8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын хөрсний 88 хувь нянтай, хөгцөрч мөөгөнцөрдсөн

2017-03-16 07:30:00

Хотын агаарын бохирдлын гол “үйлдвэрлэгч” нь гэр хороолол

Сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн байгаа орчны чанар доройтон, бохирдол ихэсч, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлээд зогсохгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж асар их хохирол учруулахуйц болоод байна.

Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байна.

Улаанбаатар хотын бохирдлын өнөөгийн байдлыг 2017 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногийн дунджаар авч үзвэл PM2.5 тоосонцрын хэмжээ 200 мкг/м3 буюу Агаарын чанарын стандарт(АЧС)-аас 4 дахин их, PM10 тоосонцрын хэмжээ 606 мкг/м3 буюу стандартаас 6 дахин их, хүхэрлэг хий (SO2) 235 мкг/м3 буюу стандартаас 4.7 дахин их, азотын давхар исэл (NO2)119 мкг/м3 буюу стандартаас 2.4 дахин их байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эх үүсвэртэй нь холбож судалсан дүнгээс авч үзвэл: агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргаж, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд гаргаж, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэрээс ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна.

Сонгины гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг Туул голын ус маш бохир

Усны бохирдлын хувьд гол эх үүсвэр нь цэвэрлээгүй эсхүл дутуу цэвэрлэсэн үйлдвэрлэлийн болон ахуйн бохир ус, стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хөрс болон агаарын бохирдол, уул уурхайн болон барилгын үйлдвэрлэлээс үүдэлтэй лаг шавар, хагшаас зэрэг болно.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг хот суурин газрын цэвэрлэх байгууламжийн техник технологийн хоцрогдол, хүчин чадлын хэтрэлт нь усны бохирдлын гол эх үүсвэр болж байна. Улсын хэмжээний нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдсон, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир усыг байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голын усыг эрдэс болон органик бодисоор бохирдуулж байна.

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгины гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгт “Маш бохир” гэж үнэлэгдэж, усан дахь органик бодисын агууламж Усны чанарын стандартаас 2-266 дахин, аммонийн азот стандартаас 1.4 - 61 дахин давж бохирдож байна.

Хотжилтын нөлөөгөөр гэр хороолол тэлж, тэр хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна.

Хотын хөрсний 88 хувь нян хөгцөрч мөөгөнцөрдсөн

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал, уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй байна.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал, уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, агаарын бохирдол зэргээс үүдэлтэй байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол, экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Хот, суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай (жорлон, муу усны нүх) холбоотой нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэрлэл, машин засвар, хогийн цэгийн ойр орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол их байна.

Жирэмсэн эхчүүд агаар, хөрсний бохирдлоос үүдэж зулбах, дутуу төрж байна

Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байсан ажлууд үр дүнд хүрэхгүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд байгааг олон арван судалгааны дүн илтгэж байна. Тухайлбал, амьсгалын замын өвчлөл хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж, агаарын бохирдол ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна.Хүн амын амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2005 онд 494 байсан бол 2014 онд 980 болж хоёр дахин өссөн.

Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах үр дагаварт хүргэж байна.

Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн, ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.                 П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл