8o
Улаанбаатар хот
mobile menu

И.Болормаа: Гэр хорооллын төвшинд хаягдал усыг дахин ашиглах боломжтой

2017-03-22 08:00:00

-Гүний усыг биш, гадаргын усыг түлхүү хэрэглэх хэрэгтэй-

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан байна. Энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Бразилийн Рио-дэ Жанеро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргаж байжээ. Дэлхийн усны өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн түүнчлэн усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах аж. Манай улс энэ жил дэлхийн усны өдрийг “Хаягдал Ус” уриатайгаар тэмдэглэж байна. Ингээд манай улсын цэвэр усны нөөц болон усны зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн И.Болормаатай  ярилцлаа.

-Дэлхийн усны өдрийг “Хаягдал Ус” уриатайгаар тэмдэглэхээр болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тухайн сэдэвтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг сонгон авч уриа болгодог. Энэ жилийн хувьд “Хаягдал Ус” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь учиртай. Яагаад гэвэл хаягдал ус буюу бохир нь нь ахуйн хэрэглээнээс, үйлдвэрлэл, газар тариалан зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой зүйлээс болоод өөрийн цэвэр шинж чанараа алдаж бохирдсон ус юм. Хаягдал устай холбоотой асуудал манай улсын хувьд тулгамдаж байгаа нэг зүйл учраас ингэж нэрлэсэн.

Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Байгалийг хүн дийлэхгүй. Дараагийн нэг гол хүчин зүйл бол усны замбараагүй хэрэглээ.

-Хаягдал усыг дахин ашиглах нөхцөл боломж манай улсад бий юу?

-Хаягдал усны асуудал дээр хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт хаягдал усыг хэрхэн зөв зүйтэй зайлуулах вэ. Хоёрдугаарт хэрхэн үр ашигтай ашиглах вэ. Гуравдугаарт  аль болох хаягдал ус бага гаргах вэ гэсэн хэдэн үндсэн асуудал анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гараад байна. Эрүүл мэндийн чиглэлийнхээ хувьд аваад үзэхэд хүн хангалттай хүрэлцэх хэмжээний ус хэрэглэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хангалттай ус хэрэглэх шаардлагатай. Гэхдээ үргүй зардал гаргахгүй. Гэтэл бидний өдөр тутмын буруу хэвшил, дадлаас болж их хэмжээний ус үргүй урсаж бохир ус болж байна. Тухайлбал гар нүүр, шүдээ угаахдаа крантаа хаадаггүй, их хэмжээний усаар угаадаг гэх мэт засаж болох хүчин зүйлээс шалтгаалдаг. Орон сууцанд хаягдал усыг эргээд дахин ашиглах технологи орж ирээгүй, ашиглах боломжгүй байгаа. Орон сууцны айлуудын хувьд саарал усыг ашиглах боломжгүй. Ашиглах техник технологи, хөрөнгө санхүү одоохондоо хараахандаа шийдэгдээгүй байна. Тэгэхдээ аль болох үргүй ус  гоожуулахгүй байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Харин гэр хорооллын төвшинд хаягдал усыг ашиглах боломжтой. Бидний сайн мэддэг саарал усанд гал тогоос гарч байгаа ногоо угаасан ус, аяга таваг угаасан ус зэрэг багтдаг. Ногоо угаасан саарал усыг ашиглах боломжтой. Тунгааж аваад ногооны талбайгаа услах, хашааныхаа цэцэрлэгжилтэд ашиглаж болно. Харин аяга угаасан саарал усыг хэр их хэмжээний аяга таваг угаагч бодис, шингэн ашигласан эсэхээс нь хамаарч юунд хэрэглэх вэ гэдгийг харж байгаад ахуйн хүрээнд дахин ашиглана. Ингэхдээ аяга угаагч шингэний зааврыг сайтар харж юунд ашиглаж хэрэглэж болохыг сайтар судалж үзнэ. Гэх мэт аргаар гэр хороололд саарал усыг дахин ашиглаж болно.

-Өнөөдөр манай улсын цэвэр усны нөөц, ашиглалтын байдал ямар байна вэ?

-Манай улс цэвэр усны нөөцийн хувьд хязгаарлагдмал усны нөөцтэй. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар маш олон гол, горхи ширгэж байна. Үүнээс болоод манай цэвэр усны нөөц нэлээд хомсдож нэг хүчин зүйл. Нийслэл хотын хувьд хангайн бүсэд хамааралтай учраас усны нөөцийн хувьд харьцангуй гайгүй. Гэхдээ бидний ундны усны эх, ундарга болсон Туул гол өдөр ирэх тусам урсац нь багасч байгаа. Тиймээс бид яваандаа гүний ус биш гадаргын усыг илүү ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл гол буюу гадаргын ус эргэж төлжиж байдаг. Гэтэл гүний ус сэргэлт багатай. Үүнээс харахад гүний гэхээс илүү гадаргын усыг ашиглах хэрэгтэй.

Нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15,57 литр,  орон сууцны өрхөд 90 литр байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр гарсан.

-Ундны ус багасаж хомсдоод байгаа шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?   

-Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Байгалийг хүн дийлэхгүй. Дараагийн нэг гол хүчин зүйл бол усны замбараагүй хэрэглээ. Гэр хорооллын айл болгон хашаандаа худаг гаргаж байна. Уул уурхайн компаниуд олборлолтой холбоотойгоор усыг гамгүй хэрэглэж байна. Энэ тодорхой хэмжээгээр усны нөөцийг багасгаж байна. Тиймээс уул уурхайн салбараас гарсан саарал усыг ашиглах технологийг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Гүний усыг биш, гадаргын усыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлсээс болж усны нөөц багасаж, хомсдолд хүрээд байна.

-Усыг хэрхэн зөв зохистой, ариг гамтай хэрэглэх вэ?

-Энэ бол хоёр талтай ойлголт. Эрүүл мэндийн талаас нь авч үзвэл хүн усыг аль болох хүртээмжтэй хэрэглэж байх хэрэгтэй. Ингэхдээ үр зарцуулж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Нэг хүний хоногт авах усны хэмжээ 20 литр байна гэж заасан байдаг. Энэ 20 литр нь ундны бөгөөд ахуйн хэрэглээний ус. 2016 онд  Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хийгдсэн Улаанбаатар хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоосон нь судалгааны дүнгээр нэг хүнд ногдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15,57 литр,  орон сууцны өрхөд 90 литр байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр гарсан. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн судалгаа гарсан.  Тиймээс хүн бүр өөрийн хэмжээнд усыг үргүй зарлагадахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment