8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЗААГ" байх ёсгүй газраа нэг ч өдөр, нэг ч цаг бүү байг

2017-03-31 12:36:00

“ЗААГ” ном залах ёслолын ажиллагааны  нээлт өчигдөр СТӨ-д боллоо. Дашнямтай билэг ерөөлт энэ өдөр номын “хурим”-нд эрдэм номыг дээдлэн хүндэтгэдэг  2000-аад хүн хүрэлцэн ирсэн  байв.

 

 

Монгол Улсын хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди, Ардын уран зохиолч Т.Галсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич Л.Тэрбиш, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг,  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ИЗНН-ын дарга С.Оюун, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Дархан аварга Г.Өсөхбаяр    гээд улстөр, утга зохиол,шинжлэх ухаан,  урлаг спортын сорууд  олноороо нэг дор цуглажээ. Танхим дүүрэн хүнтэй. Зочид олонтой. Үг хэлсэн эрхмүүдийн  үг нь ч жинтэй байлаа.

 

 

 

Ном залах  ёслолыг нээж,  номын зохиогч  УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва үг хэлсэн юм. Тэрээр “ Номоо жирийн л нэг хүмүүн миний амьдралын зураг байх төдийхнөөр биш, Монголын нийгмийн хөгжлийн өөрийн мэдэх эрт ба эдүүгээг туулсан зам мөрийг өөрийн гэсэн өнгө будагтай дүгнэлт харьцуулалт, эргэцүүлэл шүүмжлэл, ухаарал сургамжтай байх талаас нь харуулахыг ихэд хичээлээ. Тийм ч учраас номондоо нэгэнт бий болсон, хэний ч бэлхнээ мэдэх ололт амжилт, бахархалын талаар магтан дуулахыг зориогүй юм шүү.

 

Харин ч номын минь дотоод ертөнц бол Монгол улсын хөгжлийн гарц болох  “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэсэн философид зангигдсан болохыг та бүхэндээ учирлан хэлэхийг хүсч байна.

 

Бидний амьдрал социалист, капиталист хэмээх бие биенээ үзэн ядсан, гал ус шиг харшилдсан, хэзээ хэзээгүй авалцахад бэлэн их түймэр шиг тийм эсрэг тэсрэг нийгмийн тэс өөр хоёр тогтолцоогоор нэгэн үе хатуу чанд зааглагдаж байлаа.

 

Хүйтэн дайны эрин шувтарч, ардчилалын эрчит салхи дэрвэлзэж эхэлсэн, (Байгуулагдаад 28, нураад 28 жил) Берлиний хана нурсан тэр түүхт өдөр сэтгэлд минь их тодоор, өнгөт зураг нүдний өмнө ээлж дараалан хөдлөх мэт харагддаг юм.

 

Хүн төрөлхтөний нэн саяхны гэж хэлж болох тэрхүү түүхэн талцал, хуваагдал хагарал, зааглалт ялгарал, манай гаригийн хөгжил дэвшлийг ч тэр, сайн сайхан амьдралыг ч тэр хэдэн 10 жилээр хойш татсан.

 

Монголчууд бид ч гэсэн ардчилагчид мөн бишээрээ, манай нам танай нам гэдгээрээ, бүр нам дотроо хүртэл бүлэг фракцаараа талцан бие биеэ зааглан, хиймэл салхин тээрэм бий болгочихоод тэмцэлдсэн хэвээр л байна. Тэгж байгаад улсаа хүртэл нураачих дөхөх л юм. Хаа байна аа, тэр үзэн ядаад байгаа дайсан чинь, дайсагнал чинь, учир зүйгээ олоод, юу юугүй зааглаад босч ирээд байгаа тэр хаалт саадыг нураачих л юм бол, цаанаас нь хэн гарч ирэх вэ, адилхан монголын үрс, зовдог жаргадаг зүрхтэй ахан дүүс чинь гарч ирнэ. Яах юм бэ, тэгж бие биенээсээ зааглагдаад, тэр хэрээр улс орон минь л хохирно.  

 

Ард түмний сайн сайхан, аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй.

 

Харин хүний эрх, эрх чөлөөг боймлох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд “хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой”-г энэхүү номын ”ЗААГ ” нэр бүхэлд нь агуулж, төлөөлж чадна гэж үзсэн юм.

 

 

 

 

 Тийм ээ, ЗААГ БАЙХ ЁСТОЙ ТЭР ГАЗАРТАА Л БАЙГ, байх ёсгүй газраа нэг ч өдөр, нэг ч цаг бүү байг” хэмээн онцоллоо.

 

Энэхүү  “ЗААГ” ном нь 8 бүлэг, 110 дэд гарчиг бүхий 600 гаруй хуудастайгаар хэвлэгдэн гарчээ.

 

Номын нээлтийн ёслолд Ардын Уран Зохиолч Д.Урианхай, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Академич, профессор Б.Жадамбаа, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нар сэтгэлийн үг, захиасаа хэлж, бодол шүүмжээ үзэгч олонтой хуваалцаж байлаа.

 

Нэрт зохиолч Д.Урианхай  “Ном бичнэ гэдэг их зовлонтой ажил. Нэг хуулийн  төсөл боловсрууланбичиж, дэмжинэ, дэмжихгүй гэж кноп дарахаас ч хэцүү. Энэ зовлонг би насаараа эдэлж яваа. Хүн төрөлхтөн маш буруу амьдарч байна. Нэгдүгээрт, бурхны сургаалийг огоорч байна. Хоёрдугаарт,байгалиа сүйтгэж,гомдоож байна. Гуравдугаарт, амь амиа л бодоод л, бие биендээ туслах тэр сэтгэлийг гээгээд л, гудамжны хэлээр бол их хулхи амьдарч байна.

 

 

 

 

Хүнд юу хэрэгтэй вэ гэхээр бие биенээ хайрлаж, энхрийлдэг тэр бурхны сэтгэлийг өөртөө оршоомоор байна. Энэ агуу сайхан зүйл асар хурдтайгаар хүний цээжнээс, сэтгэлээс техниктехнологийн дэвшилтэй уралдаад алга болж байна. Ийм шалтгаанууд бий учраас ном бичиж байх хэрэгтэй байна. Энэ хүн төрөлхтний буруу замналыг засах, нийгмийг  эмчлэхийн тулд  хэн нэгэн маань ном бичих хэрэгтэй.  Ном бичих нь хэцүү ч гэлээ   сайхан зовлон. Энэ сайхан зовлонг эдэлсэн эрхэм дүүдээ баярлаж байна. Дүүгийн номыг би аажимдаа  аажуу уужуу тухлан сууж сайтар  уншина аа. Надад маш хэрэгтэй ном байна лээ. Яагаад гэвэл миний хувьд монголчууд бидний сонгоод явж байгаа ч  тэр,  хүн төрөлхтний ч  энэ замнал  жаахан эргэлзээтэй санагддаг. Тэр дундаа  манай ард түмний амьдрал доройтоод, уруудаад байгаа энэ үед замнаж байгаа механизм нь буруу, зөв үү гэж  тунгаан бодох, дүн шинжилгээ хийхэд хэрэгтэй, судлууштай ном болсон байна” хэмээв.  

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Номыг гүйлгэж харлаа. Надад ямар сэтгэгдэл төрсөн гэхээр нэг талаас харахаар Тэрбишдагва гэдэг хувь хүний,  нөгөө талаас харахаар Монгол төрийн 60 жилийн түүх харагдаад байгаа юм. 1952 онд Цэдэнбал Ерөнхий сайд болчихоод эрүүл мэндийн үзлэг гээчийгМонголд зохион байгуулсан юм. Эхэлж 100 эмч, дараа нь дахин  150 эмч нэмж  авчирч бүтэн хоёр жил иргэдэд  үзлэг хийлгээд тэрний дараа улаан тариа хийсэн. Тэр улаан  тарианы дараа чинь энэ Баавар, Алтанхуяг, Энхбаяр, Гончигдорж, Баяр, Нямдорж, Тэрбишдагва бид төрсөн юм шүү дээ.   Энэ үеийнхэн их сонин амьдралын түүх үзсэн ховорхон азтай хүмүүс. Социализм дээд оргилдоо хүрч хөгжсөн үед  ОХУ зэрэг социалист орнуудад   суралцаж боловсрол эзэмшсэн, тэр нийгмийг нүдээрээ харсан  хүмүүс.  Дараа нь энэ тогтолцоо нурж, 1990 онд картын бараанд шилжих үеийг мэдэрсэн улс. Зах зээлийн нийгмийн   өнөө цаг үед төр түшилцэж яваа гэхээр  бараг  гурван ч түүхэн цаг үеийг нүдээрээ харж, туулж яваа юм шүү дээ.   2000 онд бид цөөнх байхдаа хэдэн гайгуй залуучуудыг улстөрд  оруулж байлаа.  Н.Энхбаяр намын дарга байсан үе. Тэр хүрээнд шилэгдэн орж ирж Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайд болж байсан юм энэ Тэрбишдагва. Түүнд ясны хөдөлмөрч зан чанар бий. Түүний энэ чанар номноос нь нэвт үнэртэнэ. Бид хоёр зөрөлдөж, муудалцаж явсан үе бий. Гэхдээ хэзээ ч бие биендээ муу санаж, өш бодож яваагүй ээ.  Залуучууд энэ номыг уншаасай. Энэ номоос Тэрбишдагваар  дамжсан Монгол төрийн,  монгол түмний нэгэн жарны түүх  түүх уншигдана” хэмээн онцолсон юм.

