8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Оюунбат: Гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт хамгийн их

2017-03-17 08:34:00

- Мутацын өвчлөл нь урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг нөлөөтэй-

Өвөл утаа, урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудал бол хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол нь нүдэнд утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Ингээд хөрсний бохирдлын өнөөгийн байдлын талаар ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач, доктрант П.Оюунбаттай ярилцлаа.

-Хөрсний бохирдол гэж юу бэ. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Хөрсөнд янз бүрийн химийн хорт бодис, өвчин үүсгэгч нян бактери орж хуримтлагдах үйл явцыг хөрсний бохирдол гэнэ. Улаанбаатар хотын хөрсний нянгийн шинжилгээний дүнгээр нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Үүнээс харахад нийслэл хотын хөрс нянгаар бохирдсон байдалтай байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт хамгийн их байна. Судалгаанд хамрагдсан нийт дээжний 12 хувь нь нянгийн бохирдолгүй, 53 хувь нь  бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь  их зэрэглэлийн нянгийн бохирдолтой гарсан. Хөрсний нянгийн бохирдолтын төрөл, тэдгээрийн нийт дээжинд эзлэх хувиар авч үзвэл, Гэдэсний бүлгийн бичил биетэн: E.coli 65.2,  Proteus 27.3, Citrobacter 12.2, Pseudomonas 3, Enterococcus 7.6 хувь байна. Агааргүйтэн бичил биетэн: Cl.perfringens 21.2, Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактер: Salmonella  9.1,  Хөгц мөөгөнцөр 42.4 хувь байна. Хөрсний нянгийн бохирдол өндөр байгаа нь гэр хорооллын ариун цэврийн нөхцөл муу, нүхэн жорлон, ил задгай хог хаягдалтай шууд холбоотой.  Мөн иргэдийн ухамсар, ахуйн соёл тааруу (эрэгтэй хүмүүс), нөгөө төлөөр нийтийн бие засах газар хангалтгүй учраас гэр хороолол, томоохон захууд орчим ил задгай бие засах, асуудал түгээмэл байгаа нь хөрсний аммоны бохирдол үүсгэх нэг шалтгаан болж байна. Хөрсний хүнд металлын бохирдлын хувьд Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Бусад газруудад хүнд металлын бохирдолт алаг цоог байдалтай ерөнхийдөө бага байна. 

Улаанбаатар хотын хөрсний нянгийн шинжилгээний дүнгээр нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Үүнээс харахад нийслэл хотын хөрс нянгаар бохирдсон байдалтай байна.

-Нийслэлийн аль хэсэгт хөрсний бохирдол хамгийн их байна вэ?

-Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг хүнд металлын бохирдолтоор бусад дүүргээс илүү байна. Тэр тусмаа Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо арьс шир боловсруулах үйлдвэрүүд, харгиа цэвэрлэх байгууламж орчимд хөрсний хромын агууламж стандартаас хэдэн арав дахин их бохирдолтой байна. Мөн шар хадны техникийн зах, эрдэнэтолгой, маахуур, өгөөмөр, 100 айл болон хоёрдогч түүхий эд авдаг цэг, авто машины тос тослох материалын худалдаа засвар үйлчилгээ хийдэг газрууд орчимд хөрсний хүнд металл харьцангуй өндөр байна.  Харин гэр хороолол тэр дундаа Гандан, Баянбүрд, 100 айл, 32-ын тойрог, Дарь эх, Амгалан Толгойт, Баянхошуу гэх мэт хүн ам ихээр төвлөрсөн, олон жил гэр хороолол байсан газруудад хөрсний нянгийн бохирдол хамгийн их байна.

-Ямар ямар хүчин зүйлс хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлөөд байна вэ?

-Гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай гудамжинд асгадаг угаадас, ахуйн хог хаягдал, үхсэн амьтаны сэг зэрэг нь хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болж байна. Зарим иргэд гол төлөв эрэгтэй хүмүүс гудамжинд нус шүлсээ хаях, согтуу хөлчүү үедээ гудамж, булан дохойд шээх, идэж уусан хоол хүнсний үлдэгдлээ ил задгай хаях зэрэг ухамсаргүй, бүдүүлэг зуршил нь хөрсний бохирдолд багагүй нөлөөлж байна. Манай улсад 1990-ээд оны эхэн үеэс эхлэн арьс шир боловсруулах үйлдвэрүүд олноор нээгдэж зургаан валенттай хромыг ашиглаж арьс ширнээс үсийг нь салгах технологийг өргөн ашиглаж ирсэн. Харамсалтай нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд маань хүнд хортой элемент болох хромоо хадгалах, тээвэрлэх дүрэм журмаа мөрдөөгүй зэрэг хэнэггүй эмх замбараагүй байдлаас болж хромоор их бохирдож байна. Үүнд хууль хяналтын байгууллагууд нь хяналт шаардлага тавьж ажиллах шаардлагатай байна.

Мутацын өвчлөл гэдэг нь богино хугацаанд хүчтэй мэдэгдэхгүй, урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг өөрчлөлтөнд оруулах, хөгжлийн бэрхшээлтэй, гаж хөгжилтэй хүүхэд төрөх зэргээр хүнд хэлбэрээр илэрдэг. Мөн  эмчлэгдэх боломжгүй өвчлөл

-Хөрсний бохирдол олон төрлийн өвчин үүсгэдэг гэж сонссон. Хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?

-Бохирдсон хөрс агаар, ус, ургамал, амьтанаар дамжин хүний эрүүл мэндэд янз бүрийн халдварт өвчлөл үүсгэдэг. Жишээ нь хромын бохирдлоос хүний арьс харшилтай болох, үс унах зэрэг өвчлөл цаашлаад бусад хар тугалга, цайр, кадми, никель, мөнгөн ус зэрэг хүнд элементүүдээс мутацын өвчлөл ч үүсч болох юм. Мутацын өвчлөл гэдэг нь богино хугацаанд хүчтэй мэдэгдэхгүй, урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг өөрчлөлтөнд оруулах, хөгжлийн бэрхшээлтэй, гаж хөгжилтэй хүүхэд төрөх зэргээр хүнд хэлбэрээр илэрдэг. Мөн  эмчлэгдэх боломжгүй өвчлөл. Хөрсний нянгийн бохирдлоос дотор муухайрах, гүйлгэх, гэдэсний хижиг, цусан суулга, зистит, бөөрний дутагдалд орох зэрэг олон өвчлөлүүд үүсдэг. Гэдэсний өвчлөгсдийн дийлэнх нь 0-15 насныхан байна гэсэн судалгааны дүн байдаг юм байна лээ.  

-Стандартын бус модон жорлонгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гэр хорооллын айл өрхүүдийн 97 хувь нь стандартын бус нүхэн жорлонтой байна гэсэн судалгааг хийсэн байдаг. Стандартын бус нүхэн жорлонгын бохир хөрсөнд шингэж хөрсний бохирдлыг үүсгэдэг. 2015 онд нүхэн жорлонгын стандарт (MNS 5924:2015) батлагдаж гарсан. Бид 2016 онд нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдлын судалгаа хийж үзэхэд дулааны улиралд хөрсөнд их хэмжээний нян бактерын бохирдолтой байсан. Гэр хорооллын хөрсний хамгийн их нянгийн бохирдолт илрэх дундаж гүн 2,8 метр байсан. Энэ гүн нь нүхэн жорлонгийн ёроолын төвшинтэй ойролцоо байна. Хөрсний бүтэц, нягтшил зэрэг үзүүлэлтүүдээс хамааран нянгийн бохирдолт тархах доод талын гүн 4-9 метр байна. Хөрсний нянгийн бохирдолтын тархалтын хамгийн доод талын гүн дунджаар 6.3 метр байна.  Ерөнхийдөө 10 метрээс доош хөрсний нянгийн бохирдолт илрээгүй. Гүний усны төвшин гадаргад ойрхон Туул, Сэлбэ, Улиастай голын татам орчмын гэр хороолол нь газрын доорх усыг бохирдуулах эрсдэлтэй байна.

-Хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд иргэн болон шийдвэр гаргах шатны байгууллага, Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллавал зохистой вэ?

-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэд стандартын шаардлага хангасан нүхэн жорлон хэрэглэх, бохир ус, ахуйн хог хаягдлаа гудамж талбайд эмх замбараагүй хаяхгүй байх хэрэгтэй. Үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын байгууллага хөрсний бохирдлыг бууруулах, дахин бохирдол үүсгэхгүй байх тал дээр иргэд аж ахуйн нэжүүдтэй хамтарч ажиллах, холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлэх. Нийслэл хотын захиргааны зүгээс гэр хорооллын ариун цэврийн нөхцөл, хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс хөрсний бохирдлыг багасгах тал дээр хууль эрхзүйн орчинг сайжруулах, энэ асуудлыг хариуцах чадварлаг боловсон хүчинтэй нэгжтэй болж, үе шаттай цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрэх болов уу.  

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B.Ariunaa
Sain bnu?Ene asuudliig neg tiish ni shiideh tsag ni bolson gej bodoj bn.Irgen bvr oroltsoh heretei.tseverhen hotiin toloo gej urialj bnaa
2017/03/17 202.70.46.215
mm
Ichij uhmeer yumaa 21r zuund modon jorlongoosoo salaagui ulsiin niislel bna geheer iim bj ulsiin hugjil ene ter gej hutsah heregguu bhaa
2017/03/17 103.229.120.117