8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гүрбазар: Жилд 0,3 сая га газар бэлчээрийн талбайгаас хасагдаж байна

2017-04-11 08:39:00

Монгол орны бэлчээрийн өнөөгийн байдал болон түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр, тэжээллэг химийн тэнхмийн багш, доктор Д.Гүрбазартай ярилцлаа.

-Бэлчээр гэж юу бэ. Өнөөдөр бэлчээрийн нөөц, хангамж нөхцөл байдал хэр байна вэ?

-Бэлчээр гэдэг нь ургамал, мал, нар, салхи, мал гэсэн таван бодьгалын нийлэмж. Үүнийг л бэлчээр гэж нэрлэж байгаа юм. Монгол орны нийт нутгийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг. Үүний 90-иад хувь нь буюу 120 орчим сая га талбай нь бэлчээрийн талбай гэж үздэг. Нөөц хангамжийн асуудал дээр сүүлийн байгаль цаг уурын дулааралыг дагаад хөрс, чийгийн асуудал багасч байна. Үүний хэрээр бэлчээрт ургах ургамалын тэжээллэг шинж чанар алдагдах, төрөл зүйл нь хомсдож байна. Дээрээ нь уул уурхай ашигт малтмал олборлолт, хот суурин газрыг нягтаршил хүн амын төвлөрөл зэргээс хамаарч бэлчээрийн талбай хомсдож байна. Жилд 0,3 сая га газар бэлчээрийн талбайгаас хасагдаж байна. Энэ нь бэлчээрийн хангамж, нөөцийг багасгаж байна. Манай орны бэлчээрийн талбай 3000 гаруй зүйлийн ургамал ургадаг гэсэн судалгаа бий. Үүнээс 1000 орчим нь жилийн малын хэрэгцээг хангадаг. Манай орны бэлчээрийн талбай 60 сая толгой малын даацтай. Энэ нь хонин толгойд шилжүүлсэн хэлбэр. Гэтэл өнөөдөр бэлчээрийн даац хоёр дахин нэмэгдээд байна.  

Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улирал, жилийн туршид бэлчээр ашиглах аргыг зөв сонгох, малыг бэлчээрт идэшлүүлэх аргыг зөв тодорхойлох, бэлчээрийн ургамалд нөөц шим тэжээлийн бодис хуримтлагдах, зарцуулагдах зүй тогтол, мал бэлчээх хугацааг зөв тогтоох,  арчилгаа, тордолгооны  арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой

-Бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ. Манайхан ашиглаж чадаж байна уу?  

-Бэлчээр Монгол Улсын оршин тогтнох үндэс гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй-

-Бэлчээрийг зөв ашиглах гэдэг нь мал сүргийг  цаг ямагт шимтэй өвс ургамал бүхий газар бэлчээж, тогтмол тарга хүчтэй байлгах малаас их хэмжээний бүтээгдэхүүн авахын зэрэгцээ бэлчээр дэх тэжээлийн ургамлын  ургац, тэжээлийн чанарыг бууруулахгүй он удаан жил ашиглах, үүний тулд  тэдгээр ургамлыг өсөж үржих нөхцөлөөр хангахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээний цогцыг хэлнэ. Манайхан хараахан зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд улирал, жилийн туршид бэлчээр ашиглах аргыг зөв сонгох, малыг бэлчээрт идэшлүүлэх аргыг зөв тодорхойлох, бэлчээрийн ургамалд нөөц шим тэжээлийн бодис хуримтлагдах, зарцуулагдах зүй тогтол, мал бэлчээх хугацааг зөв тогтоох,  арчилгаа, тордолгооны  арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал,  Бэлчээрийг сэрмүүлж ашиглах. Зуны дунд, сүүл, намрын эхэн  үед ашиглах бэлчээрийг хаврын  эхээр нэг удаа хөнгөн сэрмүүлж ашиглах  шаардлагатай байна. Учир нь эдгээр бэлчээрүүдийг огт ашиглалгүй зуны дунд  үе хүртэл орхивол тэдгээрийн тэжээлийн чанар буурахаас гадна идэмж нь эрс мууддаг. Иймээс нэг удаа сэрмүүлж ашиглавал уг  бэлчээрийн  ургамал хэнзлэн ургаж ашиглах үед тэжээлийн шинж чанар нь сайжирсан байдаг.   Бэлчээрийн усан хангамж. Манай улсад бэлчээрийн ус нь туйлын хурц асуудал болж байна. Шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд дундаж ундрагатай нэг худгаас хонь толгойд шилжүүлснээр 2800 малыг нэг хоногт услах тооцоо байдаг. Гэтэл сүүлийн үеийн зарим мэдээнээс үзэхэд нэг худагт 30000 хүртэл оногдож байгаа юм. Энэ нь малыг усалгааны горим ихээхэн зөрчилдөж байгааг харуулж байна. Үүнээс гадна бэлчээр талхагдах үндсэн нөхцөлүүдийн нэг болж байна. Одоо үед бэлчээр усжуулах мал сүргийн усан хангамжийн талаар санаа тавьдаг бодлого боловсруулдаг газар байхгүй болсон. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах нь асуудал манай орны өнөөгийн нөхцөлд нэн чухал асуудлын нэг болж байна. Бэлчээрийн жилийн дөрвөн улиралын усан хангамжийг сайжруулахад гар худаг гаргах, булаг шанд, шургасан усыг задгайлах нь хөрөнгө зардал, хөдөлмөр зарцуулалтын хувьд хамгийн оновчтой арга. Гэхдээ ганц нэг хүн хувийн чанартай түр зуур ашиглах байдлаар хийх нь төдий л үр дүнд хүрэхгүй.                      

