нэрлэдэг. Ямар нэг зүйлээс байнга хамааралтай стресстэй байна уу? эсвэл гэнэт ямар нэгэн зүйлээс болоод байна уу? гэдгийг олох ёстой. Энэ бол стрессийн хамгийн чухал үндсэн ойлголт. Үүнийг ойлгосон хүн бол юм юманд уурлаж бухимдах мөн сэтгэлийн хөдөлгөөнөө буруу илэрхийлэхээд байхгүй. Стресст оруулж байгаа зүйл нь байнга байж байх учраас тэрэнд яаж хандах вэ? гэдэг хандлагаа тодорхойлох ёстой.

-Стресст өртдөггүй нас гэж бий юу?

-Ер нь стресст хоёр янзын ойлголт байгаа. 1Бүх хүн стресст өртдөг. Стресст өртдөггүй хүн гэж байхгүй. 2Бүх насны хүмүүс бас стресст өртдөг. Тэгэхээр насны ялгаа гэж байхгүй. Дөнгөж төрсөн нярай хүүхэд хүртэл стресст өртдөг. Эхийн хэвлийд чийглэг, тайван, харанхуй, орчны хүчтэйдуунаас тусгаарлагдсан орчинд байж байгаад төрсний дараа маш хуурай, дуу чимээтэй, сэрүүхэн орчин угтаж авдаг. Тэгэхээр дөнгөж төрсөн нярайд хүртэл тодорхой хэмжээний стресс байдаг. Тэгэхээр стресст өртдөггүй нас гэж хэлэхэд хэцүү. Нас насан дээр үүсгээд байгаа стрессийн хүчин зүйлүүд маань өөр болохоос тэрийг хүлээж авч байгаа наснууд адилхан гэсэн үг. Тэгэхээр бүх насны хүмүүс стрессийг мэдэрдэг гэсэн үг. Ямар ч стрессээс хамаарахгүйгээр хүмүүс яв, алх, дуул, бүжиглэ гэж хэлдэг. Үүнээс илүүтэй сэтгэл зүйн тавгүй байдал үүсгээд байгаа хүчин зүйлээ эхлээд олох нь хамгийн чухал. Үүний дараа энэ шалтгаанд би өөрөө хэр зэрэг нөлөөлж чадах вэ? хэн нэгний тусламжгүйгээр хэрхэн даван туулах вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөө давж гарч чадах зүйл дээр айхтар стрессдэж бухимдаад хэрэггүй. Давж, шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

-Нялх хүүхэд стрессдэнэ гэхээр сонин сонсогдож байна. Бид нар чинь нялх хүүхдийг төдийлөн сайн анзаардаггүй. Эцэг эхчүүд үүнд хэрхэн анхаарах вэ ?

-Нярай хүүхдийн хувьд хөхөө сайн хөхүүлэх, хүүхдээ сайн бүүвэйлэх, зөөлөн үнэрлэх, илэх, массаж хийж өгөх, тухайн насанд нь тохирсон дуу тавьж өгөх хэрэгтэй. Наад зах нь гэхэд хүүхэд живхэндээ шээсэн байвал маш хурдан сольж, үргэлж хуурай байлгах нь бас стрессийг нь тайлж байна гэсэн үг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Хагас нүцгэлж жагссан эмэгтэйчүүдийг буруутгах үндэслэл огт алга

Ямар шуурхай арга хэмжээ авна вэ гэж уулга алдмаар санагдчихлаа. Гэхдээ маш өчүүхэн зүйлд шүү. Гурван эмэгтэй Олон улсын эрхийг хамгаалах өдрөө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр хагас нүцгэн жагссаныхаа төлөө 50000 төгрөгөөр торгуулах шийтгэл оногдуулсан.

Шийтгэл хүлээх болсон шалтгаан нь ...Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамрах хэсэгт хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан учраас тэр.

 Монгол Улсын хуулийн дөрөвдүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр. 4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан.

Энэ өдөр 1908 онд 15000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байдаг.
1910 онд Финланд Улсын парламентын анхны гурван эмэгтэй гишүүд оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна. 1917 онд эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр гуравдугаар сарын 8-ны өдөр байжээ. Энэ мэтчлэн дурдвал олон түүхэн баримт бий.

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд жагссан монгол гурван эмэгтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнх өдөр учраас тэд жагссан. 

