Шатахуун түгээх станц дээр осолдож шатсан машины жолоочийн амыг аварч, улмаар галыг унтраасан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өглөө 04:18 цагийн орчим БЗД-ийн 5-р хороо, Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолдсон байна. Улмаар 48-34 УНН улсын дугаартай Аксент маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, ойролцоох Шунхлайн шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлжээ. Осол болох үед ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан түгээгч Э.Аззаяа, М.Эрдэнэтуяа нар нь авхаалж самбаа гарган ажиллаж, ШТС-ын галын хороор галыг шуурхай унтраажээ. Мөн бусад иргэдтэй хамтран онхолдсон машиныг босгож зорчигчийн амь насыг аварсан байна. Түргэн тусламжийн эмч нарын хэлж байгаагаар жаахан л цаг алдсан бол жолоочийн амь насанд аюул учрах байсан аж. Хэрэв онхолдсон машинд гарсан галыг шуурхай унтраагаагүй бол хүний амь эрсдэж, цаашлаад шатахуун түгээх станц дэлбэрэлтэд өртөн, тааварлашгүй аюул нүүрлэж болох байв.
Шатахуун түгээх станцын гадна ноцтой осол гарчээ
2017-03-25 12:36:00