-Мал бэлчээрт гаргах,  бэлчээрт мал бэлчээх хугацаа гэж байдаг гэж та сая ярилаа. Тэгэхээр мал бэлчээх хугацаа гэж  байдаг гэсэн үг үү?

-Бэлчээр ашиглах хугацаа нь тухайн бэлчээрийг бүрдүүлэгч ургамлуудын улиралын хөгжлийн хэм, биологийн онцлогоос шууд хамаарна. Энэ  нь юуны өмнө бэлчээрийн ургамлын ердийн өсөлт, зуны дээд ургацын  хэмжээ, ургамалд нөөцлөгдөх шим тэжээлийн хэмжээнээс шууд хамаарна. Иймд бэлчээр ашиглах хугацааг зөв тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл хавар бэлчээрийг ашиглаж эхлэх  хугацаа, намар бэлчээрийг ашиглаж дуусгах хугацааг зөв тогтоох хэрэгтэй. Хэрэв бэлчээрийн ургамлыг дөнгөж сэргэн ургаж байх үед нь мал идвэл, дөнгөж цухуйсан ургамлын нялх навч, найлзуур бүгд идэгдэж үүнээс хойш ургамал хэнзлэн ургахдаа үндсэндээ хуримтлуулсан нөөц бодисоо улам ихээр зарцуулахад хүрдэг. Тухайн жилээс эхлэн тэр бэлчээрийн ургац нь буурдаг байна. Харин ургамлын навч найлзуурын ямар нэгэн хэсэг үлдэхүйц болсон үед нь малаа бэлчээрлүүлбэл тэрхүү үлдсэн навч найлзуур нь төлжилт явагдаж органик бодис бий болоход оролцон ургамал цаашид хэнзлэн ургахад шаардагдах шимт бодисын нөөцтэй болж улмаар ургац буурахаа болино. Иймээс тухайн бэлчээрийн зонхилох ургамлын  бутлалт салаалалтын үе  шатанд малаа бэлчээж эхлэх нь зүйтэй. Зуны бэлчээр ашиглах үед анхаарах нэг зүйл нь нэгж талбайн тэжээлийн нөөцийн тэн хагасыг хөрсөн дээр үлдэж байхаар ашиглах нь зүйтэй. Намрын бэлчээрийн маллагаа нь тарга хүчийг чамбайруулахад анхаарах ба бэлчээрийг өдөр өдрөөр зурваслан хоньчлон хариулах ёстой байдаг. Намрын бэлчээрийг  ашиглаж дуусгах хугацааг тогтоохдоо ургамал дахь нөөц шим тэжээлийн бодисын хуримтлалыг сайтар анхаарах хэрэгтэй.  Учир нь намрын улиралд нөөц шим тэжээлийн бодисыг газар доорхи олон наст  хэсэгтээ сайтар хуримтлуулсан  ургамал дараа жилийн  хавар сайн ургадаг.  Намар орой бэлчээрийн ургамлыг хагдартал нь  малаа бэлчээрлүүлбэл ургамал нөөц шим тэжээлийн  бодисыг хангалттай хуримтлуулж чадахгүй юмуу  огт хуримтлуулаагүйгээс  араа жилийн хавар найлзуур үүсгэх чадвар муудсан тухайн бэлчээрийн ургац буурах  улмаар бэлчээрийн ургамлууд мөхөх үндсэн шалтгаан болдог. Тиймээс намрын бэлчээр ашиглалтыг 30 хоногийн өмнө хязгаарлах шаардлагатай. 

Монгол орны нөхцөлд  өндөр  уулын  бэлчээрийг 30 -36 хоногт нэг удаа хэнзлүүлж, хоёр удаа  ашиглана. Уулын ойт хээрийн  бэлчээрийг 28 -30  хоногт  гурван удаа хэнзлүүлж  дөрвөн удаа ашиглана. Хээрийн бүсэд 36-40 хоногт хоёр удаа хэнзлүүлж гурван удаа ашиглана.

-Бэлчээрийг хугацаанд нь ашиглах нь хэр чухал вэ?  

-Бэлчээрийг хавар, зун, намрын улиралд  давтан  ашиглах тоог  зөв  тодорхойлох шаардлагатай.  Бэлчээрийг олон дахин ашигласанаас болж  бэлчээрийн ургац буурч нөөц шим тэжээлийн бодисыг хуримтлуулах чадваргүй болж, цаашид нөхөн үржих чадваргүй болж доройтолд ордог. Иймээс тухайн бэлчээрийн  байгаль цаг уурын онцлог, ургамлын хэнзлэх  чадвар хугацааг харгалзан нэг төрлийн бэлчээрийг  давтан  ашиглах тоог тогтоодог. Ингэснээр хавар, зун, намрын  улиралд соргог бэлчээр  дагаж олон  дахин нүүлгүйгээр бэлчээрийг хагас суурьшилттай ашиглах боломжтой.  Монгол орны нөхцөлд  өндөр  уулын  бэлчээрийг 30 -36 хоногт нэг удаа хэнзлүүлж, хоёр удаа  ашиглана. Уулын ойт хээрийн  бэлчээрийг 28 -30  хоногт  гурван удаа хэнзлүүлж  дөрвөн удаа ашиглана. Хээрийн бүсэд 36-40 хоногт хоёр удаа хэнзлүүлж гурван удаа ашиглана. Цөлөрхөг хээрийн бүсэд  вегетацийн  хугацаанд  зөвхөн нэг удаа хэнзлүүлж хоёр удаа ашиглана.

-Цаашлаад монгол хүний идэж, хэрэглэх хоол хүнстэй шууд холбоотой бидэнд тулгамдаж буй асуудал-

-Бэлчээрийг зохистой ашишлахын тулд бэлчээрийн  ургамлын  малд идэгдэх өндөр, хэмжээ хугацаа байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бэлчээрийг зөв зохистой ашиглахын тулд ургамлын идэгдэх өндрийг тохируулах  хэрэгтэй.  Үүнийг тогтоохдоо бэлчээрийн ургамлын нөхөн сэргээх биологи онцлог, зүйлийн бүрэлдэхүүн, ургамлын нас, хөгжлийн үе шат зэргийг  харгалзан үзэх шаардлагатай. Нэг наст ургамлыг 2 -3 см хээр, уулын хээрийн  бэлчээрийн  ургамлыг  4-6 см  өндөрт, өндөр ургасан  уулын нуга, гол мөрний татмын нуга, таримал ургамлыг 6-7 см-ийн өндөрт идүүлбэл тохиромжтой. Ургамлыг хамгийн дээгүүр таслан иддэг мал үхэр, дараа нь адуу, хонь орно.  Эдгээрээс хамааран  нэг төрлийн бэлчээрт хэд хэдэн  мал бэлчээж ашиглах нь зохистой.

-Өнөөдөр бэлчээрийн талхагдалын байдал ямар хэмжээнд байна вэ. Шалтгаан талхлагдахад хүргээд байгаа хүчин зүйлс юу байна вэ?

Бэлчээр Монгол Улсын оршин тогтнох үндэс гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Ганцхан бэлчээрийн асуудал яриад байгаа зүйл биш. Цаашлаад энэ нь монгол хүний идэж, хэрэглэх хоол хүнстэй шууд холбоотой бидэнд тулгамдаж буй асуудал. 

-Монгол улс байгал цаг уурын эрс тэс уур амьсгалын хараат байдалд мал аж ахуйгаа эрхэлж ахуй амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай. Улс орон хөгжиж, хүн ам суурин амьдралд шилжихийн хирээр уламжлалт ахуй амьдрал мартагдан хүн байгаль дэлхийтэй зүй бус хандан уул уурхай ашигт малтмалын олборлолт, хотжилт нэмэгдэн экосистемийн бүтэц алдагдсны улмаас сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын дулаарал явагдаж байна. Мөн үүнийг дагаад мал маллагааны уламжлалт арга барил алдагдан малыг хэт олноор нэг нутагт адгуулах, тоон чанарт дульдан малыг өсгөсөн зэрэг нь байгалийн бэлчээрийг доройтолд оруулах гол шалтгаан болж байна. Мөн нутаг дэвсгэрийн 45 хувь нь уул уурхай, ашигтмал олборлолтын лицензид орсон байна. Сүүлийн 40 жилд манай орны шимт хөрсний үржил шим 2-3 дахин буурч, хөрсний элэгдэлд  нийт газар нутгийн 90 хувь өртөөд байна. Монгол оронд дулааны улиралд мал бэлчээрлүүлэн ашиглахад тохиромжтой томоохон гол мөрний сав, горхи, булаг элбэгтэй өргөн тавиун хөндий, хоолой зэрэг нутаг бэлчээрийг зөв ашиглаагүйн улмаас тэжээлийн үнэт ургамлууд нь тачир сийрэг болж мал муу иддэг буюу огт иддэггүй ургамлаар солигдож ургац буурч бэлчээрт доройтол явагдах гол шалтгаан болж байна. 

-Бэлчээрийн талхагдалыг хэрхэн тодорхойлох вэ?

-Бэлчээрийн талхагдалын зэрэглэл, хэмжүүр үзүүлэлтийг ургамлын тоосжилт, ондоошлын итгэлцүүр, дайралдац, арив, бүрхэц, хөрсний бичил биетийн тоон үзүүлэлттэй холбон тайлбар хийж болдог. Бэлчээрийн доройтлын шалтгаан үе шатыг зөв тодорхойлох нь ашиглах, хамгаалах, сэргээн сайжруулах, арга технологийг оновчтой боловсруулах бэлчээрийг унаган байдалд нь буцаан сэргээхэд чухал ач холбогдолтой. Бэлчээр доройтолд орж буйг илтгэх үзүүлэлт нь бэлчээрийн ургацын хөдлөл зүй, ургамлын зүйлийн бүрдэл, зарим зүйл ургамлын эзлэх хувиар тодорхойлж болдог.

-Бэлчээрийн доройтолд мэрэгч болон шавжийн нөлөө бий юу?

-Бэлчээр ашиглалтыг зохицуулалтгүй орхисноос үлийн цагаан оготны тархац өнөөдөр 20 аймагт 40 сая га бэлчээрийг хамарч үүнээс 18 сая га-д голомтлон тархжээ. Бэлчээрийн экосистемд хаана сэв сууж тэнцвэрт байдал алдагдана тэр орон зайг үлийн цагаан оготноо эзэлдэг хуультай. Иймээс үлийн цагаан оготны өсөлт бууралтанд хүний дам болон шууд нөлөө ихээхэн үүрэг. Жишээлбэл үлийн цагаан оготныг усгахдаа буруу арга тактик хэрэглэснээс оготногүй нутагт оготнотой болж тархах хүрээ нь хумигдах бус харин тэлдэг. Мөн оготноор хооллогч үнэг, хярсыг хэт олноор агнаснаас оготны голомт нэмэгддэг. Иймээс байгаль орчны доройтлыг багасгахыг тулд экосистемийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон ховор амьтан, ургамлын бүлгэмдлийг дангаар нь хамгаалж эсвэл хөнөөлт мэрэгчидтэй ганцаарчилж тэмцэх бус тэдгээрийн бүлгэмдэн тогтнох экосистемийг бүхэлд нь хамарсан гол хамгаалалтын системийг хэрэглэх нь зүйтэй байна.

- Бэлчээрийг зүй зохистой ашиг тухай  хууль дүрэм журам манайд бий юу?

-Бэлчээрийн тухай хууль одоогоор гараагүй байна. Нэг хууль дуншаад батлагдахгүй байна. Бэлчээрийн тухай хуулийг батлахад их ярвигтай. Бэлчээрийг хувьчлах юм бол дайн болно. Харин эзэмших, ашиглах тухай яривал арай өөр. Газрын тухай хууль, Нэн ховор ургамалын тухай хууль гэсэн хуульд ганц нэг зүйл, заалт байдаг. Үүнээс өөр хуулийн зүйл заалт, зохицуулалт байхгүй. Үүн дээр нэмж хэлэхэд Бэлчээр Монгол Улсын оршин тогтнох үндэс гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Ганцхан бэлчээрийн асуудал яриад байгаа зүйл биш. Цаашлаад монгол хүний идэж, хэрэглэх хоол хүнстэй шууд холбоотой бидэнд тулгамдаж буй асуудал. 

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл