18o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга С.Эрдэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, дэмжинэ гэлээ

2015-11-17 14:07:00

2015 оны 11 сарын 13-ны 12 цагийн орчимд “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал зарлан өөрийгөө шатаасан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон МоАХ мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Монголын улс төрд хувалз мэт шигдсэн нам дамнасан Нүүрсчин бүлэглэлийн хяналт, мэдэлд байж тэдний дохио зангаар хөдөлдөг сайт, сонин хэвлэлээр уг явдлыг "хэзээ ч нүүгээд явахгүй хөршөө хэтэрхий муулснаас", "харанхуй нийгэмд амьдарч" байгаагаас боллоо, монголчууд "сэтгэлгээний хувьд харанхуй" гэх зэргээр яаран дүгнэж эхлэсэн нь болж өнгөрсөн үйл явдлын цаад мөн чанараас олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн ядмаг оролдого юм. 

С.Эрдэнэ тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон шалтгаанаа "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна. Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн тайлбарласан нь тодорхой байтал асуудлыг үндсэрхэг үзэл, монголчуудын харанхуй сэтгэхүй гэх мэт учир холбогдолгүй зүйлтэй уялдуулан утгагүй болгож харагдуулахыг хичээж буйн цаад учир юунд байна вэ. 

Энэ тэмцэл бол шудрага ёсыг тогтоохтой холбоотой тэмцэл гэдгийг МоАХ анхнаас нь анхааралтай ажиглан харж байсны хувьд хариуцлагатай мэдэгдэж байна. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт монгол улсын асар олон хууль тогтоомжуудыг илтээр зөрчин, монгол хүн бүрт ногдсон 1072 хувьцааг үнэгүйдүүлж хог болгох чиглэлээр хийгдэж, гадаад дотоодын олигархи бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн зүйл заалт бүхий гэрээгээр дамжин хэрэгжих гэж байгааг “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлээс тууштай эсэргүүцсээр өдийг хүрсэн билээ. 

Хэдийгээр “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийн хийсэн үйлдэл нь асар эрсдэлтэй, цочмог, монгол хүний сэтгэл зүйд хүнд тусахаар хэлбэрийг сонгосноороо оновчгүй гэж бид үзэж байгаа ч түүний тэмцлийн агуулга, хандлага нь эх орныхоо төлөө, монгол хүн бүрийн эрх ашгийн төлөө байсныг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч, дэмжиж байна” гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment