8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Эрдэнэтийн боссын сарын цалин 25 сая, Сангийн сайд улсын сан хөмрөгөөс "хумсладаг"-ийг илчилсэн халуухан өдөр

2017-04-04 18:24:00

 

Тойм:Эрдэнэтийн боссын сарын цалин 25 сая, Сангийн сайд улсын сан хөмрөгөөс "хумсладаг"-ийг илчилсэн халуухан өдөрМаргааш хаврын чуулган эхэлнэ. УИХ-ын даргаасаа эхлээд Хуульзүй дотоод хэргийн сайд нь хүртэл оффшорчдод орж гарах нөхцөлгүй болгохоор дуугарцгаасан тул хуулийн төсөл энэ тэрээ хэлэлцэж нэлээдгүй бужигнана. Төсвийн тодотгол гэж “толгойны өвчин” буй. Тэгэхээр хаврын чуулганаас ард иргэд хатуу нэхэлтэй хариуг шаардах нь тодорхой учраас энэ хаврын улстөрийн төрийн амьдрал халуунаас халуун байх нь дээ. Энэ долоо хоног ч өрнөлттэй, халуухан сэдвүүдтэй, анхаарал татсан асуудал олон байна. “Ядуу гэж сохор зоосгүй хүнийг бус харин хүсэл мөрөөдөлгүй нэгнийг хэлнэ” онч үгийг оюун бодолдоо тунгаагтун хэмээн “Монгол нэг өдөр”тойм булангаа хүргэж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хувийн автомашиндаа улсын мөнгөөр бензин хийжээ

Монгол Улсын 19 төсвийн төвлөрүүлэн захирагч, 13 Засгийн газрын тусгай сан, 6 төрийн өмчит их, дээд сургуулиудын  санхүүгийн тайланд аудит хийгдэж дууссан байна. Тус шалгалтаар нэлээдгүй олон зөрчил илэрчээ.Хамгийн их нотой бөгөөд ноцтой зөрчил нь Сангийн яамны зөрчил байна. 
Нийтдээ Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ. Тус яам нь "Засгийн газрын цом-2016" тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая, Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь ил болжээ. Түүгээр ч зогсохгүй Сангийн сайд Чойжилсүрэн болон дэд сайд нар  сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Бүр тодруулж хэлбэл улсын мөнгөөр хувийн автомашиндаа бензин хийсэн ноцтой зөрчил илэрчээ. Эдийн засаг хүндрэлтэй, ард түмэний амьдрал хүнд үед төрийн мөнгийг энэ мэт үр дүнгүй зүйлд зарцуулжээ. Нэг ёсондоо хамгийн хариуцлагатай албан тушаал хашдаг Сангийн сайд  Б.Чойжилсүрэн төрөөс хулгай хийжээ. Уг нь түүний нэр дээр "Хурд Хүнс" ХХК, "Хурд Авто" ХХК, "Хурд групп" ХХК, "Рапид харш" ХХК, "Хаус инвест" ХХК, "Сауд гоби блейк" гоулд ХХК, "Апартмент Кей Эйч" ХХК, "Говь гоё сайхан" ХХК, "Өмнийн гоё" говь ХХК, "Хурд Транс" ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд  бүртгэлтэй байдаг. Гишүүд дундаа нэлээд хөрөнгөтэйд тооцогддог гишүүдийн нэг. Нэг үе 89 компанитай байж үзсэн хэмээн ярилцлага өгч байсан удаатай.  


Түүний “Хурд Групп” ХХК-ийн хувьд 2001 оноос хойш орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний компани Улаанбаатарын хамгийн үнэтэй А зэрэглэлийн бүсэд үнэтэй орон сууц барьж ашиглалтанд оруулсан гэдгийг ард түмэн мэднэ. Гэтэл Сангийн сайд маань төрийн мөнгөөр хувийнхаа машинд бинзен хийж, хэмнэсэн бололтой. Аль эсвэл түүний хувьд мөнгөгүй болтлоо ядуурсан уу. Сангийн сайдын  2016 оны ХОМ-оос харахад  түүний нэр дээр 25 компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна 2016 оны ХОМ-дээ хувьдаа машингүй гэж мэдүүлсэн 14 гишүүн байсны нэг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Хувьдаа 25 компанитай ч хувийн автомашингүй гэж бүртгүүлсэн Сангийн сайдад итгэх үү. Хийсэн ажил хэлдэг үг нь яаж зөрдөгийг доор дурьдах  ганцхан жишээнээс л харж болохоор байна. 2016 оны ХОМ-д хувьдаа автомашингүй гэж бүртгүүлсэн ч  Аудитын шалгалтаар хувийнхаа автомашинд улсын мөнгөөр бинзен хийсэн нь ил боллоо. 

Хувийн машиндаа шатахуунаа  хийж чадахгүй байгаа Сангийн сайдад Улсын сан хөмрөгөө хариуцуулах нь зөв үү. 

2014 онд мэдүүлсэн түүний ХОМ-ээс харахад хамгийн их орлоготой гишүүнээр  тодорч байсан. Тодруулбал, Б.Чойжилсүрэн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр аман хүзүүдэж байсан билээ. Өнөө цагийн Монголын тэргүүн баячуудын нэг, Төрийн сайдын албан тушаалыг хашиж буй энэ эрхэм сая төгрөгөөр бензин хийх бэл бэнчингүй явна уу. Эсвэл Төрийн сайд болохоор ямар ч хуулийн зөрчсөн болно гэж боддог юм уу. Төрийн мөнгийг хувьдаа завшихад хууль байдаг юм шүү Сангийн  сайд аа.

Чоно борооноор....

Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэн дуулиан шуугиантай байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал өнөөдрийг хүртэл нам жим болоогүй харин ч асуудал хурцдах тийшээ хандаж эхэллээ.  Учир нь өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг харъяа дарга нарт өгөөд байсан билээ. Энэхүү үүргийн дагуу  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж  авсан үйл явдал боллоо. Энэхүү үйл явдал нь Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо. ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өчигдөр  УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байсан нь олон нийтэд ил болоод байна. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон луйвар ил цагаандаа гарч төр хувийн өмчид халдаж байх зуур чоно борооноор гэдэг шиг үйл явдал болоод өнгөрөв. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдсон эхний өдрөө өөртөө 300 сая төгрөгийн автомашин худалдан авч, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ.Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай Нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс "Лексус 570" маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр худалдан авсан байна.  Шинэхэн захирлыг тансаглал үүгээр ч зогсохгүй нь. Түүнчлэн өөрийн байрандаа буюу хоёрдугаар хорооллын 11 дүгээр байрны 27 тоотод 24.6 сая төгрөгөөр супер засвар хийлгэж гангарсан байна. Чоно борооноор сэмхэн гэтэж байгаад дайрдагын жишгээр Төр хувийн хэвшлийг дээрэмдэж авах зуур Х.Бадамсүрэн захирал хурдан шуурхай хөдөлж хэд хэдэн шийдвэр гаргаад авчээ. 

Тодруулбал, Х.Бадамсүрэн захирал 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авто машин худалдан авах гэрээ хийсэн байна. Тус гэрээнээс харахад шинэхэн захирал хар өнгөтэй шинэ загварын "LEXUS LX570" автомашиныг худалдан авсан байна. Монголын ард түмнийг 40-өөд жил тэжээсэн үйлдвэрийг сонгуулийн мөчлөг тохиолдуулж луйвардаж, намаас тавьсан захирал нь яаж дураараа дургиж байгааг бид харж байна.  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиралд эрх баригчид хариуцлага тооцох уу, эсвэл хамтдаа хувааж идэх үү. Х.Бадамсүрэн захирлын энэхүү үйл явдлаас харахад Монголын эдийн засгийн манлай үйлдвэр “Эрдэнэт” наснаасаа эрт “дампуурч” байх шиг.

Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай, таван орлогч, долоон зөвлөхтэй болов

Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.

ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН НЭГ САРЫН ЦАЛИНГ 4000 ДОЛЛАР БОЛГОВ

 Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.

Х.БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН САРЫН ЦАЛИНГ 25 САЯ ТӨГРӨГ БОЛГОН НЭМЛЭЭ

ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.

Х.БАДАМСҮРЭНГ ТОЙРСОН ТАВАН ОРЛОГЧ, ДОЛООН ЗӨВЛӨХ!

 “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.

МАН-ын өнгөлгөө

МАН өнгөлөн далдлах, өөдлөн мацах Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн урьтал “ажиллагаа” ногоон гэрэл асчихлаа гэхчлэн ард түмнийг өөртөө эргүүлэх алхмыг алга ташилттай хамт эхлэв бололтой. АН дотоод сонгуультай дотроо бужигнах, МАХН нам жимхэн суух зуурт сайн мэдээ “580 сая ам.долларын өрөө хугацаанд нь дарлаа”, сайн мэдээ ”БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дууслаа. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна”, Япон маш хөнгөлөлттэй зээл авахаар боллоо хэмээн "сайн, сайн" гэх мэдээгээ эрчимтэй түгээсээр байна.

Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлал тун өндөр тул “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй” гэсэн имиж бүрдүүлчихэв.

УИХ-ын дарга М.Энхболд:-"Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ” ийнхүү хэлээд өмчлөөд “эзэн” нь суучихлаа. Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлал тун өндөр тул “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй” гэсэн имиж бүрдүүлчихэв.

Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:-“УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрхзүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.” хэмээн аль хэдийнэ дуугарчихсан.

Ерөнхий сайд ч хөдөө гадаагүй буухиалаад ам хэл хурц, төр л бүсээ чангална, Чалькогийн өрөө төлчихлөө гээд баатарлаг хариулттай, одоо 1072 хувьцаагаа амилуул гэсэн уяралттай “айл хэсэж” өглөө.

Тэгэхээр хаврын чуулганаар оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдчихвал хэний гавьяа болох вэ. МАН-ын гавьяа, “өмч” болж түмэнд дуурсагдах нь.

ОУВС-тай тохиролцоонд хүрсэн. Хөтөлбөрт хамрагдах уу, хамрагдана. Харин төсвийн тодотголыг шуурхай хэлэлцэхгүй унжирсан, сунжирсан, зунгааралдсан байдал нь МАН-ын бас нэг нүүдэл. Дөрөвдүгээр сарын эхээр болох ОУВС-гийн захирлын зөвлөлийн хурлаар оруулах асуудал нь аль хэдийнэ цэгцэрсэн. Хаврын чуулган эхлэнгүүт төсвийн тодотголоо хэлэлцсэн ч амжихгүй л болов уу.

Ерөнхий сайд ч хөдөө гадаагүй буухиалаад ам хэл хурц, төр л бүсээ чангална, Чалькогийн өрөө төлчихлөө гээд баатарлаг хариулттай, одоо 1072 хувьцаагаа амилуул гэсэн уяралттай “айл хэсэж” өглөө. Мэргэжлийн гэгдэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэлдсэнээс хойших дуншилттай удаан ажилласан нь өмнөх Засгийн газрын алдаа завхралыг монгол төрийн залгамж чанараараа нугалж, өр дарах менежмент, субботник хийсэн хэмээн тайлагнасан.

Энэ мэтчлэн ойрмог болсон үйл явдлаас харахад МАН-ынхан ханцуй шамлан шаламгайлж байгаа нь илтэд байна. 

Онцлох 30 ишлэл: Үндэстэн дамнасан аюул манайд цэцэглэж байна

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулж буй тус хэлэлцүүгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай илтгэл хэлэлцэж харилцан ярилцав.  Эдгээр итгэлээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг-

  1. Хэдэн жилийн өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүн жилд 20 бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд 200 болж нэмэгдсэн.
  2. 18-35 насныхан хэрэглэх нь зонхилдог. Сүүлийн үед насан хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид хэрэглэх нь тохиолдол гарсаар байна
  3. Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг.
  4. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.
  5. Манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй зохион байгууллагддаг.
  6. Хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд элбэг.
  7. Манай улс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч үйлдвэрлэгч 2 том оронтой хил залгаа оршдог.
  8. 18 сая хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг бол үүнээс  жилд Харин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч дундаас нэг жилд  70,000 хүн буюу өдөрт дунджаар 192 хүн  нас бардаг.
  9. 2345000 хүн хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай болсон гэж албан ёсны бүртгэлтэй  байдаг. Жилд дунджаар 243,000 мансуурагч, донтогч нэмэгддэг гэсэн тоо баримт байдаг байна. 
  10. БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казакстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3,  Грект 1, Болгарт 1, Славак улсад 1 нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбогдсон хүмүүс. 
  11. Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39 бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэл авсан. 
  12. Дэлхийд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсээс хамгийн бага нь 11 настай хүүхэд байсан байна.
  13. БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс /ICE /болон мансууруулах ургамлын гаралтай шавар /HASHISH/ бодис нийлүүлэгдэж байна.
  14. 2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэг 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргээс 30 буюу 37.9 хувиар, холбогдогч 55 хүнээр буюу 32.5 хувиар өссөн.
  15. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг дөрөв буюу 57.1 хувиар, холбогдогч дөрөв буюу 21 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  16. ОХУ-аас “Анданте” нэршилтэй эм орж ирж байна. Энэ эм нь эмийн сангуудаар энгийн эмийн адил худалдаалагдаж байна. “Анданте” эмийг 80.000-100.000 төгрөгөөр зарж борлуулах тохиолдол тасрахгүй байна.
  17. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын хилийн боомт, Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа  “Ми Ми” гэх нунтаг цагаан бодисын хэрэглээ сүүлийн үед ихссэн байна.
  18. 2014 оноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 38,3 килограмм Каннабис, 1,6 килограмм Мөс, 134 грамм Гашиш, долоон ширхэг экстази, 3542 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 0,4 грамм кокаин хураагджээ. Эдгээрийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 964,520,000 төгрөгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хууль бусаар зарагдсан байна.
  19. Монгол Улс нь Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
  20. Нийгэмд ядуурал үүсгэдэг хор хөнөөлтэй.
  21. Хар тамхи, мансууруулах бодис нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой, сөрөг нөлөөтэй.
  22. Дэлхий дээр 3300 гаруй төрийн бус байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  23. Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай.
  24. Дэлхий дээр 200 гаруй сая хүн хар тамхи, мансууруулах бодис идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ гаргажээ.
  25. Ямар бодис хэрэглэснээс нь шалтгаалж эхлээд их хэмжээгээр унтах эсвэл хэт сэтгэлийн хөөрөлд автах инээх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  26. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхээ эцэг, эхээ тохоо байдаг.
  27. Үндэстэн дамнасан аюул манайд цэцэглэж байна.
  28. Хар тамхи, мансууруулах бодисыг хувийн бизнестэй, санхүүгийн байдал тогтвортой хүмүүс хэрэглэх нь ихэссэн.
  29. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг тоо 19-25 насныхан 114, 26-35 насныхан 71, 35-аас дээш насны 33 хүн тус тус холбогджээ.
  30. Уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу, орчин үеийн техник, технологи хангалтгүй.

С.Жавхлан: Уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нээлтэд оролцож чадахгүйгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй. Үүнийг түмэн олондоо дуулгаж хүлцэл өчье. Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээсээ илүү уул, усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилмээр байна. Та бүхнийгээ ч монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун уулан дээр байх болно.  Бурхан халдун хайрхан дээрээ хэлсэн ярьсан хийсэн бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно" гэлээ. Ийнхүү маргааш хаврын чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцохгүй бөгөөд уул усандаа бүх үнэнийг өчих юм байна.

Т.Цогтод 20 жилийн хорих ял оноолоо

Төрсөн охиноо зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноожээ. 

Б.Чулуудай: Хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна

УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийнхөн талаар гарсан оффшорын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд болсон Оффшорын эсрэг жагсаалын үеэр УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл тэргүүтэй оффшор бүсэд данстай гэх нэр бүхий улстөрчдийг ил гарахыг шаардсан учраас энэхүү мэдээлэл хийж байгаагаа Б.Чулуудай онцолсон юм. Тэрбээр “Миний бие оффшор бүсэд 480 тэрбум битгий хэл 480 төгрөгч байршуулж байгаагаагүй. Тодруулбал би 480 тэрбум байтугай 480 төгрөг ч гадагшаа гаргаж үзээгүй.

Түүнчлэн намайг оффшор бүсэд данстай, их хэмжээний хууль бус гүйлгээ хийсэн гэж мэдэгдээд байгаа хүмүүс тэр баримтаа ил гарга. Би бэлэн байна. Үүнийг би дахин хэлмээр байна.

Харин 2011 оны зургадугаар сард оффшор компани байгуулсан нь үнэн. Гэхдээ оффшор данс нээгээгүй. Дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгээгүй.  Тиймээс үүнийг шалгаж өгөхийг хүсэж, хууль хяналтын байгууллагад хандсан” гэв.  Мөн би оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан эсэх талаар үнэн зөвийг заавал шүүх хяналтын байгууллагаар тогтоолгох болно. Хэрвээ намайг хууль хяналтын байгууллага шалгаад намайг оффшор бүсэд данстай, хууль бус мөнгө нуусан, татвараас зайлсхийсэн, гүйлгээ хийсэн нь тогтоогдвол би  хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Түүнчлэн намайг оффшор бүсэд данстай, их хэмжээний хууль бус гүйлгээ хийсэн гэж мэдэгдээд байгаа хүмүүс тэр баримтаа ил гарга. Би бэлэн байна. Үүнийг би дахин хэлмээр байна. Надад оффшор данс нээгээгүй. Дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгээгүй гэдгийг дурдсан юм. 

Меланиа Трампийн хөрөг зургийг Цагаан ордонд байршууллаа

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн гэргий нарын хөрөг зураг Цагаан ордонд байршдаг уламжлалтай юм. Тэгвэл АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трампийн гэргий Меланиа Трампийн хөрөг зургийг Цагаан ордонд байршуулсан байна. Үзэсгэлэнт тэргүүн хатагтайн зургийг  Регине Маукс авчээ.Тэргүүн хатагтай зургаа авахуулахдаа хар өнгийн хослол өмсч, 25 каратын алмаазан шигтгээтэй бөгжөөр гангарчээ.

Багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг эсэхийг шалгана

Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр дохионы хэлний багшийн чадварыг сайжруулаач гэсэн шаардлагыг сургуулийнхаа захиргаанд гаргаж хичээл хаяалт зарласан билээ. Тэгвэл Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн багш, ажилчид болон тэдний өмгөөлөгч Г.Батбаярын нар хэвлэлийн бага хурал хийлсэн юм. Тэдний хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь  шалтгаан нь энэ өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний  өдөр тус сургуулийн сурагчдын гаргасан шийдвэрийг хүлээн авсан гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ сарын 1-ний өдөр medee.mn сайтад тус сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог” гэх утгатай мэдээллийг нийтэлсэн нь ташаа мэдээлэл гэж тус сургуулийн багш нар болон сурагчдын эцэг, эхийн зөвлөл онцолсон юм. Улмаар тус нийтлэлийг бичсэн medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэгийг мэргэжлийн ёс зүйгүй ажилласан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандахаар болсон гэдгээ мэдэгдэв.  Түүнчлэн сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог гэх асуудлыг шалгаж байгаа учраас хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно гэдгийг дурдсан юм.  

Д.АлимааБид нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй

Өмгөөлөгч Г.Батбаяр: “Дөрөвдүгээр сарын 1-д “medee.mn” сайтад бичсэн шиг асуудал огт болоогүй. Гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Тус сайтын сэтгүүлч нь хөгжлийн бэрхшээлтэй, Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс ярилцлага авч, үүнийгээ орон даяар тарааж хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байна гэж үзэн цагдаагийн газар хандахаар болсон” гэсэн юм.  Улмаар тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч У.Уранцэцэг өөрийн утсанд хурааж сонсгоход “Завсарлагаа болгоноор охидыг илэх гэх мэт бэлгийн дарамт үзүүлдэг. 2-3 залуухан эрэгтэй багш байдаг” гэв. Тус бичлэгийн талаар 29 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Алимаа “Бидэнд дохионы хэлээр тайлбарлаж буй дүрс бичлэг хэрэгтэй” Бид нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй” гэсэн юм.  

У.Уранцэцэг: Өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч гарч ирдэг

Харин тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч У.Уранцэцэг ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Ярилцлага өгсөн хүүхэд өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч гарч ирдэг.  Багш нар хоорондоо янз янз болдог. Хүүхдүүдийн хооронд бол тийм юм байхгүй. Залуу багш нар ангиа түгжиж байгаад бэлгийн ажил хийдэг. Бас маш их архиддаг. Зарим багш нар хичээлдээ согтуу ирдэг. Амнаас нь их архи үнэртдэг. Бидэнд маш их хэцүү байдаг. Бидний хичээлийг эрт тараадаг. Эрт тарчхаад би нэг удаа ангидаа юмаа мартаад эргээд орсон чинь хоёр багш хаалгаа түгжээгүй, бэлгийн ажил хийж байсан. Би ичээд гараад явчихсан” гэж ярьж байсан гэв. Надад энэ хүүхдийн ярьсан яриаг хурааж авсан баримт бий гэсэн юм. 

О.Уртнасан: Хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж эцэг, эхийг нь дарамтлаагүй

Мөн ярилцлага өгсөн сурагчийн эцэг эхийг 29 дүгээр сургуулийн удирдлагууд дарамталж, ярилцлагыг устгуулахыг шаардсан тухай мэдээллийг “Мэдээ.мн” сайтын сэтгүүлч хэлж байсан юм. Энэ талаар ярилцлага өгсөн сурагчийн анги удирдсан багш О.Уртнасан  “Манай сурагчийн өгсөн нийтлэл энэ сарын 1-ний өдөр 11 цагийн үед нийтлэгдсэн байсан. Би анги удирдсан багш хүний хувьд ярилцлагыг уншсан тэр даруйдаа эцэг эхэд нь утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл эцэг, эх нь миний хэлсэн зүйлийг сонсоод гайхаж байсан. Эцэг, эх нь хүүхдээ ингэж ярилцлага өгсөн гэдгийг мэдээгүй байсан. Ингэж л сурагч А-гийн эцэг, эхтэй холбогдсон. Түүнээс биш хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж сүрдүүлсэн зүйл байхгүй” гэв. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment