Төр нийгмийн зүтгэлтэн талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн хэргийн гогцоо тайлагдаж, анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны анхаарлыг маш их татаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн зарим материал, баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгож, 18 жил хав дарсан төрийн нууцад хамаарах баримтууд ил болоод байна. Тэгвэл ямар баримтууд ил болсон талаар мэдээлэл хүргэе.
Төрийн нууцад хамаарсан нууц баримтууд
Баримт 1. Талийгаач С.Зоригийг гурван хүн биш дөрвөн хүн бүлэглэж санаатай алсан гэдгийг тогтоосон. Тус этгээдүүдийн нэг нь нас барсан бол гурван нь өнөөдөр шүүхээс ял аваад байна. Талийгаачийг Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Чимгээ мөн сэжигтэн талийгаач Б.Отгонбаатар нар санаатайгаар хөнөөжээ.
Баримт 2. Хоёр жилийн өмнөөс буюу 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр энэ хэрэгт өнөөдөр яллагдаад байгаа Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн.
Баримт 3. Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ам зураг болон фото зургийг тухайн байранд амьдардаг хүмүүст харуулж тодруулахад бүгд “мөн” гэсэн хариултыг өгчээ.
Баримт 4. Мобикомын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн. Тус хэрэгтэнүүд дундаа нэг гар утас барьж байсан нь тогтоогдсон. Тус этгээдүүд хэрэг үйлдэхээсээ өмнө гар утсаараа захиалагчтай холбогдсон хэмээн мэдүүлсэн.
Баримт 5. Захиалагчийн хэрэг төрийн нууцад хамааралтай. Захилагчийн талаар нотлох баримт байгаа.
Баримт 6. Ц.Амгаланбаатар нь хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан ч 18 настай гэж хэлэхэд хэн ч итгэхээр бие бялдрын хөгжил сайтай байсан.Үүнийг Амгаланбаатартай үерхэж байсан эмэгтэй шүүх хуралдааны үеэр гэрчлэв.
Баримт 7. Тухайн хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар нь талийгаач С.Зоригийн гэрийг таньсан. Талийгаач С.Зоригийн гэрийн ойролцоо очоод таниулах үйл ажиллагаа хийхэд тэрбээр гэрийг шууд олоод оржээ. Түүгээр ч зогсохгүй хэрэгтэн талийгаачийн гэрт ороод байранд завсар хийсэн байна, ийм байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. Талийгаачийг амиа алдсанаас хойш 2000 онд буюу хоёр жилийн дараа эхнэр Б.Булган байрандаа засвар хийж байсан аж.
Баримт 8.Тухайн хэргийн өөр нэг гэрч бол СУИС-ын хөрөг ангийн оюутан байсан аж. Хэрэг шалгах явцад тухайн гэрчийг дахин дуудаж 16 төстэй зургийг дэлгэж байгаад “Тухайн үед харсан хүн чинь аль вэ” гэж асуухад Т.Содномдаржааг зааж таньсан байна. Тухайн гэрч мэдүүлэхдээ “Би хөрөг зургийн анги төгссөн учраас, тухайн үед харсан хүнийг сайн таньж байна” хэмээн мэдүүлсэн байна.
Баримт 9. Т.Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж хоносон байна. Буудлын үйлчлэгч мөн түүнийг таньсан байна.
Баримт 10. “Гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг таньдаг төдийгүй гэрт нь хоол хийлгүүлж идэн, хамт тамхилсан” хэмээн мэдүүлжээ. Харин сэжигтэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Хэрэг гарсан өдөр бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Хоол хийсэн байхад нь бид хоолноос идсэн. Миний санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай тамхилсан. Тамхины үнсээ будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлжээ. Улмаар хэргийн газраас тухайн үед хэрэглэсэн тамхины үнс хийсэн будаатай аяга олджээ.