 

 

Профессор, академич Б.Жадамбаа “Энэ номын анхны  уншигч болсондоо  баяртай байна. Өнөөдөр газар сайгүй  ерөөсөө л Монгол орны хөгжил нэг л биш болж гэж ярьцгааж, зарим нь бухимдцгаажбайна. Шалтгааныг олох гэж ухаанаа уралдуулж байна. Байдал ийм болсон нь  заагт байна, тиймээс үүнийг  давах нэг санаа надад  байна гэж Тэрбишдагва сэтгэлийн үгээ бид бүхэнд нээж байгаа нь энэ номын гол ач холбогдол юм.  Зааггүй юм гэж байдаггүй. Заагт сайн  ч,  муу ч бий. Зааг дотор зовлон ч ,жаргал ч, хөгжил дэвшил ч байна.  Зааг байх ёстой газраа л байх ёстой. Зааг зогсвол зовлон, зааг хөдөлбөл хөгжил дэвшил бий болно.  Судлаач хүний хувд харахад энэ бүтээл бол Тэрбишдагвын амьдралын замнал биш ер нь Монгол Улсын сүүлийн жилүүдийн түүхийн нэг хэсэг болохуйц  эрдэм шинжилгээний төдийгүй гүн ухаанлаг бүтээл болжээ. Энэ номд Монгол Улсын хөгжлийн нэгэн загварыг  томёолсон байна. Хөгжлийн гарцыг тэгш хөгжлийн загварт байх ёстой гэжүзсэн байна. Тэгш хөгжлийн загвар нь  зөв монгол хүн, зөв стратеги, зөв жолоодлогыг  гурван зүйлийн холбоонд оруулж нүүдэлчин монголчуудын  амь,  ахуй, ухамсарын гурван онол шиг авч үзснээрээ  шинэлэг болжээ” гэж дүгнэлээ.

 

 

Төв номын сангийн  захирал , Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Б.Ичинхорлоо “Монголын нэгэн жарны амьдралыг үгээр бичиж, үзгээр дүрсэлнэ гэдэг үзсэн, туулсан юмтай хүний хийдэг ажил.  Он цагийн эрхээр үг бүдэрч, үсэг тодорч байгаа тийм л цаг үед амьдарч байгаа. Бид алга болоход үсэг үлдэж, бидний үйл хэргийг мөнх үргэлжлүүлнэ гэж бодож, итгэж,  сэтгэж, бичиж,туурвиж явдаг. Энэ номын гол утга учир нь хүн хоорондын харилцааг хүйтрүүлж, холдуулж байгаасэтгэл оюун ухаанд байгаа заагийг яаж арилгах вэ, тэр хар тортогийг яаж нураах вэ гэдэг дээр суурилан бичсэнд баяртай байна. Зохиогч маань түрүүнд хэлэхдээ бид нар   нам, бүлэглэл, фракц гэж хэмлэлдсээр,  хүмүүс хоорондоо үзэн ядалтын  зааг босгосоор, хүн хүнээ хайрлах сэтгэл алсарсаар  байгаад улсаа нураачих вий дээ гэж хэлсэн. Төрийг түшиж яваа  түшээдээс маань ийм хандлага илэрч, дотоод сэтгэлд бий болсон  ангал заагийг халж,  аль болох илааршуулах, нийгмийг эмчлэхийг  манлайлж байгаад баяртай байна. Нийгмийг эмчлэх хүмүүс  яах л аргагүй зохиолч,эрдэмтэн мэргэд, сэтгэгчид.  Сэтгэлийг бохирдуулж зааглаж байгаа заагийг нураахаас гадна  бас хэм хэмжээний заагийг өөртөө барьж байх тухай энэ номондоо тусгасан байна. Энэ эрхэм хүмүүн улстөрд “нохой” шуугиулж явсан бол  энэ номоороо уншигчдыг шуугиулаасай, хүмүүс уншаасай, гэгээрээсэй, сэрээсэй гэж итгэж байна. Номын ертөнцөд мэндэлсэн энэ бүтээлийг  залуучууд маань уншиж,  сэтгэл доторх зааглагдагдаад байгаа тэр  хатуу төмөрлөг зүйлээ уян  болгож, гэрэл гэгээг түгээхийг  уриалж байна” хэмээлээ.

 

 

 

 

Төрийн хошой шагналт, хөгжлийн зохиолч  Н.Жанцанноров “Хоёр, гурван хоногийн өмнө номоо өгч явуулсан урилгатайгаа. Энэ нь тайзан дээр дуудаж гаргаж ирэхийн дохио байж. Хоёр өдөр номыг гүйлгэж   уншлаа. Хурдан уншигдаж байна. Нэг зүйл сэтгэлд хүчтэй туссан. Тэр  бол Берлины хана. Тэрбишдагва хана  намайг орвонгоор эргүүлсэн, би дахин төрсөн гэж  тодорхойлж байна. Берлины ханыг барилга байгууламж гэсэн утгаар биш эрх чөлөө, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөнд цангасан хүмүүсийн бие сэтгэлээ мэдэрсэн цаг. Эхнээсээ  аваад дуусах хүртлээ  Берлины хана нэвт шувьт энэ номноос үнэртэнэ. Берлины хана нурсан тэр үе  бол 1989 оны 11 сар. Тэр үед  хана нурахад   алх бариад дэргэд зогсч байсан, бас  нүдээрээ харсан нь Монголын  улстөрчдөөс Тэрбишдагваас өөр хүн байхгүй байх.  Улстөрийн албан  тушаал хашиж байгаа үедээ ном бичих хэрэгтэй. Ийм үед мэдээлэлд их ойр байдаг. Үүнийгээ олон түмэндээ хүргэх нь  нийгмийн хөгжлийг урагшлуулахад   тус болно.  20 –р зуунд Самбуу гуай   хөдөө аж ахуйн  тухай бичснийг одоо хүртэл эрдэмтэд иш  татаж байдаг. Түүхэн эх сурвалж болж байгаа хэрэг. Улстөрийн зүтгэлтнүүд өөрийгөөнээж, сэтгэлээ дэлгэж  өгч байгаасай гэж боддог. Илтгэл айлтгал хийх нэг хэрэг.

 

 

 


Өөрийнхөө дотоод сэтгэлийг илчлэх нь  сайхан үйлс юм.  Ном асар их хүчтэй зүйл. Орвонгоор эргүүлж ч болно. Энэ номонд нэг санаа тод харагдаж байна.  Өчигдрийг засч чаддаггүй ч  заавал мэддэг байх ёстой гэж. Өчигдрийн тухай өгүүлэхдээ 30- аад оны үеийг хувьсгалч Дорж гэдэг сонин дүрээр гаргажээ.  Хамтралын бухыг энгийн иргэний бух мөргөхөд  бух ч , бас бухны  эзэнд  арга хэмжээ авч байж. 1990 оноос хойш гол баатар гарч ирсэн  нь Жорж нэртэй нөхөр. Бүхнийг хувьчилвал цэцэглэн хөгжинө гээд л . Гэвч ямаршуухан хэмжээнд өнөөдөр ирчихээд байна.

 

Ер нь бид өөрөөсөө  бусдыг хүлээн зөвшөөрөхөө больсон юм биш үү гэсэн  санаа бас энэ номондяваад байгаа юм.  Саяхан Б.Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. Гэтэл цахим орчинд юу хийсэн юм бэ муулж гарч байна аа. Би тэсээгүй бичлээ. Гэвч өвгөчүүл та нараас залхаж байна, салаад өгөөч гэж байгаа юм.  Бид нэг их удахгүй салаад өгөх нь тодорхой. Иймэрхүү хандлагыгзохиогч маань  зааг гэж үзэж байна. Хэрвээ хэн нэгнийгээ үзэн ядаж, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөхөө болих юм бол хөгжлийн асуудал ярилтгүй гэжээ. Энэ номонд шингэсэн өөр нэг санаа бол сэтгэлгээг  шинэчилэх тухай. Үүнийг Тэрбишдагва ч ганцаараа ярьж байгаа юм биш. Би ч ярьдаг. Тэрбишдагва “Ажилч байя, сахилга баттай байя”, ийм сэтгэлгээний өөрчлөлт хийе гэжээ. Үүнийгээ гарц гэж үзэж байгаа юм байна. Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болоод эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж онцолж байсан даа. Тэгэхэд Тэрбишдагва “хариуцлага, хариуцлага,хариуцлага”  онцлоод байсан нь ийм учиртай аж. Тэгэхээр улстөрийн зүтгэлнүүд хөгжлийн гарцыг тал талаас хардаг юм байна. Төлөвлөгөөний комиссын Дамдин хэрэгтэйг дурдаж. Гэхдээ үүнийгээ хашилтанд хийсэн байна. Ерөөсөө  төлөвлөхгүй, хянахгүй бол бүтэхгүй нь, тиймээс  шинэ төлөвлөгөөний комиссыг санал болгож. Үүнийг  би дэмжиж байна. Манлайлагчийн тухай ч дурдаж. Сингапурын түүхээс иш татаж,  тэд улстөр,  эдийн засгийн шийдлийг бүх нийтээрээ  хүлээнзөвшөөрөгдсөн сэхээтнүүдтэйгээ нийлж гаргасан, монголчууд бидэнд ч гэсэн   ийм шаардлага бий болжээ  гэжээ. Гэтэл бид оюунлаг сэхээтнүүдээ  хэр ашиглаж байгаа билээ дээ” гэж  онцлов. Ийнхүү номын талаар дүгнэж цэгнэснээ дэлгэрэнгүй тайлбарлаж, өөрийнхөө туурвисан Мандуухай Чингисхаан, Оюун- Эрдэнийн говь хөгжмийн цомнол, бүтээлээ алд цэнхэр  хадгийн хамт Д.Тэрбишдагвадгардууллаа.  

 

 

Үг хэлэх зочдын төлөөллийг отголж УИХ-ын гишүүн, Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат  “Тэрбишдагва ах энэ номондоо Зааггүйгээр амьдарч болно гэдгийг өгүүлсэн байсан. Бид хоёрын хувьд бие биедээ зааг гаргаж явсан үе баий. Би Тэрбишдагва ахыг  эсэргүүцэж поошиг нүдэж, талбай дээр  жагсаал хийж ч явлаа.   Гэхдээ хоёр намыг нэгтгэх, хамтарч ажиллуулах чиглэлээр ярилцсаар, Тэбэ ахын эр хүний ноён нуруутай, ууч зан, алсын хараа нь биднийг ойртуулж, өрсөн заагаа нурааж чадсан хэрэг ээ.

 

Биеийн булчинг штанк өргөөд, дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлдэг бол, тархины булчинг номоор хөгжүүлдэг.  Тархиа хөгжүүлэхэд асар хэрэгтэй оюуны бүтээл туурвисанд баярлалаа” хэмээн өгүүлсэн  юм.

 

 

 

 

Зочид үг хэлсний дараа номын баринтаг задлах  ёслолын үйл ажиллагаагаар үргэлжиллээ.Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, төрсөн эгч Д.Цээсүрэн, нутгийн зон олны төлөөлөл Архангай аймгийн ИТХ-ын дарга н.Баттулга, сайд н.Өөлд, С.Мягмар, хамба лам Ариунболд, Ардын Уран Зохиолч Т.Галсан, Мах консервын үйлдвэрт хамт ажиллаж байсан ахмад буурал  Даариймаа, дархан аварга Г.Өсөхбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайханнарт  “ЗААГ” номныхоо дээжийг өргөн барилаа.  

 

 

Ардын уран зохиолч  Т.Галсан энэ мөчид “Хар бараан бухимдлыг оюун ухааны сүүгээр сүлсэн гайхалтай ном бичсэнд их баяртай байна. Би нэг зарлиг болгоё, энэ мөчөөс Тэрбишдагва биш “Төр” Дагва хэмээн нэрлэ” хэмээн хөгжөөж байлаа.

 

 

Э.Ариунаа

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
soko14
urgeljleliig tavij ogooroi ! saihan arga hemjee boljee . ta buhend amjilt husie!
2017/04/01 73.44.209.144
Mash zuv, hudulmurch hun. Amjilt husie!
Od
2017/03/31 150.129.141.5
иргэн
өөрөө зөв талруугаа хүн. Номыг нь авч уншнаа... Танд амжилт хүсье.
2017/03/31 202.179.31.13