8o
Улаанбаатар хот
mobile menu

“АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2017-03-22 18:30:00

“АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛААҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмжийн дагууБОАЖЯам Ажлын хэсэг гарган ажиллуулж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль тогтоомжид нийцүүлэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд Ерөнхий сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд хийлээ. Хэвлэлийн бага хуралд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орлогч дарга, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нарийн бичгийн дарга, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо.

Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, үйлдвэржилт техник тенологийн хоцрогдол зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар, хөрсний бохирдол ихэсч, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Өвлийн удиралд нийслэл хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийт ажиглалтын 50 гаруй хувьд агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байна гэх судалгааны дүн гарсан. Нийслэлийн гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй стандартад нийцээгүй байгаагаас ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улсын хэмжээнд байгаа 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх инь үйл ажиллагаа доголдсон эвдрэлтэй байгаагаас жилдээ 120 сая шоо метр бохир ус байгальд хаягдаж Туул, Хараа, Орхон зэрэг голын усыг бохирдуулж байна.Иймд нийслэл хот болон хот суурин газарт үүсээд байгаа агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого, боловсруулж, техник технологи хөрөнгө санхүү, хүний нөөцийн гээд бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг салбарын сайд хэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг таван зорилтын хүрээнд 2017-2025 онд хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулжээ. Мөн Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд олон нийт аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дэмжихийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг ухамсарлуулж, хуулийн хэрэгжилтийг чангатгах чиглэлээр тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтэц байгууламжийг бий болгох, чанар хүртээмжийг сайжруулах бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган дулааны цахилгааны станц болон бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож агаар, орчны бохирхдлыг 50-иас доошгүй хувиар буурах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заагдсан төсөл арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, агаарын бохирдлын төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламж аж ахуйн нэгж байгууллагаас гаргах хөрөнгө болон бусад эх үүсвэрээс санхүүжилтыг гаргах ёстой гэж үзжээ. Нийт дүнгээрээ агаар орчны бохирдлыг 2025 он хүртэл бууруулахад 9,9 наяд их төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Үүний 2.2 хуь буюу 201 тэрбумыг улс болон орон нутгийн төсвөөс, 13.7 хувь буюу 1.5 их наядыг гадны байгууллагаас, 77 хувь буюу 7.5 их наяд төгрөгийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаас, долоон хувь буюу буюу 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас, 0,1 хувь буюу 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна. Энэ мөнгөний ихэнх хувь нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хогийн цэгийг барьж ашиглалтад оруулахад зарцуулах ажээ.

Мөн нийслэл хотын 68 мянган хэрэглэгчийн 0,4 ваттын хүчин чадалтай цахилгаан халаагуур ашигладаг түгээх шугамын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон 228 халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн шугамд холбогдоход шаардагдах 193 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment