8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Цэрэннадмид: ЭЕШ өгөх хичээлийг хасах боломжгүй учраас хичээл сонголтоо зөв хийх хэрэгтэй

2017-03-23 08:49:00

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл орон даяар явагдаж байгаа билээ. Ингээд ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц болон шалгалтын журамд орсон өөрчлөлтийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар бүртгэл 44 хувьтай үргэлжилж байна. Ерөнхийдөө ЭЕШ-ын бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Бүртгэлийн хугацаанд элсэгчид хичээлээ нэмэх эсвэл хасуулах тохиолдол гарч байна уу. Хичээл хасах болон нэмэх боломжтой бий юу?

-Боловсролын үнэлгээний төв www.facebooк.com\eec.mn хуудсаар элсэгчдэд зориулсан постер оруулж байгаа. Мөн 74779498 гэсэн лавлах утас ажлуулж байна. Энэ утсаар холбогдож ЭЕШ-тай холбоотой өөрт хэрэгтэй мэдээллээ авах бүрэн боломжтой. Элсэгчид хичээл сонголтын хувьд нэлээд анхаарах хэрэгтэй. Учир нь элсэгчийн сонгосон хичээлүүдийг хасах болон солих боломжгүй. Харин хичээлээ нэмэх боломжтой. Тиймээс элсэгчид хичээл нэмэхээр бол бүртгэлийн дугаар, нууц кодоор шалгуулагчийн буланд нэвтрээд нэмэх хичээлүүдээ сонгох боломжтой. 

Энэ жилээс сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдсэн.

-Энэ жилийн ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ жилээс сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсоод ойлгох чадварын даалгавар нэмэгдсэн. Шалгуулагчид eec.mn цахим хуудсанд байрлах сонсоол ойлгох чадварын жишиг даалгаврыг ажиллаж өөрсдийгөө сорих боломжтой. Мөн заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй болсон. Хэдий боловсролын үнэлгээний төвөөс заавал өгөх шалгалтад босго оноо тогтоохгүй ч элсэгчийн элсэн орохыг хүссэн их, дээд сургууль оюутан элсүүлэх журамдаа монгол хэл бичгийн шалгалтын онооны босго тогтоож өгсөн байж болно. 

-Шалгалт авах байрны хуваарь гарсан уу?

-Шалгалт авах байрны хуваарь ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш гарна. Тиймээс элсэгчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч ороод харах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулахад таны шалгалт өгөх байрны мэдээлэл гараад ирнэ. Аль хичээлийн шалгалтын ямар байранд хэдэн цагаас өгөх талаарх бүх мэдээлэл гарч ирнэ. Харин өмнөх оны төгсөгчид бүртгэлийн хуудсаа батлагаажуулахдаа манай төвд ирж гарын үсэг зуруулна. Мөн батламж хуудсаа манай төвөөс авна. Хөдөө орон нутгийн хувьд аймгийнхаа БСУГ-ын БҮТ-ын бүртгэгчид гарын үсэг зуруулна. 

-Хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой юу. Бүртгэлийн хугацааг сунгах уу?

-Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэл эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 14-ний  өдрийн оройн 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ хооронд элсэгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрвээ хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс элсэгчид энэ тал дээр анхааралтай хандаж хугацаандаа бүртгүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Боловсролын үнэлгээний төв лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс элсэгчид асуух зүйл гарсан тохиолдолд CALL CENTER-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой. 

-Энэ жил нийт хичнээн хүүхэд шалгалт өгөх вэ?

-Энэ жил ойролцоогоор 37 мянга гаруй хүүхэд ЕБС-ийн 12 дугаар ангийг дүүргэнэ. Үүнээс гадна өмнөх жилүүдэд төгссөн хүүхдүүдийг оролцуулвал нийт 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гараад байна. Үүний дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна.  

Бүртгүүлэгч цахим үнэмлэх түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, 3х4 хэмжээтэй өнгөт чээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, и-мэйл хаяг, интернэт гүйлгээ хийлгэх боломжтой банкны карт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

-Элсэгчид юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ. Элсэгчдэд зориулж зөвлөгөө мэдээлэл өгнө үү? 

-ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэгч энэ хугацаанд Боловсролын үнэлгээний төвийн зөвлөгөө мэдээллийн ажилтнуудын тусламжтайгаар eec.mn цахим хуудсанд өөрийн и-мэйл хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.  Бүртгүүлэгч цахим үнэмлэх түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, 3х4 хэмжээтэй өнгөт чээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, и-мэйл хаяг, интернэт гүйлгээ хийлгэх боломжтой банкны карт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Мөн хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг сурч буй сургуулийн сургалтын албаар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулах боломжтой.  Элсэгчдэд хандаж хэлэхэд бүртгэлийн явцад зургаа зөв оруулаарай гэж хэлмээр байна. Зураг алдаатай байх тохиолдол мэр сэр гарч байна. Тиймээс зураг дээр илүү их анхаараарай гэж хэлмээр байна. Мөн имэйл хаяг болон нууц дугаараа зөв сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Түүнчлэн хичээл сонголт дээр нэлээд анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэл таны ирээдүйн ажил мэргэжил, амьдралтай холбоотой зүйл болохоор эцэг, эх багш нартайгаа сайн ярилцаж өөрийн хүссэн мэргэжлээ сонгоход аль хичээл илүү дээр вэ гэдэг талыг нь анхаарч үзээсэй. Шалгалтын хуудсыг хар болон хөх өнгийн үзгэн балаар бөглөнө. Эсвэл тосон балаар бөглөнө. Тиймээс үзэг балаа сайн хангаж ирэх хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл