8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Түдэвдорж: Говийн аймгуудад цус ойртолт хамгийн их байна

2017-03-21 08:20:00

Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд онцолж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Ингээд цус ойртолтын талаар Монголын ураг, удам, уламжлалын холбоог үүсгэн байгуулагч, тэргүүн Ж.Түдэвдоржтой ярилцлаа.

-Бид цус ойртолт гэж ярьдаг боловч чухам юуг хэлээд тэр бүр сайн мэддэггүй. Цус ойртолт гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Нэг үгээр хэлбэл цус ойртолт гэдэг нь ураг, удам, ах дүүс буюу нэг үр нэг савнаас бий болсон хүмүүс хоорондоо холбогдож гэр бүл болохыг цус ойртолж гэдэг. Яс, цус, мах гэсэн гурван цус ойртолт байдаг. Цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж ангилдаг. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлнэ. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Цус ойртолт манай улсад олон бий. Ах дүү, садан төрөл бүү хэл, төрсөн ах дүү, ээж хүү хоёр гэрлэж гэр бүл болсон харамсалтай тохиолдол гарсан.  Өнөөдөр хөдөө орон нутагт нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухай нийт гэрлэлтийн 73,9-86,1 хувь нь тухайн баг, сумын иргэд хоорондоо гэрлэж байна. Үүнээс харахад цус ойртолт үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээнд байна. 

Нөгөө талаараа цус ойртолтын хэд хэдэн шинж байдаг. Оюун ухаан сэтгэхүйн чадавхийн төвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод хэлбэр гэнэ.

-Хөдөө орон нутагт цус ойртолт өндөр байна гэсэн үг үү. Нийслэл хотын хувь цус ойртолт хэр байна вэ?

-Орон нутаг цус ойртолт өндөр байгаа нь судалгаагаар гарсан. Тодруулбал говийн аймгуудад цус ойртолт хамгийн их байна.  Мөн урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна. Цус ойртолтыг газар зүйн тархалтаар нь авч үзвэл Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод хамгийн өндөр байна. Мөн Архангай, Баян-Өлгий аймагт өндөр байна гэсэн судалгаа гарсан. Харин Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт цус ойртолт хамгийн бага гарсан.

-Монголчуудын дийлэнх нь боржигон овогтой байна. Манайд нийт хэчнээн ургийн овог байна вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газарт нийт 430 гаруй овог байдаг. Үүний 70-80 хувь нь  боржигон. Зүүн болон говийн аймгууд ихэвчлэн боржигон овогтой байдаг. Цус ойртолт нь  ураг удмын гарал үүсэлтэй шууд холбоотой. Овог нь өөр байлаа ч гарал үүсэл нь нэг удмын хүмүүс хоорондоо суувал энэ цус ойртолт болно. Ургийн овгоо тодорхойлохдоо тухайн ургийн онцлог, газар нутгийн байршил зэргийг хамаарч тодорхойлж ирсэн. Монголын нууц товчоонд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллэсэн байдаг.

-Зарим аймгийнхан зан зангаа мэддэг гээд нутгийн хүнтэй хүүхдүүдээ гэрлүүлэх сонирхол их байдаг шүү дээ. Энэ нь цус ойртолтод нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Баруун аймагт төрсөн хүн зүүн аймгийн хүнтэй суувал цус холдоно гэж зарим хүмүүс ойлгодог. Энэ нэг талаасаа буруу ойлголт. Яагаад гэвэл хоёр өөр аймагт амьдардаг хэрнээ нэг удмын хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдол манайд олон бий. Яагаад гэвэл асруулсан, өргөж авсан, эсвэл бага залуудаа хүүхэд гаргаад тэр хүүхдээ ах дүү, аав ээждээ үлдээх зүйл хүний амьдралд байдаг. Гэтэл тухайн хүүхдүүд нь нас биед хүрээд хайр сэтгэлийн холбоотой болоод гэрлэх дээрээ тулаад удмыг нь судлаад үзэхээр нэг удамтай байдаг. Гэхмэтчилэн олон асуудал байдаг. Нөгөөтэйгээр өөрийн нутаг уснаасаа эхнэр, нөхөр бололцсон тохиолдолд цус холилдохгүй. Яагаад гэвэл ураг, удам ондоо хүмүүс байж болно. Тэгэхээр ямар ч залуус эхнэр, нөхөр бололцохдоо бие биенийхээ удмыг сайтар судалж, эцэг эхийг нь хэн болохыг мэдэх ёстой хэрэгтэй.

-Ах дүү хоёр, эгч дүү хоёртой суусан тохиолдол манайд нэлээд бий. Энэ нь цус ойртолтын тод жишээ байж болох уу?

-Ах дүү хоёр, эгч дүү хоёртой суух тохиолдол байж болохгүй. Манайд ийм тохиолдол олон. Ямар тохиолдолд болох вэ гэвэл алслагдсан аймгийн ах дүү, эгч дүү нар сууж болно. Ингэхдээ удам угсаа, ураг өөр байх тохиолдолд сууж болно. Гэхдээ нэг эцгийн хоёр үр хоёр эхийн саван орж байна гэдэг нь цус холилдож ойртож байгаагийн илрэл.

-Цус ойртолтоос болж удамшлын өвчлөлтэй хүүхэд сүүлийн үед их төрж байна гэсэн судалгаа гарсан байсан. Тухайлбал ямар өвчтэй хүүхэд төрж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гаднаас нь харахад цус ойртож төрсөн хүүхэд мэддэггүй. Яг эрүүл хүүхэд шиг. Гэхдээ оюун санааны хомсдолтой, гөлгөр, мангар юм шиг байдаг. Цус ойртоогүй хүүхэд таван мэдрэхгүйн хурц сэргэлэн цовоо байдаг. Нөгөө талаараа цус ойртолтын хэд хэдэн шинж байдаг. Оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн төвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод хэлбэр гэнэ. Бие бялдрын өсөлт давжаарах ч цус ойртолттой шууд хамааралтай аж.  Судалгаанаас харахад  улсын хэмжээнд 2005-2009 оны хоорондох дөрвөн жилийн хугацаанд 689 төрөлхийн согогтой хүүхэд мэндэлсэн. Харин 2014-2015 онд 1280 тохиолдолд болж нэмэгдсэн. Дөнгөж төрсөн нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж байгаа нь цус ойртолтын шинж тэмдэг.

-Цус ойртолтын үндсэн шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Цус ойртсон хүн ямар ааш араншин гаргадаг вэ?

-Хүний генетикийн шинжлэх ухаан цус ойртолтын үндсэн шинж тэмдгүүдийг хэлчихсэн байдаг юм. Тухайлбал, хүний бие бялдрын хөгжил давжаардаг, биеийн дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болдог мөн удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой төрөх хүүхэд олширдог. Өнөөгийн манай нийгэмд эдгээр сөрөг үр дагавар санаа зовоосон төвшинд илэрч байна. Удамшлын өвчний хэлбэрээр илэрч байгаа бол тухайн өвчний үед гардаг шинж илэрнэ. Цус ойртолтоос болж аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүс нэмэгдэж байна. Учир нь цус ойртсон бие махбодь бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий болдог. Ийнхүү байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна

-Аав ээжийн хоёр талдаа хэдэн үе  явж байж цус цэвэршиж, холддог вэ?   

-Ээжийн тал хамгийн багадаа үе, аавынх 9 үе явж байж цус цэвэршдэг. Монголчууд малаа цэвэр сайхан байлгах гэж мал үржлийн селекцэд илүү их анхаардаг хэрнээ монгол хүнийхээ цус, генед анхаардаггүй. Дэлхийд ийм улс ганцхан манайх. Тодруулбал малын ген, үржил селекцийн хуультай. Гэтэл хүнд нь байдаггүй. Хүнээ цэвэр байлгах талаар ямар бодлого байхгүй. Хүнээ малаасаа доор үздэг болж тараад байгаа юм. Тиймээс л цус ойртолт үндэсний аюулгүй байдалд хүрээд байна. Хэдэн үеэрээ дархлаагаа авч ирсэн монгол ген агуу. Зоригтой, эрэмгий, дайчин, шулуун шударга, дархлаа сайтай зан төлөв ганцхан монгол генд байдаг. Энэ бол монгол ген. Монголчууд Манжийн дарлалд 200 жил байсан гэж ярьдаг үздэг. Энэ нь монгол хүнийг устгах гэсэн бодлого шүү дээ. Ийм том зүйлээс монгол генээ авч үлдсэн хэрнээ дотроо бид цусан төрөл, яасан төрөл, махан төрөлтэйгээ гэр бүл болж амьдрах нь харамсалтай. Монгол эрүүдийн үрийг аваачиж дэлхийд хиймлээр гаргаж авах гэж оролдож байна. Гэхдээ ихэнх нь болохгүй байгаа гэж дуулдсан. Учир нь цус ойртолт их байгаатай холбоотой.

-Цус ойртолтоос хэрхэн сэргийлэх вэ?

-Хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, овог хэрэглэх. Хоёрдугаарт гэрийн угийн бичиг хөтлөх. Гуравдугаарт хүн амын хөдөлгөөнийг тэтгэж, хоорондоо чөлөөтэй зорчиж, уулзаж байх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Одоо бидний хэрэглэж буй ургийн овог нь цус ойртож гэрлэхээс хамгаалах арга хэрэгсэл байхаа больсон. Учир нь монголчууд 1997 онд овгоо сэргээх үед нэг хэсэг нь хайж байгаад өөрийнхөө жинхэнэ овгийг олж тогтоосон бол ихэнх нь шинээр зохиомол овог авч иргэний үнэмлэх дээрээ бичүүлэхэд нэлээд будлиан үүссэн юм. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёрын иргэний үнэмлэхийг харахаар хоёулаа Боржигон овогтой байх, гэтэл төрсөн ах дүү хоёр өөр өөр овогтой байх нь ердийн үзэгдэл болсныг анзаардаг байх. Уг нь овог гэж ураг төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёр ураг төрлийн холбоогүй, өөр язгууртай хүмүүс байтал ижил овогтой болчихсон, харин ураг төрлийн нэг язгууртай төрсөн ах дүүс өөр өөр овогтой болчихсон байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
талагдлаа
2024/04/16 202.126.91.130
Зочин
Сайн бнуу энэ хүний дугаар бнуу лавлаж юм асуух гсэн юм
2019/09/16 43.242.243.74
зочин
сайн бна уу манай найз банди бид 2 цусан тѳрлийн хүмүүс болчло найз бандийн аавын ээжийнх нь ээж нь миний аавын ээж нь тѳрсѳн эгч дүү 2ийн хүүхдүүд гээд бид 5 дахь үе нь дээрээс нь бид 2ийн хүүхэд 6
2019/04/23 112.72.11.118
Кумакай
КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд м
2018/01/22 202.179.2.118