8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг шийдсэнээ мэдэгдэж, С.Зоригийн хэргийн нууц баримтууд ил болсон 7 хоног

2017-03-25 11:28:00

Эрхэм уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 7 хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 7 хоногийн тоймоо хүлээн авна уу.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ "2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна" гэсэн байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална. Монголын хууль цааз бүсээ чангална. Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин  албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе хэмээн хэлсэн байна. 

Төсвийн тодотголыг өргөн барьлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Үүнд:

1.    Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан                      татварыг нэмэгдүүлэх;

2.    Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;

3.    Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;

4.    Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;

5.    Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;

6.    Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.

1.    Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах;

2.    Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.    Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх;

4.    Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах;

5.    Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх;

6.    Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх;

7.    Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх аж.

Нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг гарчээ

ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг  гарчээ. Хэрэг  энэ сарын 21-ний өдөр гарсан байна. Үүнээс болж нэг талын эцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулжээ.

Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон байна. Талийгаач нярайн ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө ЭХЭМҮТ-т очсон байна. Харин тэдний өмнөөс сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн талаар тус төвийнхөн  одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэжээ 

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтийн хэмжээнд уламжлал болгон тэмдэглэж ирсэн аж. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн 92 оронд Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ. 

Монгол улсын сүрьеэгийн өвчлөл  өнгөрсөн оны байдлаар: 

Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт ордог. Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна.

1994 оноос эхлэн манай улсад сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын “Шууд, хяналттай богино хугацааны эмчилгээ”–ний хөтөлбөрийг нэвтрүүлж хэрэгжүүлснээс хойш сүрьеэг эмчлэх талаар нилээд амжилтанд хүрч чадсан боловч сүүлийн жилүүдэд Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС), хүүхдийн дундах сүрьеэ өвчний тархалт өсч байгаа нь онцгой анхаарал татаж байна. 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн дотор сүрьеэ 9,3 хувь эзэлж байна. Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь , эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн дотор 55,4 хувийг эзлэж байна. Үүн дотроо хүүхдийн өвчлөлийн хувьд 419 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 0-5 насны хүүхдийн хурц тархмал сүрьеэ 5 тохиолдлоор, сүрьеэгийн менингит 3 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн байна. 

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Б.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлэв

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ яг одоо МҮЭСТО-д явагдаж байгаа бөгөөд тус намын нийт 565 гишүүн нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах юм. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж байна.

Нэр дэвшигчдийн дунд Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Б.Жаргалсайхан нар байна. Э.Эрдэнэ орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан бол Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаад 14 хоног баривчилсаны эцэст батлан даалтаар гарч ирээд байгаа юм. Харин “Буян”-н Б.Жаргалсайхангийн хувьд өнгөрсөн сард АН-д элссэн байдаг.

Б.Булган гэмт хэрэгтнүүдтэй хамт хооллонгоо тамхилжээ

Талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зори агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийг ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны дунд өндрөө аваад байна. Тодруулбал, “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хэргийг шалгах явцад хэрэгтнүүд хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн бичлэг олон нийтэд хүрсэн юм. Мөн улсын яллагчаар тус хэрэгт оролцсон прокурор Б.Батжаргал нэгэн ярилцлагандаа “Гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг таньдаг төдийгүй гэрт нь хоол хийлгүүлж идэн, хамт тамхилсан” гэжээ.  Харин сэжигтэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Хэрэг гарсан өдөр бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Хоол хийсэн байхад нь бид хоолноос идсэн. Миний санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай тамхилсан. Тамхины үнсээ будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлжээ. Мөн Ц.Амгаланбаатар мессеж бичихээс хоёр жилийн өмнө Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Отгонбаяр зэрэг хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байсан” хэмээн ярьжээ. Улмаар хэргийн газраас тухайн үед хэрэглэсэн тамхины үнс хийсэн будаатай аяга олджээ.  

Өнөөдөр 16:00 гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Баянхонгорт 40-60 см зузаантай цас орж байна 

Шүүх танхимд хүүхдээ төрүүллээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд энэ сарын 21-ний өдрийн 15.00 цагийн орчимд хүүхэд мэндэлсэн байна.

Шүүх хурлын үеэр жирэмсэн эмэгтэй гэнэт нярайлж, шүүгчийн туслах нь хүүхдийг эх барьж авсан байна.

Яаралтай тусламж дуудсан ч ирж амжаагүй байхад жирэмсэн эмэгтэй төрж, шүүгчийн туслах Б.Солонго хүүхдийг өлгийдөн авчээ. 3200 грамм хүү мэндэлжээ.

Эх, хүү хоёрын бие сайн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Жирэмсэн эмэгтэй Б.Чимгээ уг шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Тэрбээр дөрөв дэх хүүхдээ шүүх танхимд ийнхүү төрүүлжээ.

Баянхонгор аймагт 40-60 см зузаан цас оржээ

Баянхонгор аймгийн ихэнх нутгаар 40-60 см зузаантай цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна. Тус аймагт гурван өдөр цас үргэлжлэн орж байгаа аж. 

Онцлох 30 ишлэл: Казах түмэн “Наурызын баяр”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ

Өнөөдөр казах түмний наурыз баяр тохиж байна. Казазын ард түмэн энэ баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн, яагаад тэмдэглэдэг,  хэрхэн баярладаг тухай мэдээллийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна.

  1. Наурызыг 1926 оноос хориглосон боловч хэдэн жилийн дараа буюу 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэж ирсэн түүхтэй.
  2. Наурыз баярын өдөр шөнө тэнцдэг гурав­дугаар сарын 22-нд буюу өнөөдөр болдог “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.
  3. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ.
  4. Эмээгээ апа гэж дуудах ач зээ нар нь нар мандсаны дараахан "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос дуудан эмээгийндээ гүйлдэн орж баярлаж эхэлдэг байна.
  5. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.
  6. Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцогон малгай хийж, хээлж өгнө.
  7. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ.
  8. Эрчүүд булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод тарьдаг
  9. Казак ард түмний дунд байдаг домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр Хызыр хэмээх аксакал уул талыг хэсүүчилж явдаг ажээ.
  10. Энэ баярын үеэр архи огт хэрэглэдэггүй
  11. Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, "Көкпар", "Бәйге", "Қыз қуу", "Жамбы ату" зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг.
  12. Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шєл уудаг.
  13. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  14. Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд хоолондоо ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.
  15. Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы –г зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ.
  16. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм.
  17. Хоёр эрэгтэй хvн єєд єєдєєсєє харж зогсоод гараа атгалцаж баруун, зvvн хоёр талаараа цээжээ нийлүүлж, хүндэтгэл үзүүлнэ.
  18. Тус баяраар аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өөршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.
  19. Булаг шанд, рашаан усны эхэнд цагаан даавуу уяна. Энэ нь уг булаг, ус эзэнтэй гэж үзэх бөгөөд, байгалиас хишиг хүртэсний хариуд хиргүй цагаан сэтгэлээр талархаж буйн илэрхийлэл юм.
  20. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг гэнэ.
  21. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг “Ганц мод гал болохгүй, ганц зул гэрэл гаргахгүй” хэмээн сэтгэж айл болгон хос лаа асаан хүлээдэг.
  22. Уг баяраар ах дүүс хоорондоо тэмцээнд зохиодог бөгөөд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна.
  23. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  24. Баяраар хэчнээн олон айлд шєл уувал тєчнєєн сайн байна гэж vздэг.
  25. Ахмад настан ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
  26. Энэ өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно.
  27. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
  28. Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.
  29. Энэ өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно.
  30. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
  31. Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.

Монгол хүн сансарт мөрөө гаргасан түүх өдөр

Тэртээх 33 жилийн өмнө Монгол хүн анх удаа сансарт мөрөө гаргаж байсан түүх өдөр өнөөдөр тохиож байна.  Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.  

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрсон аж. Ингээд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр юм. 

Боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, сэхээнд байна

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19 нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үл таних согтуу залуус түүнийг зодож, улмаар приус маркийг автомашинаар хөөж мөргөн гэмтээжээ.

Уг нь Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэсэн байна.

Үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэж эхэлжээ.

Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн гэнэ. Улмаар таарамжгүй байдлаас үүссэн маргаан даамжирч боксын шигшээгийн тамирчдад зодуулсан залуус биеэ удирдан барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Энэ болчимгүй үйлдлийн уршгаар ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулсан төдийгүй нэмж зодуулжээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ. ОУХМ Э.Цэндбаатар энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох азийн ААШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангажээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл