Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тус эмэгтэй урд шөнө 04.00 цагийн орчимд бие засахаар гараад өөрийгөө галдан шатаасан харамсалтай үйл явдал болжээ.
Талийгаач Идэр суманд нөхөртэйгаа хамт амьдардаг байсан бөгөөд хоёр хүүхэдтэй аж. Хоёр хүүхдийн нэг нь хотод оюутан, нөгөө нэг хүүхэд нь тусдаа гарсан юм байна. Талийгаач тус сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд энэ сарын 14-ний өдөр гэнэт ажлаасаа халагдсан байна. Хууль бусаар халагдсан учраас өөрийгөө шатааж амиа хорложээ. Бид талийгаачийн дүүтэй холбогдож энэ талаар тодруулахад “Талийгаач олон хоног сэтгэл санааны дарамттай, нойргүй явсан. Эгчийн гэр бүлийн талаас буюу нөхөр, хүүхэд нар нь дарамталсан зүйл байхгүй. Ганцхан ажлаас болоод л ийм юм болчихлоо. Яагаад миний эгчийг ажлаас халах болсон гэхээр 2015 онд авсан төрийн албан хаагчдын дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Манай эгчийг ажлаас нь халаад дараа нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, ямар ч туршлагагүй хүнийг оронд авсан. Үнэхээр гомдолтой байна. Ажлаасаа халагдсаны дараагаар банкны өр болон, оюутан хүүхэддээ маш их санаа зовж байсан” хэмээн хэллээ.