8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЗААГ”

2017-03-27 10:50:16

Монголчууд бид уг гарваль, угсаа удам, үүх түүх нэгтэй цул нэгдмэл улс атал юуханд ч бол талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж, хөгжил хөдөлгөөнөө яасан их хааж тушиж ирэв. Энэ бүхнийг ойлгосоор хэр нь нэг л мэдэхэд хаа нэгтээ, хэн нэгнийг тойроод хана хэрэм босчихсон л байх юм.

Эрх мэдэлд хүрсэн цөөн хэдхэн хүмүүс цагийн цагт тэрхүү хана хэрмийг гэнэтхэн л босгочихсон, хаалга үүдийг нь битүүлж, нар битгий хэл салхи ч орохооргүй болгочихсон байх юм. Хана хэрмээ улам л бэхлээд, улам л өндөрлөөд л байна, энд тэндгүй нум саадаг сойж, урхи хавх тавьж, харуул манаа гаргаж, одоо л нэг аюулгүй боллоо гэж өөрсдөө бодно. Гэвч тэгэх тусам нь толгой дээр нь уур хорслын аянга цахилгаан улам л хуралдаж, нэг л өдөр ниргэхээр гал дөл бадруулж байдаг.

Нөгөө биеэ зааглагчид, хана хэрэм босгогчид хэдийд ч ирж болзошгүй аюулын учир шалтгааныг ер хайхгүй хэрнээ дайсан л хайгаад байдаг. Тэр хана хэрэмдээ тэд яасан их хайртай, хавьтсан ойртсондоо яасан их хартай гэж санана. Атаа хорсол, өс хонзон, хуваагдал талцал, гүжир гүтгэлэг, буруу зөрүү, хэрүүл маргаан, хагарал самуунаас үндэстэй хана хэрэм нэгэнт босч, бүхнийг зааглаад эхэлбэл яах вэ? Нураах л хэрэгтэй, өөрөөр яах ч аргагүй! Өөрсдийнхөө бий болгосон хана хэрмийг хэмхлэн нурааж, сэтгэлд торох харгүй, жинхэнэ эрх чөлөөг дүүрэн эдэлж, биенээ яв цав ойлгож, хамжиж дэмжиж явбал энэ монгол хүн, эх орон минь яасан хурдан хөгжих бол оо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл