Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэлд гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олдсон талаарх харамсалтай хэрэг гарсан билээ. Хамгийн хачирхалтай нь талийгаач Улаанбаатараас алга болсон ч Хөвсгөл далайгаас олдсон нь гадны ямар нэгэн нөлөөтэйгээр амиа алдсан байж болох хардлагыг төрүүлж байгаа юм.
Түүний “Toyota Prado-120” автомашиныг алга болсноос нь зургаан хоногийн дараа буюу энэ сарын 11-ны 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч олсон байдаг. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч тэр даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, маргааш нь Хөвсгөл нуурын гүнээс 27 настай Т.Лхагвасүмбэрэлийн цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Хэрэг гарсаны дараах нь байгаль хамгаалагчид, улс төрчид, олон улсын эрдэмтэд түүний үхлийн шалтгааныг тодруулж өгөхийг манай цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Тэгвэл сүүлийн үед талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг сэтгэцийн хувьд эрүүл бус, амиа егүүтгэсээсэн байж болзошгүй хэмээх мэдээлэл гарах болсон. Энэ талаар Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Б.Баярмаа “Т.Лхагвасүмбэрэлийн амь насанд яг хэн халдсаныг хууль, хяналтын байгууллагынхан олж тогтоох ёстой. Хэрэв илрүүлж чадахгүй бол үнэхээр арчаагүй, сэтгэл зүрхгүй байна л гэсэн үг. Амиа егүүтгэсэн, сэтгэцийн хувьд эрүүл бус байсан гэдэг ч юм уу, иймэрхүү зүйлийг ярьж байна. Цагдаагийнхан ч гэсэн байцаалт авахдаа ийм асуултыг асууж байна. Тийм биш гэдэг нь олон баримтаар нотлогдож байна. Би талийгаачийг хүүхэд байхаас нь сайн мэднэ. Жишээлбэл, олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, нийтэлж байсан, магистрийн зэргээ хамгаалахад бэлэн болсон мөн Англид сурах гэж байсан. Ийм хүүхэд оюун ухааны хувьд өөрчлөлтэй байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, амийг хөнөөсөн хүнийг шударгаар илрүүлж, хариуцлага тооцно гэдэгт итгэж байна. Магадгүй хэргийн эзнийг олж чадахгүй, ямар нэгэн байдлаар замхаруулбал ашиг хонжоо хайгчид цаашид байгаль хамгаалагчийн амь насанд дахин халдахыг үгүйсгэхгүй” гэсэн байна.