8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ өдрийг Монгол хүн бүр мартах ёсгүй

2015-12-29 08:30:00

Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойн түүхт өдөр.Яг 104 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс гэж Азийн цээжинд нэгэн улс байдгийг ертөнцийн чихнээ дахин дуурсгасан агуу үйл хэргийг өвгөд дээдэс маань бүтээж чадсан. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг  болох тухай ерөнхийлөгчийн зарлиг гараад удаагүй тул тэмдэглэж  хараахан хэвшээгүй болоод ч тэр үү, эсвэл Христос дахин мэндэлсэн өдөр буюу шинэ жилийн дуулианд дарагдаад анзаарагдахгүй өнгөрөх аястай байгаа. Гэвч энэ өдрийг Монгол хүн бүр мартах ёсгүй өдөр юм. 

1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ.Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүн нар явж Халхын хангуудын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ.

Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүйгээр манж монголын хооронд зуучлан, Монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан.

Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал Монголчуудад таатай боломж олгосон юм.Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ.


Түүний үндсэн үүрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод Монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бүх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ.Ингээд1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zzz
yadaj toirson gazar nutagaa mongolchuudtaigaa byreldhyyndee oruulaad avch chadaagui bas l joohon setgeld hyrehgui baigaa um, gehdee yahav ,,,
2016/06/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment