8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжчих юм биш үү

2017-03-30 16:41:00

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн “ЗААГ” ном яг одоо СТӨ-нд нээлтээ хийж байна. “ЗААГ” номын зохиолч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уг номоо дөрвөн жилийн хугацаанд бичиж, уншигчдын гарт хүргэж байна. 


УИХ-ын гишүүн, “ЗААГ” номын зохиолч Д.Тэрбишдагваас баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр хэлэхдээ “Би өнөөдөр дөрвөн  жилийнхээ хөдөлмөрийг уншигчдаараа үнэлүүлэх гэж байна. Буурал дээдсийн хэлдгээр магнайгаа хагартал баярлаж байна.  “ЗААГ” номоо бичих гэж олон хоног нойргүй хонож, түүх шаштир судалж бичлээ. Ном бичнэ гэдэг бэлэн жор байдаггүй юм байна. Жорыг өөрөө зохиох ёстой учраас, өөрийнхөө амьдралтайгаа холбож бичсэн. Миний 60 жилийн амьдрал бол монголын 60 жилийн түүх гэсэн үг. Монголын сүүлийн 60 гаруй жилийн түүхийг өөрийнхөө амьдралтай холбож бичсэн. Социалист монголын ид бүтээн байгуулалтын үед сурч ажиллаж амьдарч байсан. Капиталист монгол орны үед ид бүтээн байгуулалтад оролцож байсан. Мөн Германд Улсад мөн сурч, элчин сайдаар хүртэл ажиллаж байлаа. Тэгэхээр энэ улс орны зааг ялгаа юу байна, дэлхий ертөнцийг зааглаж байсан, хоёр Германыг, Берлин хотыг ч мөн зааглаж байсан хүйтэн дайны сүүдэр тэр ханыг би нураалцаж байсан. Алх барилцаж, нураалцаж байсан түүхээ эргээд харахад 28 жилийн өмнө хана нураад хоёр Герман улс  маш хөгжилтэй орон болсон . Гэтэл манай 3 сая хүн амтай, энэ их баялагтай, оюунлаг, малтай ард түмнийг юу зааглаад байгаа юм бэ, бидний дунд ямар хана босчихсон юм бэ. Энэ хэрэгтэй хэрэггүй хана, дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжчих юм биш үү. Монголын эрин цаг эргэж ирнэ. Ирэхдээ манлайлж ирнэ гэдэг утга агуулагатай ном бичсэн”  хэмээн хэллээ. 


“ЗААГ”


“Монголчууд бид уг гарваль, угсаа удам, үүх түүх нэгтэй цул нэгдмэл улс атал юуханд ч бол талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж, хөгжил хөдөлгөөнөө яасан их хааж тушиж ирэв. Энэ бүхнийг ойлгосоор хэр нь нэг л мэдэхэд хаа нэгтээ, хэн нэгнийг тойроод хана хэрэм босчихсон л байх юм.


Эрх мэдэлд хүрсэн цөөн хэдхэн хүмүүс цагийн цагт тэрхүү хана хэрмийг гэнэтхэн л босгочихсон, хаалга үүдийг нь битүүлж, нар битгий хэл салхи ч орохооргүй болгочихсон байх юм. Хана хэрмээ улам л бэхлээд, улам л өндөрлөөд л байна, энд тэндгүй нум саадаг сойж, урхи хавх тавьж, харуул манаа гаргаж, одоо л нэг аюулгүй боллоо гэж өөрсдөө бодно. Гэвч тэгэх тусам нь толгой дээр нь уур хорслын аянга цахилгаан улам л хуралдаж, нэг л өдөр ниргэхээр гал дөл бадруулж байдаг.


Нөгөө биеэ зааглагчид, хана хэрэм босгогчид хэдийд ч ирж болзошгүй аюулын учир шалтгааныг ер хайхгүй хэрнээ дайсан л хайгаад байдаг. Тэр хана хэрэмдээ тэд яасан их хайртай, хавьтсан ойртсондоо яасан их хартай гэж санана. Атаа хорсол, өс хонзон, хуваагдал талцал, гүжир гүтгэлэг, буруу зөрүү, хэрүүл маргаан, хагарал самуунаас үндэстэй хана хэрэм нэгэнт босч, бүхнийг зааглаад эхэлбэл яах вэ? Нураах л хэрэгтэй, өөрөөр яах ч аргагүй! Өөрсдийнхөө бий болгосон хана хэрмийг хэмхлэн нурааж, сэтгэлд торох харгүй, жинхэнэ эрх чөлөөг дүүрэн эдэлж, биенээ яв цав ойлгож, хамжиж дэмжиж явбал энэ монгол хүн, эх орон минь яасан хурдан хөгжих бол оо. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bay
Sonirkholtoi nom bichsen baina
2017/03/30 66.181.183.138