ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг хахууль авсан хэргийн талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, П.Ганхуяг тендерт оролцож буй компанийн захирлаас бэлнээр болон дансаар мөнгө авсан талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар мэдээлэл авахаар ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дараах хүмүүстэй холбогдлоо.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Доржоос энэ талаар тодруулахад “Би энэ талаар мэдэхгүй. Манай даргаас асуу” гэсэн хариултыг өглөө. Үүний дараа бид ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иштэй холбогдлоо. Тэрбээр “Би 2016 оны наймдугаар сард ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон. Тийм учраас би үүнийг мэдэхгүй. Манайд П.Ганхуяг гэж хүн ажилладаггүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад 2013 онд болсон үйл явдлын юм шиг байна. Би өнгөрсөн онд томилогдсон учраас мэдэхгүй” гэв.
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нийтдээ 9 мэргэжилтэн ажилладаг юм байна. Тодруулбал, Бэлчээрийн ургамал хамгаалал, малчдын хоршооны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Тэжээвэр амьтны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, Мал аж ахуйн салбарын эрсдэл, гамшгаас хамгаалах бодлого зохицуулалт, нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Наранчулуун, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дорж, Малын эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, Хөдөөгийн усан хангамж, уст цэгийн хайгуул, судалгаа, бэлчээрийн усжуулалт асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин, Тэжээлийн үйлдвэрлэл, түүний хадгалалт, боловсруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал Я.Батсүх нар ажилладаг юм байна.
Авлига өгсөн гэх П.Ганхуяг нь одоо Мал эмнэлэг үржлийн газрын даргаар ажиллаж байгаа аж. Бид Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягтай утсаар холбогдож тодруулахад "Надад авлига авсан асуудал байхгүй. Ташаа мэдээлэл байна. Шүүхийн шийдвэр нь аль хэдийн гарсан, ташаа мэдээлэл" гэсэн хариултыг өглөө.