Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ ноцтой хэрэг гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр гарч, тухайн өдөр сэжигтэнг шууд хорьсон байна. Тухайн өдөр Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан аж. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ 01.00 цагийн үед очоод эхнэртэйгээ маргалдаж ийм аймшигт хэрэг гарчээ. Талийгаач хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэртэйгээ маргалдаж эхлээд хоёр хүүхдээ гэрээсээ хөөн гаргаж, эхнэрээ зодож эхэлсэн байна. Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн мэдээллээр Онцгой байдлын офицер У сархад багагүй хүртчихдэг, уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг байсан аж. Түүний ах нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн, садан төрлийнх нь хүн цагдаад нь ажилладаг гэдгийг ч нутгийн иргэд ярив. Харин Талийгаач эхнэр нь Зүүнхараагийн Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байсан гэнэ. Талийгаачийг нөхөртэй зодуулж байхыг харсан том охин айж балмагдаж, цагдаад дуудлага өгсөн аж. Тун удалгүй цагдаагийн байгууллагын ажилтанууд ирсэн боловч, гэр нь дотроосоо түгжээтэй хаалгаа тайлж өгөхгүй байжээ. Цагдаагийн байгууллагын ажилтанууд ч шуурхай ажиллаж цонхоор нь дотогши нэвтрэн ортол, шалаар нэг цус нөж болсон байжээ. Хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд Угтахбаяр гэгч эхнэрээ олон удаа хутгалж хүн харахын эцэсгүй болгож, онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Хэргийн газарт ирсэн эмч нар, цагдаагийн ажилтанууд талийгаачийн цогцсыг харж чадахгүй нүд хальтрам дүр төрхтэй байсан гэнэ. Тухайн хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.