Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн бичиж эсэргүүцэлээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар яамнаас томилогдсон ажлын хэсэг тус сургууль дээр ажиллаж байна.
Энэ талаар 29 дүгээр сургуультай холбоотой асуудлаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын дэд сайд Ё.Отгонбаяр тайлбар өгөхдөө “Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. 29 дүгээр сургууль хүүхдийг нийгэмшүүлж гаргах ёстой болохоор мундаг дохионы хэлтэй хүүхэд төгсгөлөө гээд адилхан дохионы хэлтэй хүнтэйгээ л харилцана.
Ахлах ангид орохоороо өөрөө ярьдаг болж төгсөх ёстой. Тиймээс бүх багш дохионы хэлтэй байна гэсэн стандарт байхгүй. Шаардлагатай тооны дохионы хэлтэй багш нар байгаа гэсэн мэдээлэл байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар тодорхой хариу хэлье” хэмээн хэлсэн байна. Ер нь бол дэд сайдын хэлж байгаагаар бол төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө ярьдаг болж төгсөх ёстой юм гэнэ. Харамсалтай бодит үнэн гэвэл багш нарын заах арга зүй муугаас болж хүүхдүүд бүрэн хичээлээ ойлгож чадахгүй байна. Гэтэл салбарын сайд “бүх багш дохионы хэлтэй байна гэсэн стандарт байхгүй” хэмээн салбараа өмөөрөөд амжив.