8o
Улаанбаатар хот
mobile menu

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2017-04-07 09:43:28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар оролцов. Тэд 2018 онд Улаанбаатар хотод  зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ын талаар санал солилцлоо.  Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассер “Тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-ыг 2018 онд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь уг хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” маш амжилттай үргэлжилж байгааг хэлье” гэлээ.

Уулзалтын төгсгөлд хотын дарга С.Батболд “Улаанбаатар хотод болзошгүй газар хөдлөлт, гамшгийн эрсдэлийг үнэлэх, барилгын норм стандартыг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас техникийн дэмжлэг туслалцаа авах, энэ чиглэлээр харилцан хамтран ажиллах нь бидний хувьд их аз завшаантай явдал юм. 2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үеэр Улаанбаатар хот өөрийн сайн туршлагаас Азийн орнуудтай хуваалцах болно” хэмээн онцлон хэлэв.

Дэлхий дахинд байгалийн гамшгийн давтамж өсөн нэмэгдэж, түүнээс учрах хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах,  Сендайн үйл ажиллагааны хүрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын Конвенцын Парисын хэлэлцээр, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангуулах, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хандуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран энэ удаагийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.            

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment