“Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Шаардлага нь Оффшортой холбогдсон С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч прокурорын шатанд удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд албан ёсоор мэдээлэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг МУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд дарга бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар улс төрийн тусгай нөхцөл байдлыг соргогоор дүгнэн үзэж, оффшор данстай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд энэ сарын 10-ны дотор багтаан өргөн барихыг шаардсан хуудсыг хүргүүлэв. Мөн “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Батсайхан “ Өнөөдөр манай улс эдийн засгийн хүндрэлээс гарах ганц арга бол улсын баялгийг ард түмэнд тэгш хуваарилах юм. Ингэхийн тулд төрд шургалсан авлигач, оффшорчдыг эргүүлэн татаж цэвэрлэх ёстой. Тиймээс бид ”Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэв.
Улмаар тус хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлын дараа Төрийн ордонд очиж МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт шаардлагаа хүргүүлнэ гэдгээ онцолсон юм. Энэхүү шаардлагынхаа хариуг энэ сарын 12-ны өдөр авах юм байна. Шаардсан хугацаанд хариу өгөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг цаг авна гэсэн юм. Тус хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар 50 гаруй ТББ-ын нэгдээд байгаа бөгөөд 23 нь албан ёсоор нэгдэж тамгаа дарсан гэв.
Д.Нэргүй