Олон жил найрсаг харилцаатай байж үр бүтээлтэйгээр ажиллаж ирсэн Их Британи, Монголын парламентын хоорондын бүлгийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Өчигдөр /2017.3.31/ УИХ-ын гишүүн, Их Британи, Монголын парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал, Их Британийн Гадаад Худалдааны сайд, Парламентын гишүүн Марк Гарниер, Их Британийн Элчин сайд Катрин Арнолд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар “УБ-БҮК” ХК-ны Английн RMS технологиор баригдсан бетон дэрний үйлдвэрт ажиллаж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Өндөр технологийг Монголд нэвтрүүлж буй тус үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд тэнхлэгтээ 23-32 тонныг даах хүчин чадалтай бетон дэр үйлдвэрлэдэг юм. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг. Жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр гаргах хүчин чадалтай тус үйлдвэр нь бүтээгдэхүүндээ Англи улсын пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байгаа аж. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгт хурдан болон хүнд даацын төмөр замд ашиглаж байгаа сүүлийн үеийн технологи юм байна. Энэхүү Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг нь Монголын төмөр замын угсралтын ажилд ашиглахаар зорьж байгаа гэнэ.
Хамгийн гол нь тус үйлдвэрийг дагаж өндөр технологи Монголд нэвтэрч буй бөгөөд нийгэм, эдийн засагт ч олон эерэг нөлөө үзүүлнэ гэж уг үйлдвэрт ажилласан УИХ-ын гишүүд хэлж байв. Тодруулбал, бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болох, ой модыг хамгаалах давуу талтай. Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломж бүрдэхээс гадна экспортод гаргах бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болно гэж хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хэлж байлаа. Хамгийн гол үр дүн бол Монголын шинэ төмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцэх боломжтой болох юм.
Уг ажлыг төрөөс дэмжих боломжтой бүхий л хувилбараар нь дэмжих ёстой гэж УИХ-ын гишүүд үзэж байна. “Улаанбаатар БҮК” ХК-ний төмөр замын бетон дэрний үйлдвэр нь 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын түүхий эдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан юм.