8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг утсаар мэдэгдэх боломжтой

2017-03-25 11:40:00

Монгол улсын иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах эрх үүссэн. Иргэд НӨАТ /Нэмүү өртгийн албан татвар/-ын буцаан олголтыг ийнхүү жилд нэг удаа буцаан авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон.

Энэ сугалаа нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай. Урамшуулал нь мөнгөн шагнал бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгааждаг. Тиймээс бид ганц талх, литр сүү авсан ч түүнийгээ баримтаар баталгаажуулах шаардлагатай болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдгээр баримтыг ebarimt.mn сайт уруу орж нэг бүрчлэн бүртгүүлэх үүргээ ч иргэд сайн гүйцэтгэх болсон байна. 2016 оны НӨАТ-ын 2 хувийг 2017 оны эхний улиралд буцаан олгосон нь иргэдэд ихээхэн урам өгсөн. Гэхдээ энэхүү мөнгөн урамшууллыг тойрсон олон асуудал үүссэн. Тухайлбал, интернэт хэрэглэх боломжгүй орчинд амьдарч буй иргэд баримтаа хэрхэн бүртгүүлэх вэ, үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төв нь баримт олгодоггүй, кассын машингүй бол яах вэ, үсчин, гуталчин, таксигаар үйлчлүүлэхэд ямар ч баримт өгдөггүй, үүнийг хэрхэн зохицуулах вэ гэх мэт шийдвэрлэхэд төвөгтэй олон асуудал гарч байна.

НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт нэхэх эрхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлдэг. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай. Таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байлаа ч худалдан авсан барааных нь төлбөрийн баримтыг иргэдэд заавал өгөх үүрэгтэй. Ингэж байж л иргэн төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг жилд нэг удаа буцаан авах боломж, сар бүр сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг.

Энэхүү систем сайн нэвтэрснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрвэл тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дахин анхааруулахад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авах ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбарт мөнгө төлөх бүртээ иргэд баримтаа нэхэж авах ёстой гэдгийг сануулья.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Barimt uguh er ni durguisddee ymar utsand heleh ve bas barimtand aan-iin utsuudiig alban esor oruulahiig daalgahgui bol gertee ireed hiiheer zarim ni ordoggui ymaa
2017/03/27 202.9.40.198
Irgen
Utasniihaa dugaariig uguuchee! Utas No?
2017/03/26 103.229.122.72