Дээрээсээ хуульчилж, та энэ өдөр ажиллахгүй амар, гуравдугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд цаасан дээр хараар тамгалсан өдрөө тэд эрхээ л эдэлсэн.

Үндсэн эрхийнх өдөр байтал яагаад жагсаал цуглааны зөвшөөрөл авах гэж. Аль эсвэл үлгэр дууриалалгүй нүцгэн жагссанд нь эгдүүцээд байгаа юм уу. Эрхийн өдрөө цэцэг, шоколад, хайранд л умбаж баярла гээд байгаа юм уу. Тийм таатай нөхцөл одоогийн нийгэмд харамсалтай  нь алга даа. Хэрвээ тэд хагас нүцгэлээгүй бол хэн ч тоож авч хэлэлцэхгүй байсан. Харин ч ийм зоригтой алхам хийснээрээ олон нийт, эрх баригчид ч анхаарч хурдан шуурхай шийтгэл хүлээлгээд байгаа юм шүү. Ямар их бухимдал, эмзэглэл тээж яваадаа тэд хаврын хүйтэн хавсарганаар нүцгэлэх вэ дээ. Үнэндээ тэд их зориг гаргасан. Тэр бүсгүйчүүдэд эр нөхөр, энхрий үрс гэж байдаг болохоор ичихийн дээдээр ичсэн. Гэвч манай улсын нийгэм, эдийн засаг хүнд, төр засагтаа итгэх итгэлгүй болсондоо хямарч, бухимдаж аргаа барахдаа л ирээдүй болсон үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэд ийн жагссан.  Тэднийг буруутгах үндэслэл огт алга.

ОРОН НУТАГ: Увс аймагт онц байдал зарлажээ

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсч тус аймагт онц байдал зарлажээ.  Улмаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өчигдөр Увс аймгийг зорьсон байна.  Учир нь энэ оны эхний хоёр сард их хүйтэрсэнтэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж тэлж эхэлсэн аж. 

“Шуурхай бүлэг”-т бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. 

“Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах аж.   

-Чандмань багийн 532 өрхийн 1927 хүн усанд автах аюул нүүрлээд байна-

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Мөн хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад байгаа аж. Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай болсон байна. Үүнээс үүдэж улсын чанартай автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрчээ.

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 100 гаруй хүн, 9 автомашинтайгаар энэ хугацаанд авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажилласан байсан.  Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсэн ч үр дүнд хүрэлгүй ийнхүү онц байдал зарлаж шуурхай бүлэг ажиллаж эхэлсэн байна.  

Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандмань нь аймгийн төвөөс гурван км-ын зайтай оршдог. Нийт 532 өрхтэй 1927 хүн ам амьдардаг. Хүн амын дийлэнх хувь нь мал маллах, газар тариалан эрхэлдэг. Мөн тус багийн газар нутаг ногооны талбай их, булаг, жижиг гол, хиймэл нуур ихтэй учраас ус тэлэх асуудал жил бүр тохиолддог аж. Өнгөрсөн жилүүдийн Чандманий чиглэлд шар усны үер ирдэг байсан ч энэ жилийнх шиг сандаргаж их хэмжээгээр тэлж байсан нь удаа байхгүй. Мөн энэ өвөл их хүйтрэхгүй байгаагаа нь ус дэлгэх нэг шалтгаан болж байна гэдгийг тус багийн иргэд ярьж байна.   

Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж байгаа бөгөөд Улаангомоос гарч орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж байгаа аж. Хавар болж дулаарвал шар усны үер нэмэгдэж, улмаар замын далан давснаар Чандманий иргэд усанд автах эрсдэлтэй байдалд хүрчээ. 

АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг улсын дээд шүүх бүртгэжээ

Ардчилсан намын VI, VII Их хурлаар “Намын даргад нэр дэвшигчдийн сунгаа зарлах”, “Намын даргын дотоод сонгууль зохион байгуулах”, “Үндсэн дүрэмд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан. Их хурлаас гарсан эдгээр шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгуулийг зохион байгуулж, бүх гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсон. Энэ дагуу АН-ын ХЭГ-аас Улсын Дээд шүүхэд хандсаны дагуу Улсын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд АН-ын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсоныг бүртгэж авсанаа мэдэгдлээ

Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийсэн юм. Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг аж. Өнөөдрийн байдлаар манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг юм байна. Үүний дотор  41 үеэ мэддэг хүн ч байдаг гэдгийг хурлын үеэр онцолсон юм. Ургийн бичиг хөтлөхгүй бол 10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй, бүгд эрлийз болно гэсэн тооцоо гарчээ. Ийм шившигтэй үр дүнд хүрэхгүйн тулд бид өнөөдөр энэхүү ажлыг өрнүүлэхээр болсон гэдгийг Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж онцолж байсан юм. 

Улсын хэмжээнд 2005-2009 оны хооронд 689 согоггой хүүхэд мэндэлжээ. Харин 2014-2015 онд 1,280 тохиолдол болж нэмэгдсэн байна. Мөн дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж буй нь цус ойртолтын шинж гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолжээ. Хөдөө орон нутагт цус ойртолтын төвшин хотынхоос илүү өндөр байна. Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Хөдөө орон нутагт жил ирэх тусам ургийн гажигтай төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүмүүс  угийн бичгээ хөтөлдөггүй, ураг удмаа мэддэггүйгээс нэг  сум, баг, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх тохиолдол 73,9- 86,1 хувьтай байна гэсэн судалгаа гарчээ.  Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолд хэрхэн нөлөөлж байгааг  2016 онд хийсэн судалгааг насны бүлгээр нь авч үзэхэд 15-54 насны буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй, улс орны ачааг үүрч яваа гэгддэг залуус оюуны хомсдлын төвшин хамгийн өндөр гарчээ. Мөн цус ойртолтоос сэргийлэх ганц зүйл бол ургийн бичиг хөтлөх аж. 

Дашрамд дуулгахад монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нарийвчлан судалсаны үр дүнд цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулапт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болгох шаардлагатай гэв.

Хоёр хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орон гэрээ аюултай гэж хариулжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна. Судалгааг өнгөрсөн 2016 оны наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх дөрвөн сарын хуцгацаанд хийсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотын  долоон дүүрэг, хөдөө орон нутгийн найман аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хүн  хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд,  хоёр хүүхэд тутмын нэг  нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурван нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найм нь хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна.  

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд,  хоёр хүүхэд тутмын нэг  нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурван нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна.  

Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд (84.7 хувь), сургуулийн орчинд (50.7 хувь), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол, Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6 хувь, сургуулийн орчинд (36.2 хувь), гудамж талбайд (53.8 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ. Улмаар судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын  нэг нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3 хувь  нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4 хувь нь бусдаас хамгийн их айдаг гэжээ.

24 жилийн ял авсан Т.Чимгээд сэтгэцэд нөлөөлөх тариа хийсэн үү

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр нь үлдээлээ. Үүнийг ар гэрийнхэн мөн эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дуулгаж байна. Шүүх хурлын дундуур  яллагдагч Т.Чимгээгийн төрсөн ахын  хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Тодруулбал, “Энэ сарын 9-ны өдөр Дорноговь аймгаас яллагдагч Т.Чимгээг ар гэрийнхэн нь эргэжээ. Гэвч түүнд үл мэдэгдэх тариагаар тарьсан гэх зүйлийг Т.Чимгээ ярсан байна. Ар гэрийнх нь үзэж байгаагаар ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Энэ талаар түүний ах “Дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь манай дүүд үл мэдэгдэх тариа тарьсан байна. Дүү маань ямар ч хэрэг хийгээгүй болохоор айхгүй байна гэж байгаа ч би айж байна. Ямар хүн, яах гэж тариа хийснийг хэлж мэдэхгүй байна. Ухаан санаа эрүүл саруул хүнийг л аваад явсан. Тийм л хүн гарч ирэх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нөлөөлсөн бол хууль хяналтын байгууллагад хандана. Тэр тариа ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.

Зургаан сараас дээш насныханд Менингитийн эсрэг вакцин хийж байна

Сүүлийн үед Менингококкт халдвараар ихэвчлэн бага насны, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд зориулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг  гаргасан байгаа юм. Уг өвчний халдвараар сар шинийн үеэр ой зургаан сартай охин нас барсан билээ. Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг аж. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой лхагва, баасан гарагт 9.00-14.00 цагт ХӨСҮТ-д Менингитээс сэргийлэх вакцинийг хийж эхэлсэн байна. Зургаан сараас дээш настай бүх иргэд хийлгэх боломжтой аж. Вакцины үнэ 13.500 төгрөг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл